Мэдээ мэдээлэл

Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 10.000 морьтон Монголчуудын их жагсаал

Энэ өглөөний нар тогтуун мандав.

Аргын тооллын 2013 оны 8-р сарын 9. Энэ өглөөний нар тогтуун мандав.  9 улаан мэнгэтэй, шүтэн барилдлага нь Сансар, Балжиннямтай өдөр байлаа.  Эртний домогт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэнжид  нутаг нутгаас  ирсэн олон уяачид ирж буудалласан байв. Алаглан буусан уяачдын асар майхан, гэрүүдийг алсаас харахад  цэцэгт талыг санагдуулнам.  Нутаг нутгийн уяачдыг аймаг аймгаар нь нэгэн газарт хуарлан буулгаж, зохион байгуулсан байлаа. 
Өглөө  5 цаг гэхэд 10.000 морьтон Монголчуудын их жагсаалд оролцох уяач, жагсагчид уяа уяан дээрээ морьдоо эмээлцгээн жагсаалдаа бэлдэцгээж байгаа  харагдлаа.
 6 цаг гэхэд Дорноговийн уяачид, жагсагчид  туг сүлдээн залж хамгийн түрүүнд бусдыгаа уриалан мордоцгоож  жагсах талбайн зүг хөдлөв. Аймаг сумдынхаа  туг сүлдийг дээдэлсэн морьтоны их жагсаал уяа уяан дээрээсээ эмх цэгцтэйгээр гарааны зүг хөдөлсөн юм.
 Морьтоны их жагсаалд 2 нас 8 сартай Үүрцайхын Гэрэлт-Од хүү аавдаа хөтлүүлээд жагсаалд оролцож байсан бол 90 гаруй настай Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Данчоймболын Гунгаадаш гуай морио унаж оролцож байлаа.

Жагсаал жигдрэв


Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос санаачилан зохион байгуулж буй 10.000 морьтон Монголчуудын их жагсаал 10 цаг 30 минут гэхэд жигдэрч жагссан байлаа. 
Бүрээн дуу  гурвантаа хадахад  10.000 морьтон Монголчуудын их жагсаалын хөтлөгч  Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  Чулуунбат: ... Анхаараарай, Анхаараарай. Манай микрофон Улаанбаатар хот Хүй долоон худагт дахь морин уралдааны талбайд байрлаж байна. Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 10.000 морьтоны Монголчуудын их жагсаалыг дамжуулахаар Монголын Радио, Телевизүүдийн станц, сансарын холбоо ажиллаж байна. Цэнхэр гаригийн 6 тэрбум хүний нүд, чих  хөх толбот Морьтон Монголчууд руу чиглэж байна.  
                  Хамаг Монголын их хээр талаас
                 Хүлэг морьтонгууд нэгэн дор цугларлаа 
                 Хаан их төрийн минь 
                 Хас эрдэнэ хүлэг морьтонгууд жагсжээ. 
Эх орны тусгаар тогтнол, Дайн байлдаанд монгол  хүний үнэнч хань нь болж, хатуу ширүүнийг эрслэн цэгцлэн туулсан монгол морь бол  Унаган эзэн, унадаг жаахан хүүхдэдээ бол хүзүү сунган үнэрлэн үүрсдэг билээ. Дэлхийн талыг туурайн хээгээрээ тамгалсан эцэг өвгөдийн их түүхийг түүчээлсэн Монгол морьдын  халуун амьсгаа, Монголчуудын их омогшил доор байгль дэлхий, уул ус газар нутаг, монгол хүний ид хав   сэрж бадран гийлээ гэж зарласнаар албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэсэн юм. 
Хагас саран хэлбэрээр аймаг аймгаараа жагссан их жагсаалын рапортыг  Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 10.000 морьтон Монголын их жагсаалыг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Зохион байгуулах хорооны дарга, Монгол улсын Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдод өгөв.
Үүний дараа морьтон Монголчууд, монголын уяачид:..” Монгол уяач”-ийн тангараг өргөх ёслол болов.
Монгол улсын Тод манлай уяачид, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, хөтлөгчийн хамт монгол уяачийн тангарагийг хамтдаа  нэгэн дуугаар уншив.

Монгол уяачийн тангараг:


Уяач би: 
Монгол улсын Үндсэн хууль, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрмийг чандлан сахиж, Монголын үндэсний их өв соёл, хурдан морины уралдаан, ёс заншил,өв уламжлалыг нандигнан хайрлаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө  оюун ухаан, эрдэм чадал,  ёс суртахуунаа харамгүй зориулж явахаа. Тангараглая.
Уяач би:
Уралдаанч хүүхдээ хайрлан хамгаалж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.
Уяач би:
Монголын эрийн гурван наадмын дэг жаяг, уяач бидний уяж хурдлуулсан хүлэг морьдын уралдааныг ард түмэн үзэн баясдаг уламжлалыг сахин хамгаалж явахаа.  Тангараглая. Монгол уяачийн тангараг өргөсний дараа Монгол улсын  ТӨРИЙН ДУУЛАЛ эгшиглэж,
10.000 морьтон Монголчуудын их жагсаал  барианы зүг нэгэн тугийн доор хөдлөв.

