Мэдээ мэдээлэл

Очирваанийн хурд-2009 Баруун бүсийн уралдаан

Монгол төрийн их шүтээн Очирваань бурхан заларсан Отгонтэнгэр уулаа сүлдлэн дээдэлсэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг “Хүрэн тал” гэдэг газар зохиогдсон “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан морины уралдаан ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө. Энэ уралдаанд Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн газар газрын олон сайхан алтан тууртууд тоосоо өргөсөн байна.

2012-05-21 16:40:57 - Дотоод

Тухайлбал Улаанбаатар хотоос МУТМУяач Ц.Дуламсүрэнгийн ахалдаг “Талын хүлэгч” гал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Батбаярын  ахалдаг  “Зоос” гал, “Босоо хүлэг” гал, МУТМУяач Э.Эрдэнэчулуун, МУМУяач Л.Цандэлэг, МУМУяач Д. Эрдэнэчулуун зэрэг олон уяачид хурдан хурц хүлэг морьдоо сойж ирсэн байлаа.
Энэ удаагийн баруун бүсийн даншиг наадмыг Завхан аймгийн засаг даргын тамгын газар зохион байгуулж ерөнхий ивээн тэтгэгчдээр үндэсний үйлдвэрлэгч “Жем интернэшнл” “Таван толгой транс”, “Хаан банк” болон энэ нутгаас төрөн гарсан бизнесменүүд оролцож түрүү морийг 10 сая төгрөгөөр, аман хүзүүний морийг 7 сая төгрөгөөр, айргийн 3, 4, 5-ын морьдыг тус тус 4 сая төгрөгөөр байлаа. Мөн наадмын нээлтэнд тус аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс гадна 99 морин хуурчийн тоглолт 99 хүүхдийн бүжиг болж Завхан аймагт зохиогдож байсан урьд урьдийн даншиг наадмуудаас нилээн онцлогтой сайхан наадам боллоо.

Азарга  
“Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан азарганы уралдаанд 140 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс
1-т: Завхан аймгийн Улиастай сумын уугуул “Шим” группийн захирал, МУМУяач Л. Цандэлэгийн “Даян түмний эх” алдарт Соёмбо хүрэн тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Соёмбо хүрэн азарга ийнхүү бүсийн наадамд 4 дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.  Соёмбо хүрэн азарга энэ цагт тодрон гарч ирж байгаа онц хурдан хүлгүүдийн нэг яах аргагүй мөн бөгөөд эцэг нь 1999 онд анхны “Говь шанх”-ын хурдад түрүүлж байсан Төв аймгийн Баян-өнжүүл сумын харъяат МУАУяач Жамбага хэмээх Жамбалсүрэнгийн алдарт Хандгай хүрэн азарга билээ. 

2-т: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул “Сонор трейд ХХК”- ын захирал Б.Энхболдын Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул бэлтгэл хурандаа Будын унаган хонгор азарга хурдаллаа. Хонгор халзан азарганы уяа сойлгыг МУТМУяач Ц.Дуламсүрэн тааруулсан бөгөөд өнөө жил Сүхбаатар аймгийн Асгат сумын наадамд түрүүлчихээд ирсэн юм байна.

           

3-т: Завхан аймгийн Сантмаргад сумын уугуул МУАУяач Д.Баасанжавын өнөө жил Завхан аймгийн Тэс суманд түрүүлсэн хонгор халзан азарга хурдаллаа.
4-т: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Орхон аймгийн харъяат МУМУяач “Чингисийн чулуу ХХК”-ны захирал Д.Чулуунбатын алдарт Буган хүрэн азарга хурдаллаа. Буган хүрэн азарганы амжилтуудаас дурьдвал: 2003 онд Хязаалан насандаа  Булган аймаг,  Эрдэнэт Хотын наадамд түрүүлж,  Архангай Аймгийн 80 жилд аман хүзүү. 2004 онд Соёолон насандаа Улсын шигшмэл өндөр бооцоот уралдааны аман хүзүү. 2003-2005 онд Хангайн Бүсийн Хаврын уралдаанд 6 түрүүлсэн. 2006 онд Тамирын Хурд бүсийн уралдаанд айргийн 3, Хөдөө Аралын Их Баяр Цэнгэл наадмын азраганы уралдааны аман хүзүү, Эрдэнэт Хот байгуулагдсаны 30 жилийн ойд айрагдсан. 2007 онд Дүнжингарав уралдааны аман хүзүү. 2008 онд Эрдэнэт Хотын баяр наадамд түрүү, Жаргалангын 30 жилийн ойн түрүү, Булган Аймгийн 70 жилийн ойн айргийн 3-т тус тус хурдлаад байгаа энэ цагийн хурдан буянгуудын нэг билээ.
5-т: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат Энхтөрийн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын угшилтай Итгэлт хүрэн азарга хурдалж наадамчин олноо баясгалаа. Хүрэн азарга өнөө жил Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлчихээд ирсэн хурдан буян юм байна.

