Мэдээ мэдээлэл

2013- морины ертөнцөд өрнөсөн ”оны онцлох” үйл явдлууд

Морьтон монголчууд бид дэлхийн талыг морин туурайгаараа тамгалаж, морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан гайхамшигтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа харуулж, Генниссийн хос амжилтын эзэд болцгоосон.

 2013 - он монголчуудын  хувьд түүхэн жил болж өнгөрлөө. Морьтон монголчууд бид дэлхийн талыг морин туурайгаараа тамгалаж, морин дэл дээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан гайхамшигтай ард түмэн гэдгээ дэлхий дахинаа харуулж, Генниссийн хос амжилтын эзэд болцгоосон. Энэ бол Энэ бол зөвхөн "морины ертөнц"-д төдийгүй Монгол улсын бүр дэлхий дахины онцлох үйл явдал болсон билээ.



                                                                                                                                        HIIMORI.mn Б.Ганпүрэв
1. Тэртээ 1263 онд морьтон Монголчууд адууны яам байгуулж, төр улсын хэргийг монгол мориороо гүйцэлдүүлж, монгол мориороо дэлхийн талыг туулж байсан түүхтэй. Монголын морин спорт, уяачдын Холбоо 2013 оны хийх ажлын төлөвлөгөөндөө Монгол улсад “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, Монголчуудын адуун эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, Монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчилан таниулах үүднээс 3000 Монгол морийг нэгэн зэрэг гараанаас гаргаж уралдуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоон, Гиннест бүртгүүлэхээр зорьж ажилласан билээ. Улмаар энэхүү зорилгодоо хүрч Монгол улсад “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд ММСУХолбоо 4249 Монгол морийг нэгэн зэрэг 6-н гараанаас амжилттай уралдуулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоон, эзэмшигч нь болж чадсанаа дэлхий дахинд зарлан тунхаглаж чадсан билээ. Энэ бол зөвхөн “морины ертөнц”-д төдийгүй Монгол улсын бүр дэлхий дахины онцлох үйл явдал болсон юм гэдгийг дахин дурсахад таатай байна.


2. Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан 10.000 морьтон Монголчуудын их жагсаал. Хэдийгээр 10.000 морьтон жагсаана гэж байсан ч Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр нэгэн тугийн дор нэгдэцгээж энэхүү түүхэн үйл явдалд гар бие оролцсоноор 11.125 морьтонг 4 км газарт жагсааж дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болсон юм. Монголчуудад Дэлхийн Гиннесийн байгууллагын шүүгч, Лондонгоос ирсэн хатагтай Лучия Синигаеси нь Дэлхийн дээд амжилтын батламжийг гардуулан өгсөн билээ. Бүрээн дуу гурвантаа хадахад 10.000 морьтон Монголчуудын их жагсаалын хөтлөгч Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбат: “Анхаараарай, Анхаараарай. Манай микрофон Улаанбаатар хот Хүй долоон худагт дахь морин уралдааны талбайд байрлаж байна. Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 10.000 морьтоны Монголчуудын их жагсаалыг дамжуулахаар Монголын Радио, Телевизүүдийн станц, сансарын холбоо ажиллаж байна. Цэнхэр гаригийн 6 тэрбум хүний нүд, чих хөх толбот Морьтон Монголчууд руу чиглэж байна. Хамаг Монголын их хээр талаас хүлэг морьтонгууд нэгэн дор цугларлаа. Хаан их төрийн минь хас эрдэнэ хүлэг морьтонгууд жагсжээ. Эх орны тусгаар тогтнол, Дайн байлдаанд Монгол хүний үнэнч хань нь болж, хатуу ширүүнийг эрслэн цэгцлэн туулсан монгол морь бол унаган эзэн, унадаг жаахан хүүхдэдээ бол хүзүү сунган үнэрлэн үүрсдэг билээ. Дэлхийн талыг туурайн хээгээрээ тамгалсан эцэг өвгөдийн их түүхийг түүчээлсэн Монгол морьдын халуун амьсгаа, Монголчуудын их омогшил доор байгаль дэлхий, уул ус газар нутаг, монгол хүний ид хав сэрж бадран гийлээ“ гэж зарласнаар албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэсэн юм. Энэ бол бас л Монгол улсын төдийгүй дэлхий дахины оны онцлох үйл явдал болсныг Дэлхийн дээд амжилтын Гиннесийн албан ёсны guinnessworldrecords.com сайт мэдээлсэн билээ.