Монгол наадмыг НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО-д бүртгүүлэв

Нүүдэлчин Монголчуудын их өв соёл, Монголын эрийн гурван наадмыг 2010 онд  НҮБ-ын соёлын байгууллага “ЮНЕСКО”-д хүн төрөлхтөний биет бус өв соёлоор бүртгүүлсэн юм. Монголын эрийн гурван наадам, тэр дундаа Монголын үндэсний хурдан морины уралдааныг хүн төрөлхтөний биет бус өв соёлоор бүртгүүлэхэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо уйгагүй сайн ажиллаж бүртгүүлсэн билээ. Монголчуудын дараагийн дэлхийн дээд амжилт  бол Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх байлаа.

Их жагсаал барианд оров


10.000 морьтон Монголчуудын их жагсаалын түрүүч барианд орж ирэхэд Монгол төрийн далбааг мандуулсан залуу эрийн хар морь тэнгэрт цойлж цоройход үзэгч олны уухайн дуу нүргэлэв.  Аймаг аймгаараа жигд жагссан жагсаалыг Дэлхийн Гиннесийн байгууллага,    төв оффис Лондонгоос хүрэлцэн  ирсэн шүүгч, хатагтай   Лучия Синигаеси шүүгчдын хамт шүүсэн билээ. 10.000 морьтон Монголчуудын их жагсаал өдрийн  14 цаг гэхэд барианд бүрэн орж дуусав. Жагсаалаас үлдэж хоцорсон, гарч явсан нэг ч хүн байхгүй байлаа. 
Тооллогын дүнг сэтгэл даран хүлээв
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо  монгол дээл хувцастай, эмээл хазаартай 10.000 морьтон жагсааж Дэлхийн дээд амжилтыг эвдэж, эзэмшигч болохоор зорилго тавьж бэлтгэлээ ажлаа хангаж ажиллаж ирсэн билээ. 2008 онд Колумб улс 8233 морьтон жагсааж дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байжээ. Энэ амжилтыг эвдэх, морьтон Монголчуудын нэр сүрийг дэлхий дахинаа зарлан тунхаглах үүднээс ММСУХолбоо өөрийн 21 аймгийн салбар холбоо, 330 гаруй сум, дүүргийн уяачдын холбоогоороо дамжуулан энэ ажлыг зохион байгуулж байгаа билээ. Их жагсаалд оролцсон хүн бүр жагсаалд оролцогчдын эцсийн дүнг сэтгэл даран хүлээж байлаа. Хөтөлбөр ёсоор 16 цагт тооллогын комисс албан ёсны нэгдсэн дүнг зарлах ёстой юм.

Дүнг зарлав


10.000 морьтон Монголчуудын их жагсаалын тооллого дуусч  шүүгчид эцсийн нэгдсэн дүнг хэлэлцэж олон улсын эрхтэй хөндлөнгийн аудитын компани хянаж тамга дарж, гарын үсэг зурснаар  жагсаалд оролцогсдын албан ёсны нэгдсэн дүнг зарлах эрх нь нээгддэг  журамтай юм билээ.
Өдрийн 16 цагт тооллогын комисс тайзан дээр гарч  11.125 гэсэн албан ёсны нэгдсэн дүнг зарлаж, морьтон Монголчууд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болсноо түмэн олондоо зарлав. Газрын хол усны уртыг туулж ирсэн хөдөөгийн малчид, уяачид, хурдан морь сонирхогч, хурдан морины зүтгэлтнүүд энэ баярт мэдээг дуулснаар “бид чадлаа, морь унадаг Монгол хүн бүр монгол  улсынхаа төлөө цохилох зүрхтэй юм” гэж нэгэн дуугаар хэлж, ярьцгаав.


Батламжаа гардан авав


11.125 морьтонг 4 км газарт жагсааж дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болсон  Монголчуудад Дэлхийн Гиннесийн байгууллагын шүүгч, Лондонгоос ирсэн хатагтай  Лучия Синигаеси Дэлхийн дээд амжилтын батламжийг гардуулав. Батламжийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх зохион байгуулах хорооны дарга, Монгол улсын Улсын Их Хурлын Дэд дарга, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд тэргүүтэй ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, жагсаалыг зохион байгуулах комиссын дарга, нарийн бичгийн дарга, зохион байгуулах комиссын гишүүд хамтдаа гардан авлаа. Нарийн дэг журмын доор зохион байгуулагдсан 11.125 морьтоны их жагсаал бол Монголчуудын эв нэгдлийн билэг тэмдэг нь болж амжилттай ийнхүү өндөрлөлөө.  

 

“ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж, найман сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.
2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.