Мэдээ мэдээлэл

ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.

-ММСУХ бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Монголын хамгийн том ТББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх амаргүй байна уу?
-Юун түрүүнд морьтон түмний төв хэвлэл болсон “Тод магнай” сэтгүүлийнхээ нийт уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын морин спорт, уяачдын холбоо нь VII Их хурлаа нэгдүгээр сарын 24-нд хийж бүтэц, зохион байгуулалтын болон бодлого, дүрэм журмын шинэчлэл хийснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус их хурлаар хэлэлцүүлсэн дүрэм, журам бодлогын баримт бичигт төлөөлөгч гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусгаж нэгтгэн их хурлаараа баталгаажуулан эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна. Мөн 2019 оны болон ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажил, баримтлах бодлогоо төлөвлөн ажиллаж байна. 
-Ажил ихтэй байгаа бололтой. Хүлээлтийг тэвчдэггүй хэдий ч шил шилээ дагасан ажил хэргийн уулзалтуудаас таныг сугалах гэж хоёр цагийг энэ суудал дээр өнгөрөөлөө. 
-Өглөө ажил цугларахаас эхлээд орой таран тартал орон нутгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид хийгээд цаашид хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж ярилцдаг. Нийгэм, олон нийтийн төлөөлөлтэй ярилцаж суухдаа монголчууд адуун өв соёлоо чин сэтгэлээсээ эрхэмлэн дээдэлдэг ард түмэн юм гэдгийг илүүтэй мэдэрч байна. Өөрөөр хэлбэл уулзсан хүн бүхэн морин спортын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухайд өөрийн санаа бодлоо хуваалцаж, бидэнд итгэж найдаж буйгаа илэрхийлдэг. Тэр олон хүний итгэл сэтгэлийг өвөртөлсөн учраас манай баг хамт олон илүү хичээх ёстой болж байна.  
-Тэр хүмүүс чухам юуг илүүтэй хүсч хүлээж байх юм. 
-Монгол наадмаа хэл амгүй хийчихдэг болмоор байна, адуун өв соёлоо дээдэлж, үнэт чанарыг нь хойч үедээ өвлүүлмээр байна гэдэг. Мөн орчин цагт тулгараад байгаа уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатайг ярьж байна.
-Холбооны бодлогод энэ бүхэн тусч байгаа юу?
-Тусгалгүй яах вэ. Бид өмнөх удирдлагуудынхаа хэрэгжүүлж байсан бодлого чиглэлийг залгамжлан үргэлжлүүлэхийн зэрэгцээ монгол наадмын, морин уралдааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, наадамчин олонд баяр цэнгэл бэлэглэх тухайд илүүтэй анхаарч ажиллана. Энэ тухайд бодлого боловсруулж, төлөвлөгөө гаргаж байна. Цаашид холбоо хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад төр, болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж тодорхой бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах гэсэн нэгдмэл зорилготой учраас бид хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа юм. 
-Адуун өв соёлын үнэт чанарыг хадгалж, өвлүүлэхэд анхаарна гэдэг таатай сонсогдож байна. 
-ММСУХ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулагдсан цагаас хойш уралдаан төвтэй бодлого баримталж ирснийг танай сэтгүүл шүүмжилдэг. Холбоо байгуулагдаж байх тухайн цаг үед энэ бодлого зөв байсан. Харин өнөөдөр илүү өргөн цар хүрээнд харж, сэтгэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Бид нийгмийн энэхүү захиалгыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана. Цаашид аливаа наадмыг зохион байгуулахдаа зөвхөн морин уралдаан гэдэг өнцгөөс харахгүйгээр бүхэлд нь Монгол наадам цэнгүүн, морьтны соёл, адуун өв соёлыг харуулсан байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд шигшмэл морьдын “Их хурд-8” уралдааныг морьтны өв соёлыг харуулсан фестивал хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ үеэр морьтны соёлыг бүхий л талаас нь харуулна хэмээн тооцоолж байгаа. 
-Үзүүштэй л уралдаан болох нь. 
-Морины их олимп гэгддэг “Их хурд” уралдаан бол гурван жил тутамд нэг болдог. Гурван жилийн хугацаанд аймаг, улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд урилгаар ирж оролцдог чансаа өндөр уралдаан юм. Энэ том уралдааныг үзэж шилдэг хүлгүүдийн өрсөлдөөнийг харахын сацуу адуун өв соёлтойгоо танилцан хоёр өдрийг цэнгэл дүүрэн өнгөрөөх боломжийг наадамчин олондоо олгож цаашид гадны жуулчдыг татахад томоохон ажил болох байх гэж бодож байна.