 

 


3. Монголын үндэсний хурдан морины уралдаанч хүүхдийн төлөөллөөс анх удаагаа “Бөртэ чоно”-ын эзэн тодорч “Шилдэг залуу тамирчин”-аар өргөмжлөгдлөө. Ийнхүү үндэснийхээ спортоор хичээллэж буй “бяцхан баатар”-уудыг маань МҮОХ- өндрөөр үнэлсэн нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг яахын аргагүй мөнөөс мөн билээ. Энэхүү шагналын эзэн бол Хүй мандал галын уралдаанч хүү Нэргүйн Амарбаясгалан. Тэрээр дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүүлсэн үнэмлэхүй амжилтын эзэн билээ. Н.Амарбаясгалангийн хувьд Монгол улсын 2013 оны хамгийн өндөр чансаатай 9 хурдан морины уралдаанч хүүхдийн дөрөвдүгээрт эрэмблэгдсэн бол ийнхүү “Шилдэг залуу тамирчин”-аар шагналын буухиагаа үргэлжлүүлсэн юм. Мөн түүнчлэн сүүлийн хоёр жил дараалан Монгол улсын хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг унаач хүүхдээр шалгараад байгаа “Од” галын унаач Гансүхийн Сүхбат хүү “Оны шилдэг” хүүхдээр шалгарсан билээ.



4. Мориныхон дундаас анхны эмэгтэй спортын гавьяат тамирчин төрөн гарлаа. Энэ бол МУГТ Төмөржаагийн Цэрмаа. Арван хоёр нас хүртлээ хурдан хүлгийн нуруун дээр дэрвэсэн охин жилийн дараа сонгомол морин спортод эргэлт буцалтгүй орсон юм. Морио саадан дээгүүр харайлгах, тусгай сургууль хийлгэх, уран явдалд суралцуулах зэрэг нь тамирчнаас өндөр ур чадвар тэсвэр хатуужил шаарддаг. Моринд дөртэй болохоор Т.Цэрмаа энэ бүхэнд төдийлэн түүртсэнгүй. Түүнд морин спортын цагаан толгойг Д.Хадхүү багш нь заажээ. Төв цэнгэлдэхийн хажууд орших морин тойруулга материаллаг бааз, морьд, бэлтгэгдсэн дасгалжуулагч, тамирчнаар элбэг байсан цаг. ЗХУ-д суралцсан “будаг нь ханхалсан” дасгалжуулагч хийгээд түүний төрсөн ах Т.Даваадорж, уяач Дашдорж, уран явдлын багш Даш, хурдан морь унаач Сүхбаатар гээд шижигнэсэн залуус өргөө гэрийнхээ “галыг өрдөн, өрхийг татсан” юм. Энэ бол Монгол оронд олимпийн хөтөлбөрт багтдаг, сонгомол морин спорт хөгжих алтан үеийн эхлэл байлаа. Эмнэг сургана гэдэг ээжийн охин битгий хэл, хэр баргийн аавын хүүд ахдам ажил.Морин тойруулгад хөл тавьсан цагаасаа хангал догшныг чихдэж номхруулах урлагт дурласан түүнд анх хоёр ах нь хориг тавьдаг байв. Аавдаа “ховлон” байж ах нараасаа зөвшөөрөл авсан тэрбээр эмнэг морьдыг баруун солгойгүй булгиулж, явдал дундаа янз бүрийн үзүүлбэр хийн, олон түмний нүд баясгаж эхэлжээ. Пионер сурагчдын хоёрдугаар чуулганы үеэр зохиогдсон тэмцээнд ах нарынхаа өмнүүр орж, түрүүлсэн 13 настай охин “Шижир алтан медаль авчихлаа” хэмээн итгэж, хөл газар хүрэхгүй шахам баярлаж явсан үеэ Цэрмаа эгч дурсах туйлын дуртай. “Гэзэгтэй эр хүн” хоч авах эхлэл ийн тавигдаж, 200 гаруй тэмцээний шагнал, хожим хүртсэн төрийн дээд одонг далласан болохоор тэр биз. Тэрбээр морь булгиулах эрдмээрээ цэргүүдтэй ч өрсөлдөж явжээ. Өвөрхангай аймгийн уугуул энэ тамирчин Говь-Алтайн бэр болоод хадмуудтайгаа золгохоор алсыг зориход эмнэг булгиулдаг хүүхэн ирж явна гэсэн сураг сонссон тус аймгийн залуучууд адуугаа хурааж авчран, замыг нь тосож эрдмээ үзүүлэх санал тавьсан нь бий. Тэр бүхэнд Цэрмаа “Азарга адуугаар чинь дэнчин тавья” хэмээн хошигнон хариулна. Т.Цэрмаа эгч эрсдэлтэй алхам хийх дуртай. Учир юу гэвэл хөл хүнд байхдаа Улаанбаатар хотын АШТ-д оролцсон удаатай гэнэ. 1972 оны долдугаар сарын 13-нд сонгомол морин спортын тэмцээнд оролцсоноос хойш тав хоногийн дараа нярайлж ууган охиноо өлгийдсөн гээд бод доо. Мэнгэт хүрэн, Тойго, Ангир, Чандага… Эдгээр морины нэр ярианд нь үе үе гарна. Түүний гараар орсон өөр олон хүлэг бий. Тэдгээрээс ард түмний дунд алдаршсан нь Чандага шарга. Цэрмаа, шарга морь хоёр саад харайлтын төрөлд улсын дээд амжилтыг олонтаа эвдэж, алдар нэрээ дуурсгасан түүхтэй. Морин спортын түүхэнд эрэгтэйчүүдээс спортын мастерын болзол анх биелүүлсэн тамирчин түүний төрсөн ах Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь Т.Цэрмаа. Зөвхөн энэ төрлөөр дээрх цолд хүрсэн Т.Төрмөнх, Т.Дашцоодол нар бүгдээрээ Төмөржаа гуайн хүүхдүүд. Тэдний халааг авсан Д.Батбаатар өдгөө сонгомол морин спортоор ОУХМ-ийн болзол хангасан бол Цэрмаа эгчийн отгон хүү Батболд спортын мастер болжээ. Ууган хүү Х.Батбаасан нь авто спортын мастер аж. Дунд хүү Х.Бат-Эрдэнэ нь Монгол улсын Тод манлай уяач.




