Мэдээ мэдээлэл

Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо

Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо

Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошуу. Одоогийн засаг захиргаагаар бол Өвөрхангай аймгийн Есөн Зүйл сумын нутаг. Энэ нутагт 1635 оны модон гахай жил Өндөр гэгээн хэмээн алдаршсан  шашин, төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хааны алтан ураг,  Монголын шашны тэргүүн  анхдугаар Богд Занабазар мэндэлжээ. Энэ цагаас эхлэн өдгөө хүртэл ард олны дунд өндөр гэгээний төрсөн нутаг гэж яригдсаар ирсэн.  1932 онд Есөн зүйл сум байгуулагдаж  энэ жил 80 жилийн ой тохиож сумын удирдлага  энэ ойн баяр наадмаараа   монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар санаачилсан гэдэг. Энэ санаачилгаа  Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүддээ  танилцуултал  "Ноёнсүлд" группийн захирал Пүрэвийн Сэргэлэн  Өндөр гэгээний цэцэрлэгт хүрээлэнг биш бүүр номын өргөөг нь  барьж , түүнд шаардагдах  хөрөнгийг бий болгож  сүсэгтэн олныг хамруулья гэсэн саналыг тавьжээ. Нутгийн зөвлөлийн дарга Энхбаатар, монгол улсын начин Жамьянпүрэв, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн  гээд Есөнзүйл сумын залуус  Өндөр гэгээнийн номын өргөө, түүн дотор залагдах Өндөр гэгээний  сэрэг дүр, язгуурын таван бурхан, цагаан, ногоон дара-эх бурхадыг бүтээхээр ажлаа эхлүүлсэн байдаг.  Ардчилалын салхи сэвэлзсэн өмнөх он жилүүдэд  Өндөр гэгээний  нэртэй  хоёр ч даншиг  наадмыг үүсгэн хийж ард олныг цэнгүүлж байсан ч Өндөр гэгээний гэх тодотголтой бүтээн байгуулалтыг хийж бүтээгээгүй байдаг.  Түүхийг ард түмэн бүтээдэг ч ард түмний дундаас хэн нэгэн нь гоцлон санаачилж, удирдан чиглүүлдэг. Энэ ч утгаараа Есөнзүйлийн залуус  Өндөр гэгээнийхээ номын өргөөг цогцлоон босгох их буяны үйлсийн эхлэл өөд хамтдаа мацжээ. Энэ нь сайн үйлийн эхлэл бас үргэлжлэл нь юм. 2012 оны  хавар Өндөр гэгээний номын өргөөний шавь тавихаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийдийн тэргүүн хамба Чойжамц тэргүүтэй бурханы олон шавь нар хүрэлцэн ирж газар усыг нь шинжиж шавийг тавьсан юм. Номын өргөөг  буян хишиг оршсон  газарт  бүтээн  босгож он удаан жил шүтэн дээдлэхийг бурханы олон шавь нар, сүсэгтэн олон юу юунаас илүүд чухалчилж байлаа. Бурханы шашин монгол оронд гурвантаа цэцэглэж дэлгэрсэн түүхтэй гэдэг. Анх Хүннү гүрний үед, 2 дахь нь Чингис хаан, түүний хүү Өгөдэй, 3 дахь нь Өндөр гэгээний үед дэлгэрч байжээ. Ер нь аливаа буян номын үйлийг хийж бүтээх үйлсийг сэдсэн тэр цагаас л хүний зүрх сэтгэлд буян хураагдаж эхэлдэг гэдэг. Хүний сэтгэлээс гарч буй үг бүхэн сайны ерөөлт болж тэр  ерөөлтөй  үгс нь хуран чуулсаар номын шад мөр болж амилдаг тухай бурхан багшийн сургаалд байдаг. Өндөр гэгээн занабазарын  номын өргөө бол шашин ном, зан үйлийн их өргөө байж, их үйлсийг түгээн дэлгэрүүлэх номын өргөө  гэдэгт энэ ажлыг анх сэдсэн залуус олж харжээ. Буяны үйлсийг бусдад дуулга. Хийж бүтээх гэдэг бол хувь хүний өөрийнхөн нь хувь тавилангийн хэрэг гэдэг. Номын өргөөнд залагдах бурхадыг бүтээж залахыг  олон хүнд дуулгасан. Гэвч олны дундаас монголын уяачид энэ үйл хэргийг идэвхитэй дэмжиж  Говь-Алтай аймаг Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач 
 Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Цэвэлсодномын Ганхүү, Булган аймаг Гурванбулаг сумын уугуул Монгол улсын алдарт уяач . Пүрэвийн Мэндбаяр, Завхан аймаг Яруу сумын уугуул “Очирваанийн хүлэг” уяачдын холбооны тэргүүн Цагаанбандийн Баянжаргал, Булган аймаг Могод сумын уугуул монгол улсын манлай уяач  Цэгмидын Цэнгэл, Говь-Алтай аймаг Баян-Уул сумын уугуул монгол улсын Тод манлай уяач 
 Давгадоржийн Цэрэнжигмэд, Давгадоржийн Ганбаатар,  Өвөрхангай аймаг  Уянга сумын уугуул монгол улсын Алдарт уяач Ч.Бямбасүрэн, Өвөрхангай аймаг  Хужирт сумын уугуул монгол улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү ,номын өргөөний гадна түмэн маанийн хүрдийг хөдөлмөрийн баатар Тод манлай уяач Данзаннямын Даваахүү,  олон өдөр бадамладаг зулын цөгцийг “Унаган хурд” гал уяаныхан  гээд олон уяачид энэ их үйлсэд оролцсон юм. Мэдээж өндөр гэгээний номын өргөөг бүтээхэд салбар салбартаа  ажил үйлсээрээ шалгарч яваа олон хүн оролцож, өглөгийн эзэд болсон. Энд зөвхөн монголын уяачдыг онцлон дурдлаа.                                                                                  

Халхын шашны гурван зулын нэг гэх Богд  өндөр гэгээн Занбазарыг  1641 онд "Ширээ цагаан нуур" хэмээх газар Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, лам хуврагууд анхдугаар Богд  Живзүндамбад өргөмжилж, Халх монголын шашины тэргүүн болжээ. 
Өндөр гэгээн 1686 онд Бүтээлийн сүмд заларч байхдаа Монгол, Энэтхэг, Төвд гурван улсын номын хэлийг тэмдэглэж болох Соёмбо үсэг зохиож Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхэлсэн ажээ. Монгол орноо "Жалзэ тэмбан" хэмээх Ганжуурыг залж өөрийн мутраар гурав дахин бичиж бүтээх Данжуурын 225 ботийг залж олон шавь нарын хамт шинээр бичих, хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Алтангэрэл, Банзрагч, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг номын барыг сийлүүлж хэвлэлийн ерөөлийн үгийг бичжээ. Өндөр гэгээн "Маани бүтээхийн гүн арга"  "Жинлавцогзол" "Пунцаггүсүм" зэрэг 100  гаруй номоос бүрдсэн нэг боть зохиол туурвижээ.
Тэрээр Очирдара бурхан, Ногоон Дарь эх, Язгуурын таван бурхан, Аюуш Манал зэрэг бурхад  олныг бүтээсэн нь эдүгээ монголын соёлын хосгүй нандин өвд зүй ёсоор тооцогдоод байна. Өндөр гэгээн шашны зүтгэлтэн төдийнгүй Монголын нийгэм улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн баримтаар нотлогддог юм.
Бурханы шашин бол хүнийг дотоод сэтгэлээсээ гэгээрэхийг ухааруулдаг.
Ногоон дарь эх бурханыг шүтснээр бие хэл сэтгэлийн зовлонд  унасан хэн боловч тусыг нь хүртэж амаржих учиртай. Долоон улаан мэнгэтний сахиус. Тэргүүнээ баруун тийш нь гэлжийсэн, баруун өлмийгээ цэцэгт ширээнээс буулгасан Зүүн мутраараа удвал цэцэгийн иш барьсан байдаг бөгөөд бүсгүй хүний үзэсгэлэн туйлдаа хүрсэн эх хүний дүртэй бурхан. Тэргүүнээ баруун тийш нь гэлжийлгэсэн нь ертөнцийн амьтан зовж зүдрээд өөрөөсөө тусыг эрж буй эсэхийг чагнаж байгаа нь тэр гэдэг.  Залбирал тарни нь: Аом да рэ дү да рэ дү рэ соваахаа. Аом жа ма на соваахаа
Цаст уулын гэрэл мэт цагаан өнгөтөй. 16 настай охины дүрээр заларч байдаг. Цэвэр ариуны бэлэгдэл болсон бурхан. Ногоон дарь эхийн хувилгаан гэж үздэг. Цагаан дара- эхийг дээдлэн  шүтэж,  зан үйлийг нь мөрдөж, урин бясалгаж байваас нас, буян арвижна, зуурдын үхлээс ангижрана, үйл түргэн бүтнэ хэмээдэг.
 залбирал тарни нь: Аом дарэ дү дарэ дүрэ бүнийг үетэн гүрү соваахаа 
Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дара-эх, Цагаан дара-эхийн ур хийц бусадтай хослохгүй  гайхамшигтай гэдэг. 