-Хоёр өдөр гэсэн үү?
-Тийм ээ. “Их хурд” уралдаан, адуун өв соёлын өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ хэмээн тооцоолж байгаа. 
-Ингэхэд бүсийн уралдаануудын тов гараа юу?
-Манай холбоо аймаг, орон нутгуудаас бүсийн уралдаан зохион байгуулахаар хүсэлт гаргасан саналыг нэгтгэж судлан тэргүүлэгчдийнхээ хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрээ засгийн газарт хүргүүлээд байна. Засгийн газар бидний шийдвэр саналыг ойрын хугацаанд хэлэлцэж бүсийн товыг тогтоох байх. 
-Уралдаан олонтой байхаар дуулдсан.
-Өнөө жилийн хувьд улсын наадамтай нийлээд засгийн газрын шийдвэртэй найман том уралдааныг бүсчлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Тиймээс уяачдын хувьд амжилтаа ахиулах өргөн боломжтой жил юм. 2019 оны хамгийн анхны том уралдаан тавдугаар сарын 5-нд Хүйн долоон худагт болно. Хаврын бүсийн энэхүү уралдааныг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ММСУХ-г үүсгэн байгуулагч “Г.Пунцагбалжир агсны нэрэмжит” болгон зохион байгуулахаар болсон. Түүний дараа Монголын уяачдын баяр, шигшмэл хурдан морьдын “Их хурд-VIII” уралдааныг 2019 оны долдугаар сарын 20, 21-ний өдөр Хүйн долоон худагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөө жилийн хувьд уралдаан олонтой тул уяачдын баяраа “Их хурд” уралдаантайгаа нэгтгэх шийдвэрт хүрсэн. Зуны бүсийн уралдаануудын тухайд долдугаар сарын 28,29-ний өдрүүдэд төвийн бүсийн уралдаан Говьсүмбэр аймагт, хангайн бүсийн уралдаан Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдаан Баян-Өлгий аймагт, зүүн бүсийн уралдаан Дорнод аймагт, говийн бүсийн уралдаан Өмнөговь аймагт мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт зохион байгуулах саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байна. 

-Та бидний ярилцаж буй энэ цаг үед уяачдын шинэ холбоо байгуулагдах яриа ид өрнөж байна. Холбооны өмнөх удирдлагууд “уяачдын эв нэгдэл”-ийг тэргүүн эгнээнд тавьдаг байсан. Өрх тусгаарлахаар сэтгэл шулуудсан нөхөдтэй уулзаж ярилцаа болов уу?
-Юун түрүүнд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Монголын уяачид нэгдсэн нэг зорилго, тэмүүлэлтэй хэвээр байгаа. Тэрхүү хүсэл тэмүүлэл, зорилго нь даяаршлаас адуун өв соёлоо хамгаалан авч үлдэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, монгол наадам, морин уралдааны үнэт чанарыг хадгалах явдал юм. ММСУХ-ны үе үеийн удирдлагууд болон холбоо байгуулах тухай ярьж буй морины зүтгэлтнүүд бүгд л энэ үнэт зүйлсийн төлөө тэмцэж буй. Түүнээс гадуур яригдаад байгаа шиг ММСУХ-ны удирдлагууд эрлийз адуу уралдуулах гэж улайраад байгаа юм огтхон ч үгүй. Бид монгол адуугаа ялгаж уралдуулахаар нэгэнт шийдвэрлэчихсэн. Энэ дүрмээ баримтална. Ялгах арга хэлбэрийн тухайд л үл ойлголцол үүсээд байгаа юм. Гэхдээ арга замын хувьд өөр ч нэг зорилгын төлөө яваа улс ойлголцож болох байлгүй. Би хувьдаа ийм байр суурьтай байгаа. 
Ний нуугүй хэлэхэд сүүлийн арваад жил бид морио хэрхэн уралдуулах вэ гэдэг дээр маргалаа шүү дээ. Үүнээс болоод уяачид төдийгүй наадамчид сэтгэл зүйн хувьд таагүй дурсамжтай үлдэх болсныг та бүхэн бэлхнээ мэднэ. Энэхүү ярвигтай байдлыг нэг тийш шийдэж, морин уралдаан монгол наадмынхаа үнэ цэнийг хадгалж үлдэх нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Бид дөрвөн жил тутмын ээлжит их хурлаараа энэхүү асуудлаа авч хэлэлцээд, олонхоороо шийдвэрлэсэн. VII Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонх нь сэрвээний өндрийг харгалзаж уралдуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн тул одоогийн удирдлагууд их хурлаас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 
-ММСУХ-ны VII Их хурал түүхэн дэх хамгийн олон төлөөлөгчтэй хурал хэдий ч хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг 100 гаруй мянган уяачийн хүсэл тэмүүллийг илэрхийлж чадаагүй хэмээн тэд үзэж байгаа шүү дээ. 