5. Ардын хувьсгал ялснаас хойш Монгол төрийн наадамд завсаргүй гурван жил түрүүлсэн ганцхан азарга /Амгалан төрийн ажнай шарга/ байсан бол энэ жил МУМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэний улс халзан азарга төрийнхөө их баяр наадамд түрүүлснээр тэрхүү амжилтын бас нэгэн эзэн нь боллоо. Улс халзан азарга нь 2011 оны тэгш дөрвөн ой тохиосон төр түмний их баяр цэнгэлд магнайдаа тоосгүй түрүүлснээр хойтон жил нь дахин түрүүлж, энэ жил ийнхүү гурав дахиа түрүүлсэн юм. Улмаар морины их олимп Их хурдад бас түрүүлсэн. Улсад түрүүлчихээд Их хурдад түрүүлсэн тийм тохиолдол азарганы хувьд бас л хоёр дахь нь. 2004 онд шарга азарга тийм амжилтыг үзүүлж байсан. Харин их морины хувьд бол МУТМУ Д.Ононгийн хээр морийг нэрлэж болно.

 


6. Анхны их хурдад түрүүлсэн МУАУ Лхүндэвийн хонгор морь нэг жил найм уралдаж найм түрүүлсэн гэдэг. Гэхдээ том, жижиг холимог уралдаанд. Харин энэ жил Батчулууны Ерөөлтийн зээрд халзан морь Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд гурав түрүүлж, улсын их баяр наадамд болон Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд тус тус айрагдаж, Монгол улсын адууны яам үүсгэн байгуулагдсаны 750 жилийн ой, дэлхийн адууны баярын хүрээнд зохион байгуулагдсан Дэлхийн дээд Генниссийн номонд бүртгүүлэх 4249 морины уралдаанд айргийн тавд хурдалж үнэмлэхүй амжилтыг тогтоолоо. ХХ зуунд одоогийнх шиг нэг жилд олон наадам болдоггүй байсан ч халзан морины хувьд урьд өмнө нь гарч байгаагүй тийм агуу амжилтыг тогтоосон тул 2013 оны морины ертөнцөд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэгэнд зүй ёсоор нэрлэгдэх нь дамжиггүй.