Аливаа их үйлсийг бүтээх хүсэл хүн бүхэнд байдаг. Тэр хүсэл мөрөөдлөө бусдад ойлгуулж, бусдыг  дотночилах  сэтгэлээр хандаж чадвал хүмүүс амар тайван сэтгэлээр эргээд хандаж  хамтдаа саад бэрхшээлийг даван туулж, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Энэ хүсэл мөрөөдлийн биелэл нь хүний амьдралд ирж буй амжилтын язгуур эхлэл нь болдог гэдэг.  Номын өргөөнд залрах бурхадыг бүтээх, номын өргөөг монгол гэрийн хэлбэртэй барих гээд энэ олон ажлыг монгол уяачид сэтгэлдээн тээж нуруундаа үүрчээ.
Учир нь Өндөр гэгээний номын өргөөнд залагдах бурхан шүтээийг  монгол хүний сэтгэл шингэсэн, монгол газар шороон дээрээ хийгдэхээр анхнаасаа энэ ажлаа төлөвлөн бүтээжээ. Монголын анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч, Чингисийн алтан ургийн хүнийхээ сэрэг дүр, бүтээсэн бурхад шүтээнийг монгол цутгуур компанитай хамтран хийж бүтээжээ. айлаас эрхээр авдрандаа эр гэсэн үг байдаг. Холыг харах нь их хэргийг энгийн үйлээс бий болгодгийн жишээ энэ биз ээ.
Өндөр гэгээний номын өргөөнд залагдах бурхан шүтээн маань бүгд цутгуурын аргаар хийгдсэн монголчуудын хэлдэгээр насны бүтээл болсон. Өндөр гэгээний хийц, тигээр бүтээгдсэн эдгээр бурхадыг сүншиглэх, өөрөөр хэлбэл амь оруулж бурхан шүтээн болгох гэдэг нь маш нарийн чанд чамгүй цаг хугацааг элээсэн ажил юм. Бурхан шүншиглэх гэдэг нь Бурханы лагшин, зарлиг таалал, үйлсийн эрдмийг шингээсэн агь тарнийн зан үйлүүдийг гүйцэтгэн оруулж өгч байгаа хэрэг. Сорогчин буюу амин модоор амь оруулж, бурханы хот мандалыг байгуулж, бурхадын адистит  жанлавыг оршоодог. Өндөр гэгээний сэрэг дүр болон дарь эх бурхдад оройд нь хамгийн ариун нандин бурхан багшийн эрэнсрэл оройд нь залагдаж байгаа.
Бурхадын адистит жанлав гүйхдээ гэрлийн мөн чанараар гүйнэ. энгийн ойлголтоор бол хүний биеийн судлалаар гүйнэ гэсэн үг. Бурхадын оройд нь зарлигийн сүн тэргүүтэн орно.  бурханы хоолойд явуу зэрэгт орно. Зүрхэн тушаад очир тэргүүтэн орно.  хүйсэн тушаад банзадын зай, эд тэргүүтэн орж арц арвайгаар завсар үгүй шигжээд цагаан, улаан зандан, хач, гүргэм,гавар, үнэртэний дээжисийг багтаан шүншиглэдэг. Ингэж нарийн нандин увидасаар бурхад  зайгаан бүрдүүлж, орох ёстой тарнийг  оруулснаараа мөн чанар нь бүрдэж шүтээн болж залагддаг. 
  Жил бүрийн 9-р сарын 25-нд Өндөр гэгээний төрсөн өдөр нь тохиодог.  Намрын дунд сарын шинийн арван. Энэ өглөө Өндөр гэгээний төрсөн нутаг Зүүн хайрханы оройд цас орж хоножээ.1995 онд зохиогдсон Өндөр гэгээний Бат-Оршил өргөх даншиг наадам, мөн 2012 онд болсон даншиг наадмаар тэнгэр хураа хайрлаж, ойролцоох хайрхадын оройд манан будан хөшиглөсөн байсныг сүсэгтэн олон дурсан ярьцгааж байсан. Өндөр гэгээний өөрийн сэрэг дүр нь тонн орчим жинтэй болсон байлаа. зохион байгуулагчид Улаанбатар хотоос ачаа өргөгч машиныг ачиж ирж Өндөр гэгээнээ тусгайлан залсан суудалд нь өргөж суулгасан юм.   Олон өдөр,  олон шөнө номын өргөөний ажлын төлөө санаа бодлоо чилээсэн санаачилагч залуусын зүрх сэтгэл амар амгалангийн туйлд хүрч, Өндөр гэгээнийхээ номын өргөөг бүтээн босгосон үйлээрээ бахархах сэтгэл төржээ. Бурхадын адистат жанлав оршсон биз ээ. 