-Таны хэлсэнчлэн VII Их хуралд 728 төлөөлөгч хамрагдсан ММСУХ-ны түүхэн дэх хамгийн олон өргөн бүрэлдэхүүнтэй хурал болсон. Өмнөх их хурлуудаар дунджаар 200 гаруй төлөөлөгч хамрагдан олонхынхоо эрх ашгийг төлөөлдөг байсан юм билээ. Энэ удаа эрлийз, монгол адууг хэрхэн ялгаж уралдуулах тухай асуудал хурцадмал байсан учраас холбооны өмнөх удирдлагууд орон нутгийн төлөөллийг аль болох өргөн хамруулахыг чухалчилсан юм билээ. Тэр ч утгаараа 728 төлөөлөгчийн 74,8 хувь нь хөдөө орон нутгаас, үлдсэн 25,2 хувь нь нийслэлээс сонгогдсон байсан. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл Их хурлаас гарсан шийдвэрт орон нутгийнхны хүсэл сонирхол илүүтэй туссан гэсэн үг. 
Бид олонхоороо асуудлыг шийдвэрлэж, түүнийг нь хэрэгжүүлдэг эрх зүйт нийгэмд амьдарч байна. Тиймээс их хурлаас гарсан бодлого шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөр гарцгүй юм. Энэ дашрамд нэг зүйлийг сануулахад шинэ Ерөнхийлөгч Ц.Батсайхан олонхын дэмжлэгийг хүлээж  албаа авсныхаа дараа индрээс үг хэлэхдээ “Би монголоо гэсэн, морио гэсэн, энэ өв соёлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүхэнтэй хамтарч ажиллана. Морио гэсэн сэтгэлтэй хэн бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй байна” хэмээн хэлж байсан. Энэ үг одоо ч хэвээрээ. ММСУХ-ны одоогийн удирдлагууд ийм бодлогыг баримталж байгаа. 
-Уралдах морьдыг эрлийз монголоор ялгахдаа дан ганц сэрвээний өндрийг харгалзана гэдэг шийдвэрийг нийт төлөөлөгчдийн хэд нь дэмжсэн юм бэ?
-Эхлээд уралдах морьдыг эрлийз монголоор нь ялгах уу, үгүй юу гэдэг дээр санал хураасан. Энэхүү санал асуулганд 518 төлөөлөгч оролцож, 450 буюу 86,87 хувь нь ялгах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дараа хэрхэн ялгах вэ гэдэг дээр санал хураахад 619 хүн оролцож 401 нь буюу 64,78 хувь нь сэрвээний өндрийг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.
-Одоо мөрдөгдөж буй сэрвээний өндрийн үзүүлэлт олонхын эрх ашигт нийцэж чадах уу?
-Их хурлын дараа хэсэг бүлэг уяачид тэжээж байсан морьдоо хэмжиж үзсэн байна лээ.Тэгсэн өмнөх дүрмээр монголд асуудалгүй уралдах байсан морьд нь сэрвээний өндрөөр хасагдахаар болчихож. Тэгээд манайхны нэг сэтгүүлчид “Гадуур яригдаж байснаас өөр нөхцөл үүсэх юм байна” гэж хэлсэн байна лээ. Тиймээс уяачид та бүхнийг асуудалд сургаар хандахгүй байхыг уриалмаар байна.Түүнчлэн бид холбооныхоо дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулж, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаанч зөвлөгөөг холбооныхоо цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгаж буйгаа дуулгахдаа таатай байна. 
-Миний өмнөх ярилцагчтай “Эрдэмтдийн зөвлөлтэйгөө хамтран хүний хөгжил рүү хандсан системтэй бодлого хэрэгжүүлнэ” хэмээн ярихыг тань сонссон. Түүнийгээ хэлж байна уу?
