МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ТАЛАРХЛЫН БИЧИГ
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монголын ард түмэн, адуучин уяачид, морь сонирхогчид, хүүхэд унаачдын нэрийн өмнөөс Танд гүн талархал илэрхийлье.
Таны санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр албан ёсоор баталж, жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
Энэхүү санаачилга нь Монгол Улсыг морьтон үндэстний хувьд дэлхийн анхаарлын төвд тодотгон гаргаж, адууны өв соёлыг өвлөн, хамгаалан хөгжүүлэгч олон зуун мянган монголчуудын их үйлсийн итгэл, сэтгэлийн бахархлыг гүнзгийрүүлсэн онцгой үйл явдал болсон төдийгүй дэлхийн морин спорт, адууны соёл, уламжлалыг эрхэмлэгч олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч гүн утга агуулсан түүхэн алхам байлаа.
Монголчууд бид хүн төрөлхтөнд адууг анх гаршуулж, тээвэр, харилцаа холбоо, цэргийн стратегид ашиглаж ирсэн эртний түүхтэй, дэлхий дахинд нөлөөлсөн морьтон соёлт их гүрнийг байгуулж байсан ард түмэн билээ. Дэлхийн адууны өдөр батлагдсанаар Монгол Улс, түүнийг төлөөлж Морин спорт, уяачдын холбоо олон улсын морин спорт, соёлын нийгэмлэгт манлайлах шинэ үүрэг хүлээж, илүү олон улстай идэвхтэй харилцах, хамтын ажиллагаанд тэргүүлэгч байр суурийг эзлэх боломжийг олж авлаа. Энэ нь Монголын морин соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд танин мэдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.
Монголын морин спорт, уяачдын холбоо нь адууны өв соёл, уралдааны уламжлалыг хамгаалах, хөгжүүлэх, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид ч тууштай ажиллах бөгөөд Таны энэ түүхэн санаачилгыг бүрэн дэмжиж, жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон өргөн хүрээнд тэмдэглэх ажлыг бүх шатанд манлайлан хэрэгжүүлнэ гэдгээ батлан илэрхийлье.
Морьтон Монгол нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, адууны соёлыг хүн төрөлхтөнд таниулсан Танд дахин талархал илэрхийлье.
Гүнээ хүндэтгэн ёсолсон,
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ДАГВАДОРЖ