Цагийн хүрдний ухаанд дөрвөн зүг, найман зовхис гэж заасан байдаг. Тэгвэл энэ цагаас эхлэн тэр дөрвөн зүг, найман зовхисоос Өндөр гэгээний номын өргөөг зорьсон олны олон цуваа хөвөрч зам харгуй нь  улам бүр тодрох болжээ. 
 Өндөр гэгээний номын өргөө  залуу хойч үеэ даллан дуудсан  соёл уламжлал, зан заншлын их өргөө болж сүндэрлэсэн юм. Ингэж л монгол гэх оюуны дархлааг  бий болгож, их эзэн Чингис хааны үр сад гэсэн бодит бахархалыг хүн бүрт өгч хийсэн бүтээсэн залуучуудын сэтгэл зүрхэнд гал бадамлан ассан юм.  Өндөр гэгээний Номын өргөөний нээлтэнд монголын 21 аймгийн хийдийн тэргүүн лам хуврагууд морилон ирж ном айлдвараа айлдлаа. 
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занбазарын бат-оршил өргөх  даншиг наадам Есөн зүйлийн хөндийд дэлгэр сайхан болсон юм. 16 аймгаас хурдан хүлэг морьд алдар цуут уяачид, нутаг нутгийн хүчтэн бөхчүүд.эрхий мэргэн харваачид хүрэлцэн ирсэн байлаа. Олон зуунд он цагийн хуудас улирч байдаг ч Ертөнцөд алтан үсгээр эхлэх түүхийн хуудас гэж байдаг. Алтан үсгээр бичигдэх тэр түүхийн хуудаснаа  Өндөр гэгээний төрсөн нутагт нь номын өргөөг бүтээн босгож цэнгэлийн манлай эрийн гурван наадмаа хийж зон олон бүгдээрээ наадан цэнгэсэн хувь зохиол түүх  болон үлдлээ. 
Монгол хүн бид хураасан буянаа зөвхөн өөрийн тусд зориулдаггүй, бусдын тус, сайн сайхан үйлсд зориулах өгөөмөр сэтгэлтэй төрдөг.Буян хишгээ сайн үйлсийн төлөө зориулж байдаг  хүмүүнийг өглөгийн эзэд гэдэг.  Монголын их соён гэгээрүүлэгч, алтан ургийн анхдугаар Богд Өндөр гэгээний номын өргөөг сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн хандиваар бүтээн боссон.  Хүн төрөлхтөн жаргалд  хүрэхийг хүсдэг. Харин жаргалд хүрэхийн тулд бусдын төлөө гэсэн хиргүй сэтгэл оюунаар ажиллаж амьдрахаас эхэлдэг жамтай гэдэг. Өндөр гэгээний сэрэг дүр, язгуурын таван бурхан, 21 Дара-эх бурханыг бүтээсэн өглөгийн эздэд  "Өндөр гэгээн Занабазарын Соёмбо Дара-эх сан"-гаас Батламж олгосон юм. Таны болон танай гэр бүлийн сэтгэлийн их хүчээр боссон номын өргөө мянга мянган жил сүндэрлэж, түг түмэн ард олныг гэгээрүүлнэ гэж батламжиндаа дурдан бичсэн байлаа. 
Бурхадын тавиурыг Батбаяр сэтгэлийн хандив болгон хийж гүйцэтгэсэн бол  Цоодолын Мөнхцоож тэргүүтэй Батдорж, Саруул, Цогтбаяр, Хүрэлбаатар, Түмэнжаргал, Тэгшбаяр, Аюурзана, Мөнхтогтох, Дэмбэрэлдорж, Өндөр настан Дулам нар лам хуврагуудын суудал олбогийг хийж гүйцэтгэжээ. 
Номын өргөөнд хорвоод хосгүй соёлын үнэт өвүүд. өвөг дээдсийн минь шүтээн болсон бурхад заларч буй.   Өргөө тийш цувах сүсэгтэн олны цуваа он цагийн уртад үл тасрана. Удам үл тасрах хойч үедээ үлдээсэн оюуны дархлаа ингэж бий боллоо. Аливаа үйл эхлэх нэг өдөртөй байхад  бас дуусах нэг өдөртөй  байдаг. Үүнийг цаг хугацаа гэдэг. Нар мандах цагтаа л манддаг.

Төвийн бүсийн уралдааны их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхэлсэн. Уралдаан яг одоо их насны морины уралдаанаар үргэлжилж байна.
Дүнжингарав 2010 хаврын төвийн бүсийн уралдаан “Дүнжингарав-2010” Хаврын бүсийн хурдан морины уралдааны байр эзэлсэн жагсаалт
"Түмний эх хээр алаг морь" XX- зууны эхээр Халх монгол даяар дуурссан алдар нь дахин давтагдаагүй нэгэн хурдан хүлэг байсан бөгөөд уг гарвалыг яг таг тогтоож чадаагүй бөлгөө