- ММСУХ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл нь шинжилгээ, судалгаа явуулах, зөвлөн туслах, санал, дүгнэлт өгөх бөгөөд дотроо Хүний хөгжлийн зөвлөл, Адууны хөгжлийн зөвлөл хэмээн хоёр хуваагдан ажиллах юмаа. Адууны хөгжлийн зөвлөлд ХААИС-ийн эрдэмтэн, судлаачдын баг бүрэлдэхүүн хамрагдах бөгөөд ММСУХ-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол адуу судлалын төвийг үүсгэн байгуулах, тус төвөөр дамжуулан Монгол адууны онцлог, стандартыг тогтоох, адууны аж ахуйн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийн адуу судлалын шинжлэх ухаанд Монгол адуу судлалыг бий болгох, Монголын морин спорт, хурдан морины наадам цэнгүүнийг Олон улсын жишигт хүргэхэд чиглэсэн Шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, шинжилгээ хийх, түүнийг удирдах, нийтэд сурталчлан таниулахад талууд хамтран үр ашигтай ажиллана. Анагаахын багш мэргэжилтнүүд хүний хөгжил гэдэг талд зөвлөх юм. Энгийнээр хэлэхэд морь унахын давуу болон сөрөг талуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр баталж нотлох нь байна шүү дээ. Үүн дээрээ тулгуурлаад уралдаанч хүүхдүүдийн бие бялдар оюун санааны хөгжлийг тодорхойлох гээд төлөвлөсөн зүйлүүд олон бий. Хамгийн наад зах нь компанийнхаа дэргэдэх жудо бөхийн дэвжээгээр дамжуулан уралдаанч хүүхдүүдийнхээ бие бялдарыг хөгжүүлэх цаашлаад дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх гэсэн өрнүүн бодол өвөртөлж явна.
-Сайхан сонсогдож байна. Сэрвээний өндрийг харгалзах шийдвэр өнөөгийн нөхцөлд гал унтраах ганц арга нь энэ байсан гэж ярих уяачид цөөнгүй байна. 
-Яг зөв. Энэ бол одоогийн нөхцөл байдалд тохирсон хамгийн боломжит хувилбар. Бид үүлдэрлэг байдлаар ялгах боломжгүй гэдгийг найман жилийн турш харлаа шүү дээ. Хүний нөлөө орж байгаа учраас заавал ямар нэг маргаан дагуулдаг. Энэ байдал даамжирсаар бүр овооны уралдаан хүртэл маргаан дагуулдаг болсон. Энэ байдлаараа цаашид үргэлжилбэл юу дагуулахыг таашгүй. Тиймээс ямар нэг шийдвэр гаргаж таслан зогсоох хэрэгтэй. 
Их хурлаас гаргасан энэхүү шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг цаашид зохион байгуулагдах уралдаануудаас харж болох байх. Бид ялгах явцыг техникийн дэвшил ашиглан олон нийтийн нүдэн дээр хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор ил тод явуулахаар төлөвлөж байгаа. Энэ жишгээ цаашид зохиогдох бүх уралдаануудад нэвтрүүлнэ. Энэ талаарх заавар зөвлөмжөө холбооныхоо удирдах ажилтны зөвөлгөөн дээр илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. 
-Бүх шатны уралдаанууд гэхээр аймаг, сумдын түвшинд ч гэсэн лазер төхөөрөмжийг ашиглах нь ээ дээ. Үүнийг нэвтрүүлэхэд ямар хэмжээний зардал, хугацаа шаардагдах вэ?
-Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүх уралдаануудад ашиглах тул өртгийн хувьд хямд байх ёстой. Иймд холбоо орон даяар нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авахаар тендер зарлаад байна
-Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал ямар шатандаа яваа вэ? 
-24 жилийн түүхтэй ММСУХ нь Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулж, санал авахаар ирүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл, төслийн үзэл баримтлалыг бүрэн дэмжиж, холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаад байна. 
Мөн “Монголын Морин Спорт Уяачдын холбоо”-ны VII Их хурлын бүх гишүүдийн хурлаас гаргасан Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах зайлшгүй шаардлагатай 23 зүйл, холбогдох заалт, хэсэгт оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа нэгтгэн холбогдох тогтоол, шийдвэрийг гарган хууль санаачлагчдад саналаа хүргүүлээд байна. Мөн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлээд байгаа.
-Хаврын бүсийн уралдааны товыг хуульчилъя гэдэг санал гарч, олонхын дэмжлэгийг хүлээсэн. Энэхүү санал хуульд тусгагдаа болов уу? 