7. МУМУ, Морин тойруулгын Төмөржаагийн Даваадоржийн төрсөн дүү Т.Цэрмаа Монгол улсын анхны эмэгтэй спортын гавьяат тамирчинаар тодорсон нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэгээр нэрлэгдсэн бол түүний дунд хүү МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэний хүрэн морь төрийнхөө их баяр наадамд завсаргүй хоёр жил дараалан түрүүлж Даян түмний эх боллоо. Улмаар улсад завсаргүй хоёр түрүүлсэн найм дахь их насны мориор тодорч байгаа юм. Д.Галын хүрэн морь 58,59 онд, Сэрээнямын Банзрагчийн аварга зээрд морь 65, 66 онд, Манлай уяач Г.Сундуйн шарга морь 69, 70 онд, Сэлэнгийн Дүвжирийн хээр морь 76, 77 онд, Д.Түвдэн манлайн алаг морь 81, 82 онд, Алдарт уяач Ц.Ханддоржийн хонгор халзан морь 85, 86 онд, Зүүнхараагийн Д.Ганбаатарын халзан морь 99, 2000 онд тус тус завсаргүй түрүүлсэн байдаг. Мөн даян түмний эх хүрэн морины хувьд улсад түрүүлчихээд Их хурдад түрүүлсэн хоёр дахь морь. Нэг дэх нь Д.Онон манлайн хээр морь гэж дээр дурьдсан байгаа. 2001 оны АХ-ын 80 жилд түрүүлчихээд давхар уяагаар Их хурдад түрүүлж байсныг нь морины хорхойтнууд тодхон санаж буй биз ээ. Энд хүрэн морины уяа сойлгыг нь тааруулдаг Батхүрэлийн Бат-Өлзий манлайг бас дурсахгүй өнгөрч болохгүй. Тэрээр сүүлийн хоёр жил дараалан Монгол улсын чансаа өндөр шилдэг уяачаар тодорлоо. Мөн энэ жилийн улсын наадмаар зургаан насны зургаан адуу мордуулаад 1 түрүү, 5 айраг хүртсэн. 1985 онд ХХ зууны манлай хүлэгч, Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүүгийн уясан морьдоос төрийн наадмын 2 түрүү 8 айраг тодорсны зэрэгцээ аавынх нь хүрэн азарга бас айрагдаж байсан түүх бий.



8. Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор морь төрийн их баяр наадамд завсаргүй дөрвөн жил айрагдлаа. Манлай уяач Цоохүүгийн Доржсүрэнгийн хээр морь 1992-1997 оны хооронд Буянт ухаагийн буурал дэнжиийг завсаргүй таван жил ноёлохдоо 2 түрүүлж, 3 айрагдсан байдаг. Харин алдарт их Галын хүрэн морь 1956-1959 оны хооронд завсаргүй дөрвөн жил төрийн наадамд жолоо өргүүлэхдээ 3 түрүүлж 1 аман хүзүүдсэн байдаг. Бандгайн борийн хувьд хэдийгээр энэ хоёр морины амжилтыг эвдээгүй ч XXI зуун гарсаар ийм амжилт үзүүлсэн ганцхан адуу нь боллоод байна.



9. Оны онцлох үйл явдалд дандаа сайн бус саар үйл явдал ч нэрлэгдэж болно. Өөрөөр хэлбэл дуулиантай үйл явдал. Энэ бол өнөө жилийн төрийн их баяр наадмаар түүхэнд байхгүй “хасалт” болсон явдал. Шүдлэнгийн уралдаанд түрүүлж, айрагдсан таван үрээний дөрөв нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиож байсангүй. Улмаар дөрөвт орсон үрээ нь түрүүлж, 6-ийн үрээ аман хүзүүнд баригдсан бол 8, 9-ийн үрээнүүд айргийн гурав, дөрөвт баригдаж, 11-ийн үрээ тавд баригдсан. Мөн яг энэ сэдвийн хүрээнд жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулдаг Дүнжингарав хаврын бүсийн уралдааны дөрвөн насны түрүү дөрвүүлээ хасагдсан. Эрлийз насны түрүү нь цэвэр цусных гэсэн шалтгаанаар, нөгөө гурав нь эрлийз гэсэн шалтгаанаар тус тус хасагдсан. Соёолонгийн уралдааны аман хүзүү нь ч бас хасагдсан.

 

Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймаг Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
УЯАЧДЫН ӨДӨРТЭЙ БОЛНО ММСУХ-ны ажлын албанаас санаачлан
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан соёолон насны албан ёсны цуваа 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хүрэн үрээг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа