“ШАРГА НАДАД ИРЭХ ГЭЖ Л ИРСЭН ШИГ БАЙГАА ЮМ”...
“Амгалан төрийн ажнай шарга”-ын эзэн, Мон-Уран ХХК-ийн захирал Б.Наранхүүтэй энэ жилийн улсын их баяр наадмын азарга ирсний дараахан Хүй долоон худаг дахь уяан дээр нь очиж уулзан аугаа шарга азарганых талаар товчхон хөөрөлдлөө.
-Цуутай шарга азарга өөрт чинь ирсэн түүхийг яриулмаар байна. “Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон-Уран” компанийн захирал Наранхүүгийн шарга” гэж цоллуулаад бас ч гэж нэлээн олон жил боллоо шүү.
-Шарга бид хоёр бие биенийгээ олоод арав орчим жил болж байна. Анх Сүхбат аварга л хэлж ярьсан юм. “Нараа чи морь ав” гээд...Тэгээд энэ сайхан Халхын хурдан буян, Халхын том уяач хоёр зэрэг ирсэн явдалд маш их баяртай явдаг.
-Өөрөө тэр үед морь хар тэгж сонирхож эхэлж байсан хэрэг үү? Шарга тэр үед ямар насны адуу байсан билээ?
-Яг үнэндээ тэр үед морь мал ч гэж сайн мэдэхгүй. Хурдан ч гэж мэдэхгүй л авсан. Анд маань хүсэлт тавьснаар найздаа туслаад л худалдаж авсан хэрэг. Нэг л нарийн учралаар учирсан юм. Надад ирэх гэж л ирсэн юм шиг байгаа юм. Шарга тэр үед шүдлэн үрээ байсан юм байна.
- Хурдан сайхан буян гэдгийг нь сонсоод өөрөө тэр дороо л очиж хараа байлгүй.
-Би хязааланд нь очиж харсан. Морьдоо барьж ёслох гээд байна, уяан дээр нэг ирээч гэж эд нар маань дуудаад... Тэгж анх очиж харж байлаа. “Өнөө худалдаж авсан морь чинь энэ шүү” гээд байдас харуулсан ч ялгаж, таньж мэдэхгүй тийм л хүн байлаа шүү дээ, тэр үед чинь.
-Өөрт ирсэн мориныхоо барааг жилийн дараа харж байдаг, та бас л амгалан хүн юм. Шарга, соёолондоо Улсын наадамд сайхан түрүүлснийг нь санаж байна. Тэр наадам дээр таны нэр дээр анх цоллуулж байсан санагдана.
-Соёолондоо улсад түрүүлээд ирлээ. Тэр үед аав минь амьд сэрүүн байлаа. “Хүүгийнхээ морийг улсын наадамд түрүүлээд ирэхийг харах ямар сайхан юм бэ?” гээд нүдэнд нь нулимс мэлмэрээд хэлж байсан юм. Аавын маань тэр хэлж байсан үг, тэр дүр төрх хэзээ ч мартагдахааргүй. Тэр цагаас хойш шарга маань биднийг мөн ч олон баярлуулсан даа.
-Танд ирээд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү аваад байна даа?
-Таван түрүү, хоёр айраг аваад байна.
-Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд түрүүлээд ирэхэд таны сэтгэл үнэхээр их хөдөлсөн байх. Эзэн хүн нь битгий хэл энгийн, наадам үзэж суугаа хэн хүн хөөрч дэврэхээр үйл явдал болсон л доо. Монгол төрийн их баяр наадамд зургаа дахь удаагаа түрүүлээд ирэхэд хэн ч тэгж догдлоно л доо? Монголын хурдан морины түүхэнд гараагүй үнэмлэхүй дээд амжилт юм билээ.
-Үнэхээр баярлаж хөөрөхөөс аргагүй юм л даа. Би ч баргийн юманд дэвэлзээд байдаг хүн биш. Түрүүлээд ирэхэд нь гэргий мэлмэрүүлчихсэн байхыг хараад өөрийн эрхгүй нулимс асгасан. Манай Эрдэнэчулуун уяач ч дорхноо л асгадаг юм чинь. Шаргыг түрүүлээд ирэхэд баярлаж хөөрдөггүй монгол хүн гэж байхгүй байх аа.
-Дундговь аймгийн 60 жилийн ойгоор та шарга азаргаа нутагтаа аваачиж уралдуулсан. Тэр наадамд ойгүй хол тасарч ирж билээ. Тэхэд уяа сойлго нь ч магад нэг ханасан байсан байх?
-Манай Эрдэнэчулуун манлай л ярьдаг юм шүү дээ, “Би шаргыг хоёр удаа онцгой сайн уясан” гэж. Нэг нь таны саяын хэлдэг Дундговийн 60 жилээр. Нөгөө нь уржнан жилийн наадмаар гэж. Уржнангийн наадмаар бас хол тасархай ирсэн. Хичнээн тасархай ирсэн ч дандаа тарлаж орж ирдэг адуу л даа.
-Энэ жил шарга азаргаа уяж сойсонгүй, уралдуулсангүй. Сая азарга уралдаад ирлээ. Сэтгэл санаа тань ямар байгаа бол?
-Өнөөдөр азарганы уралдаан үзэж явахдаа өөрийн эрхгүй л бодож явлаа. Шаргыгаа давхиулсан бол яаж давхих бол гэж.. Монголын ард түмэн ч бас шаргыг үгүйлж байх шиг санагдсан.
-Морь барианы газар миний хажууд суусан хотын залуухан бүсгүй “Шарга азаргыг харах гэж ирсэн чинь уралдаагүй юм байна” гээд урам муутайхан байна лээ. Ард олон үнэхээр үгүйлж байна лээ шүү.
-Ирэх жилийн наадмаар уралдуулна аа. 90 жилийн ойгоор ард түмэн маань шарга азаргаа дахин харах болно.
- Шарга азарга ямархуу ааш авиртай вэ? Хурдан хурц адуу голцуу ааштай талдаа л байдаг даа?
-Их номхон. Засаагаар нь оролдож байсан ч яах ч үгүй. Хажуугийн азарга морьдыг бол хавьтаахгүй. Чихээрээ л айлгана. Өвс идэж байгаад нэг хулмалзахад баргийн адуу ойртохгүй.
-Үнэхээр өөр, онцгой адуу гэдэг нь илт мэдрэгдэнэ биз?
-Ямар ч салхи шуурга болж байсан сөрөөд л зогсож байна. Хамт байгаа бусад адуу салхины уруу хараад бээвийж байхад ганцаараа салхи сөрөөд сэгнийгээд байж байна. Эрдэнэчулуун манлай маань ярьдаг юм. Гүү хурааж байх үедээ зэрлэг талдаа гэж. Бусад азарга, үрээг тасдаад хаячих дөхдөг гэж. Бусад үед бол хачин номхон, дөлгөөн шүү дээ.
-Таны шарга 2000-2009 оны хооронд улс бүсийн уралдаануудад 10 удаа түрүүлж, 4 удаа айрагдсан. Үүнээс зөвхөн улсын наадам буюу Монгол төрийн наадамд 6 түрүүлж, хоёр айрагджээ. Түүнээс гадна Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Ийм гайхалтай амжилт үзүүлсэн хүлэг Монгол наадмын түүхэнд үгүй юм билээ. Энэ амжилт таны бас хийморь золбо, хүч чадалтай холбоотой байх гэж би боддог юм.
-Ер нь тэгээд морь уяна гэдэг бол миний ойлгож буйгаар маш олон хүний хүч хөдөлмөр шавхсан тийм ажил. Шарга азарга хэдий сайн байсан ч тэгж нарийн сайхан уяна гэдэг бол манай Эрдэнэчулуун уяачийн ач гавьяа, үе үед нь унаж хурдлуулж байсан унаач хүүхдүүдийн ач гавьяа. Тэрний цаана өвөл зунгүй харж хандаж байдаг адуучдын маань хүч хөдөлмөр байгаа. Энэмэтчилэн маш олон хүний хүч хөдөлмөр нийлж байж энэ амжилтанд хүрдэг юм байна гэж ойлгож явдаг.
-Нэг хэсэг нь “Эрдэнэчулууны шарга” гэдэг. Зарим хэсэг нь “Наранхүүгийн шарга” гэлцдэг. Яг аль нэрээр нь нэрлэвэл зөв юм бэ?
-За Наранхүү шарга хоёрыг бол салгаж бодож болох байх. Эрдэнэчулуун шарга хоёрыг бол үнэхээр салгаж болохгүй. Тийм зүйл байгаа юм. Би бол өдөр болгон шаргынхаа бичлэгийг тавьж үздэг. Сэтгэлдээ байнга бодож явдаг хэдий ч яг тэр цасан шуурганд нь, хүйтэн ширүүн бороонд нь хамт байж, өөрийнхөө амьдралын ихэнх хэсгийг зориулж байгаа хүн бол Эрдэнэчулуун. “Эрдэнэчулууны шарга” гэхэд ч сайхан сонсогддог. “Наранхүүгийн шарга” гэж ярихад ч сайхан сонсогддог. Энд бол нэг их ялгаа байхгүй юм шиг санагддаг.