Их нас
Их насны морьдын уралдаанд 240 гаруй алтан тууртууд тоосоо өргөж
1-т:  Увс аймгийн Зүүнговь сумын уяач Батмөнхийн өнөө жил аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн хавчиг хүрэн морь түрүүллээ. 
2-т: Өнөө жил улсын наадамд аман хүзүүдсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул “Сонор трейд” компаны захирал Б.Энхболдын МУ-ын тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн уяж хурдлуулсан “Егүзэр” хээр хурдалж үнэнхүү хурдан хүлэг болохоо дахин баталлаа.  “Егүзэр” хээр морь өнгөрсөн өвөл зрхиогдсон Дүнжингарав-2009, Сэлэнгэ-2009 хаврийн бүсийн уралдаануудад нэгэнд нь түрүүлж нэгэнд нь айрагдсан. Мөн өнгөрсөн жил болсон Заамар-2008 төвөийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан  ажнай билээ. 
3-т: Завхан аймгийн Тэлмэн сумын уяач Насанбатын өнөө жил аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн “Аварга” хээр морь.
4-т: МУ-ын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны бор халзан морь хурдаллаа. Бор халзан морины хувьд Хэнтий аймгийн Баянхутаг сумын гаралтай хурдан буян бөгөөд Их Монгол Улс байгуулагдсаны 800-н жилийн ойгоор соёолон айрагдаж, Тамирын хурд наадамд мөн айрагдаж Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд 2 ч айрагдаад байгаа идэрхэн хурд билээ. Олон түмэн говийн хутагт Тагарваагийн бор халзан гэдгээр нь сайн таних бизээ.   
5-т: Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уугуул ААУяач Отгоннасангийн хурдан  бүүдэн бор морь тус тус хурдалсан байна. Бүүдэн морины хувьд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Чогсом гуайн унаган буян бөгөөд Өвөрхангай аймагтаа 5 түрүүлж баруун болон төвийн бүсийн наадмуудад олон айрагдаж түрүүлсэн хурдан ажнай билээ. Өнөө жил Өвөрхангай аймаг болон Хайрхандулаан сумын наадамдаа түрүүлчихээд ирсэн юм байна.

Соёолон
Соёолон насны морьдын уралдаанд 180 гаруй хурдан хүлэг хурд хүчээ сорьж
1-т: Өнөө жилийн улсын наадмын түрүү Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Батбаярын Зоос бор түрүүллээ. Бор үрээний уяа сойлгыг Өвөрхангай амгийн Өлзийт сумын харъяат Нислэлийн алдарт уяач олноо дааган Цэндээ гэж алдаршсан Цэнд-Аюуш уяач тааруулдаг бөгөөд бор үрээ өнгөрсөн жил АХ-ын 87 жил төрийн их баяр наадамд аман хүзүүлж  Заамар-2008 төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан  ажнай билээ.
2-т: Улсын наадмын айргийн дөрөвт хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын Дорнод угшилтай ногоон үрээ хурдаллаа.
3-т: Өнгөрсөн жил улсын наадамд айрагдаж байсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул УЕПГ-ын орлогч дарга Б.Цэрэнбалтавын Тогоруу угшилтай зээрд үрээ хурдаллаа
4-т: Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хязаалангийн түрүү Энэбишийн Ганбатын эрлииз өсгий цагаан хээр үрээ соёолонтой уралдаж үнэнхүү хурдан хүлэг болохоо баталж айрагдлаа.
5-т: Улсын наадамд гуравт хурдалсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Бадарчийн унаган яруу найрагч Н.Лутбаярын шарга хурдалсан байна. Шарга үрээний уяа сойлгыг МУТМУяач Ц.Дуламсүрэн тааруулжээ.

