Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрхэм хүндэт уяачид, морьтон түмэн, хурдан морины зүтгэлтэн, Цовоо сэргэлэн уралдаанч хүүхдүүд, хүлэг моринд хайртай хайртай нийт ард иргэддээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын нүүдэлчин ахуй, үндэсний соёлын нэгэн чухал хэсэг нь морьтон Монголчууд билээ. Эрт үеэс өвөг дээдэс минь уудам хээр талдаа хүлэг морио дээдлэн, дэлхийн түүхийг морины туурайгаар тамгалсан аугаа түүхтэй ард түмэн. Монгол адуу, монгол уяачийн ур ухаан, тэсвэр хатуужил бидний өв соёлын салшгүй хэсэг бөгөөд өнөөдөр ч бид энэ өв соёлоо нандигнан хадгалж, уламжлуулан хөгжүүлсээр байна.

Хурдан морины уралдаан бол нүүдэлчдийн амьдралын хэв маяг, төрт ёс, эв нэгдэл, бахархлын илэрхийлэл юм. Өвөг дээдсийнхээ уламжлал, эрдэм ухааныг бид өнөө цагт өвлүүлэн авч явах үүрэгтэй бөгөөд монгол морины тэсвэр, хурд, уяачдын эрдэм чадвар нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц хөгжиж байгаад бахархахгүй байхын аргагүй.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо нь үндэсний морин уралдааны уламжлалыг хадгалан хамгаалах, цаашид хөгжүүлэх, уяачдын эрх ашгийг хамгаалах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Цаашид ч бид энэ ариун үйлсээ үргэлжлүүлэн, улам бүр хөгжүүлэн, үндэсний морин спортыг дэлхийд таниулахын төлөө хүчин зүтгэх болно.

Түүнчлэн энэ жил бидний хувьд онцгой жил болж, "Уралдаанч хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах жил" болгон зарласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нүүдэлчин соёлын өв тээн үлдэх ирээдүй хойч маань болсон уралдаанч хүүхдүүдийн эрхийг дээдлэн, тэдний аюулгүй байдлыг бүрэн хангах, хамгаалах нь бидний нэн тэргүүний үүрэг юм. Энэ хүрээнд уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгслийн стандартыг шинэ түвшинд хүргэх, уралдааны зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр олон чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Эцэг эх, уяачид, зохион байгуулагчид та бид хамтдаа хичээн ажиллаж, уралдаанч хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд уралдуулж, монгол адууны хурд, уяачийн эрдэм, морьтон соёлоо ирээдүй хойчдоо өвлүүлэхийн төлөө зүтгэцгээе!

Эрийн гурван наадмын бахархал болсон хурдан морины уралдаанд уяач та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн эрхэм хүлгүүд эрч хүчээ гайхуулан хурдалж, уралдаанч хүүхдүүд эрүүл энх, баяр баясгалантай уралдах болтугай. Монгол түмний хийморь бадарч, морьтон заяа мөнхөд жаргахын ерөөл өргөе.

Морьтон Монголын хийморь өнөд бадартугай!

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Д.ДАГВАДОРЖ