-Бид өнгөрсөн долоо хоногт Шадар сайдтай уулзаж, тавдугаар сарын 1 гэдэг хугацаа морь уралдуулахад тохиромжгүй. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 1-ний хооронд уралддаг болбол яасан юм бэ гэдэг санал дэвшүүлсэн. Ийнхүү цаг хугацааны хувьд тодорхой болгож хуульчилж өгөхгүй бол уяачдад эргэлзээ бий болгодог. Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны бүрэлдэхүүнд холбооны төлөөллөөс оролцуулахаар болсон. 
-Холбооны тэргүүлэгчдийг хороодод хуваагдаж байнгын үйл ажиллагаатай болсон гэж дуулсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-ММСУХ нь дүрмэндээ Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, тодорхой чиглэл хариуцсан зургаан Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга гэсэн удирдлагын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар тогтсон. Мөн тэргүүлэгч гишүүд чиг үүргийн хувьд долоон бодлогын хороодод хуваагдан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэргүүлэгчид дор бүрнээ хариуцсан асуудлаа шийдвэрлэх замаар явах юм.

 -Бидний уулзаж буй цаг хугацаа хийсэн бүтээсэн гэж ярихад дэндүү эрт юм. Тиймээс албан асуултаа хойш тавиад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг уншигчдадаа танилцуулъя гэж бодлоо. Татгалзахгүй биз дээ. 
-Татгалзахгүй ээ. 
-Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч, Нийслэлийн Алдарт уяач Чимиддоржийн Хишигбаатар аль нутгийн хүн бэ?
-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Уг гарвалаа хөөвөл Өвөрхангай аймгийн Тарагт сумынх. Миний аав Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар Чимэддорж гэж хүн бий. Хэдийгээр хот хүрээнд төрсөн ч зундаа хөдөө хөгшчүүл дээрээ очиж мал хуйг эргүүлж тусална. Хөдөөгийн ахуйгаас хол хотын хүүхдэд зуны гурван сар зүйрлэшгүй зугаатай өнгөрдөг. Тэр ч утгаараа хөдөөний хүүхдүүдээс илүүтэй тэр амьдрал ахуйд дурладаг байсан байх. Одоо ч гэсэн миний хувьд хүүхэд насны тэр өдрүүдэд нандин гэгээн санагддаг. 
-Өвөө тань морь уядаг байсан юм уу?
-Морь уядаггүй ч хувийн цөөн малтай. Тухайн цаг үед амины малын тоо толгойг заачихдаг. Түүнд нь багтааж ихэнх айлууд унааны цөөн хэдэн адуутай байдаг байлаа. Өвөөгийнх мөн цөөхөн хэдэн адуутай. Би үеийнхээ хүүхдүүдийг дагаж эмнэг хангал ч хамаагүй олдсон морийг нь унаж, том болоод адуучин болно доо хэмээн мөрөөддөг байж билээ. Намайг тэр хүслээ биелүүл гэсэн шиг Монгол орон ардчилсан зах зээлийн нийгэмд шилжиж, монгол улс мал аж ахуйн орон гэдгээ үндсэн хуулиараа баталгаажуулсан. Хувийн бизнес цэгцрээд ирэхийн алдад хүүхэд насны гэгээн мөрөөдлөө биелүүлж, монгол хүний үндсэн ахуйтайгаа ойртохоор адуу мал цуглуулж эхэлсэн дээ. 
Миний нэгэн адил хотод төрж өссөн ч хөдөө аж ахуйтай холбогдсон мундаг бизнесмен залуучууд олон байна шүү дээ. Жишээлбэл, Максын ах дүүс байна. Энэ бүхнээс би “Хаана төрснөөс үл хамаараад монгол хүний цусанд ахуй нь хадгалагддаг юм байна” гэсэн дүгнэлт хийсэн. 
-Цусан дахь тэр мэдрэмж таныг хурдан морьтой холбожээ дээ?
-Тэгж хэлж болно. Би хурдан морь сонирхож уядаг болсоор 13-14 жил болж. Намайг энэ ертөнцөд хөтөлсөн хүн бол МУ-ын Алдарт уяач, Нийслэлийн МСУХ- г үүсгэн байгуулагч Цэдэв гуай. Ахтайгаа танилцаж тэднийхээр орж гардаг болсныхоо дараа би “Ганц нэг морь уямаар байна. Ганц азарга адуутай болъё” гэдэг санал тавьсан. Ах маань ч дэмжсэн. Тэгээд морь уях болж, эхний удаад сум орон нутгаар уралдсан. Хэсэг хугацааны дараа аймгийн наадамд уралддаг болсон. Түүнээс хойш дахин хэсэг хүлээзнээд улс, бүсийн уралдаанд морь мордуулдаг болсон доо. Зарим хүмүүс морь уяхыг гарын үзүүрийн ажил мэт ойлгодог шиг байгаа юм. Үнэндээ багийн хөдөлмөр шаарддаг.
-Гар сэтгэл нийлсэн баг хамт олны бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээр морь түрүүлж, айрагддаг. 
-Тийм шүү. Морьд маань том жижиг наадмуудад түрүүлж, айрагдаж, би өөрөө Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Ийнхүү өөрийгөө морины салбарт ойр гэж бодож явтал Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш төдийлөн сайн мэддэггүй байжээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Их олон салбарт хүрч ажиллах хэрэгтэй болдог юм байна.
-Ингэхэд танд энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ гэсэн совин төрж байсан уу?
-Ёстой үгүй. Өөрийгөө ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж бодож ч байгаагүй. Гэтэл VII Их хурлаас шинээр сонгогдсон Ц.Батсайхан Ерөнхийлөгч маань намайг энэ албан тушаалд санал болгосон. Нэгэнт хүн итгэл хүлээлгэж байхад чадахгүй, мэдэхгүй гэж хэлэх эрхгүй санагдсан. Дээр нь залуу хүн учраас өөрийгөө сориод үзье л гэж бодсон. 
-Нийслэлийн Алдарт уяач Ч.Хишигбаатар анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан юм боллоо?
-Нийслэлийн Алдарт уяач цолыг хүртээд гурван жил болж байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын баяр наадмаас нэг түрүү, нэг аман хүзүү, дөрвөн айраг хүртэж сувдан хөлсөөр нь дээлээ мялаасан сайхан дурсамж бий. Харин том наадмын анхны айргаа 2014 онд Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойгоос хүртэж байлаа. Говийн бүсийн уралдаанд миний унаган хээр үрээ айргийн гуравт хурдалж, төрийн наадмын анхны айргийг авчирч байлаа. Түүний дараа 2015 онд Булган аймагт болсон бүсийн уралдаанд хээр үрээ маань дахин айрагдсаныг та бүхэн мэдэх байх. 
-2016 оны “Дүнжингаравын хурд”-д түрүүлсэн сартай хээр морь чинь яг хаанахын адуу юм бэ? 
-Архангай чигийн адуу л гэдэг юм. Надаас өмнө гурав дөрөв дамжаад зарагдчихсан учраас удам угшлыг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна аа. 
-Завханы Алдархааны Мөнх-Одын Таван цагаан гэдэг мөн үү? 
-Мөөн мөн. Мөнх-Одоос Галбадрах Тод манлайд ирээд ММСУХ-ны 20 жилийн ойд зургаалсан шүү дээ. Түүний дараа Хишигээ ахад очсон юм билээ. Хишигээ ах надад 2016 онд бэлэглэхдээ “Дүнжингаравт уралдуулчихаад “Их хурд”-д мордуулаарай. Их хурдан адуу шүү” гэж хэлсэн. Тэгтэл айрагдах бус 306 мориноос түрүүлчихсэн. Их цастай жил байсан учраас дагаж харж чадаагүй юм. Гэтэл морь чинь түрүүлчихлээ гээд хүмүүс залгаад эхэлсэн. Дүнжингаравын дараа Архангайн Хасугийн Мөнхбат манай унаган адуу гэж ярьсан байсан. 
-Би бас тэгж дуулсан. Одоо морьдын тань уяа сойлгыг хэн тааруулдаг юм бэ?
-Тод манлай уяач Хишигжаргал, Сашкагийн Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны газрын даргатай нэг гал уяанд морьдоо уяж байна. 
-Хишигжаргал Тод манлайтай нэлээд дотно юм аа даа? 
-Хишигээ ах бид хоёр ажил хэргийн болоод гэр бүлийн найзууд. Олон жил сайхан нөхөрлөж байна. Бидний нөхөрлөлийг мэдэх хүмүүс ахыг Том Хишигээ, намайг Жижиг Хишигээ гэдэг юм билээ.
-Үүдэнд суугаа уулзалтын эздийг нэлээдгүй хүлээлгэчихлээ. Тиймээс энэ удаадаа ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Дараагийн удаа илүү дэлгэрэнгүй хөөрөлдөх боломж гарах биз ээ. 

А.Тэлмэн

MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ “Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.