Хязаалан
“Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан хязаалангийн уралдаанд 140 гаран хурдан хүлэг тоосоо өргөж
1-т: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Чингисийн чулуу ХХК”-ны захирал манлай уяач Д.Чулуунбатын зээрд үрээ түрүү мангай боллоо. Зээрд үрээ өнгөрсөн жил шүдлэндээ Булган аймгийн 70-н жилд айрагдаж, даагандаа Эрдэнэт хотын 30-н жилд мөн айрагдаж байжээ.
2-т: Мөн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Чингисийн чулуу ХХК”-ны захирал Манлай уяач Д.Чулуунбатын төрсөн ах МУАУяач Д.Жаргалын бор үрээ хурдалж ах дүү 2 одтой сайхан наадлаа. Бор үрээ өнгөрсөн жил шүдлэндээ Заамар-2008 төвийн бүсийн уралдаанд айрагдаж, Булган аймгийн 70-н жилд аман хүзүүдэж, даагандаа Эрдэнэт хотын 30-н жилд түрүүлж, "Хотгойдын хурд-2007" хангайн бүсийн уралдаан, “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдаануудад айрагдаж байжээ.
3-т: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул  Ганзоригийн өнөө жил сумынхаа наадамд түрүүлсэн Дорнод угшилтай хүрэн үрээ хурдаллаа
4-т: Завхан аймгийн Улиастай сумын уугуул МУМУяач Л.Цандэлэгийн даагандаа “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд айрагдаж байсан зээрд үрээ  хурдаллаа.
5-т: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Содномцэрэнгийн хонгор үрээ тус тус хурдалжээ. 

Шүдлэн
Шүдлэнгийн уралдаанд 150 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс
1-т: Тод манлай Ц.Дуламсүрэнгийн уясан Ховд аймгийн Алтай сумын уугуул “Торгоны зам”-ын Гантөмөрийн хүрэн өнгөрсөн жил “Алтан овоо”-ны төрийн тахилгын их наадамд айрагдсан Хэнтий аймгийн угшилтай хүрэн үрээ түрүүллээ
2-т: Завхан аймгийн Улиастай сумын уугуул “Шим” группийн захирал, МУМУяач Л. Цандэлэгийн хонгор халзан хурдаллаа
3-т: Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат Дамбажавын өнөө жил Дундговь аймгийн Адаацаг сумын 50-н жилд түрүүлсэн өөрийх нь хурдан бор азарганы төл хурдан хээр үрээ нь хурдаллаа.
4-т: Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уугуул МУТМУяач Э.Эрдэнэчулууны алдарт түмэн эх Шарга азарганых нь гал үр зээрд үрээ хурдалсан байна.
5-т: Мөн алдарт түмэн эх Шарга азарганы  гал үр Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Нэргүйбаатарын шарга үрээнүүд тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Даага
Наадамчин олны хамгийн ихээр үзэх дуртай хамгийн хөөрхөн, өхөөрдөм дааганы уралдаан 164 хурдан хүлэг тоосоо өргөж
1-т: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУТМУяач Э.Эрдэнэчулууны алдарт түмэн эх Шарга азарганых нь гал үр хурдан хээр даага хурдалж хурсан олныг баясгалаа.
2-т: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Доржпүрэвийн Хөвсгөл аймагтаа түрүүлсэн сартай хүрэн даага хурдалсан байна.
3-т: Дундговь аймгийн Луус сумын харъяат өнгөрсөн жил төрийн их баяр наадамд хурдан хар морио түрүүлгэж байсан МУМУяач Д.Эрдэнэчулууны зээрд  даага хурдалжээ.
4-т: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Доржпүрэвийн хонгор даага хурдалж Доржпүрэв уяач 2 даагаа айрагдуулж сайхан наадлаа.
5-т: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Отгонбаярын Сүхбаатар аймгийн Асгат сумын угшилтай өнөө жил аймагтаа болон Тэс сумын 50-н жилийн ойн наадмуудад түрүүлсэн улаан буурал даага тус тус хурдалж хурсан олныг баясгалаа.
Ийнхүү “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн хурдан морины уралдаан  ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөн Тэсийн голын унагаараа алдартай Завханчууд нутгийнхаа дэвжээн дээр одтой сайхан наадацгааж 2 түрүү 12 айраг авлаа.     

            

Соёолонгийн уралдаанд Орхон аймгийнхан одтой наадав Энэ уралдааны соёолон насны морины уралдаанд 284 хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхдүүд Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхэд