Мэдээ мэдээлэл

4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.

Тэртээ 1263 онд морьтон Монголчууд адууны яам байгуулж, төр улсын хэргийг монгол мориороо гүйцэлдүүлж, монгол мориороо дэлхийн талыг туулж байсан түүхтэй билээ. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2013 оны хийх ажлын төлөвлөгөөндөө  Монгол улсад “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэх, Монголчуудын адуун эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, Монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчилан таниулах үүднээс  Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо  санаачилан 3000 Монгол морийг нэгэн зэрэг гараанаас гаргаж уралдуулах, 10.000 морьтон Монголчуудын их жагсаалыг  жагсааж  дэлхийн дээд амжилтыг тогтоон, Гиннест бүртгүүлэхээр зорьж ажилласан билээ. 
Өмнө нь 2010 онд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монголын үндэсний хурдан морины уралдааныг /Монголын эрийн гурван наадам/  НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО-д Дэлхийн хүн төрөлхтөний биет бус  соёлын өвөөр амжилттай бүртгүүлж ажиллаж байсан юм.
Монгол улсад “Адууны яам”  байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд ММСУХолбоо 4249 Монгол морийг нэгэн зэрэг 6-н гараанаас амжилттай уралдуулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоон, эзэмшигч нь болж чадсанаа дэлхийд зарлан тунхаглав. Энэ уралдаанд 21 аймаг, 365 гаруй сум, нийслэл Улаанбаатар, нийслэлийн 6 дүүргээс уяачид хүрэлцэн ирж оролцов. Нийт уралдсан 4249 морийг Төв, Улаанбаатар, Зүүн, Баруун, Хангай, Говийн 6-н бүсэд хуваан 150 метрийн өргөнтөй 6-н гарааны төхөөрөмжнөөс нэгэн зэрэг гаргаж ямар ч осол эндэгдэлгүй 18 киломерт уралдуулж чадсанаараа Монголчууд дэлхийн хүн төрөлхтөний өмнө Монголоороо, Монгол хүний ур ухаан, чадварыг шагшуулан гайхуулж чадсан юм.  
Монголын төлөө цохилох зүрхтэй хэн боловч энэ уралдаан, жагсаалыг дэмжин газрын хол усны уртыг туулан ирж, нэгээс 4249 бүрддэг гэдгийг харуулж, үзүүлсэн бодит жишээ болов. 
Монголын төлөө цохилох зүрхтэнгүүд  
Хамгийн идэвхи зүтгэлтэй ажилласан аймаг бол Төв аймаг. Аймгийн Засаг даргын дэргэд 24 хүний бүрэлдэхүүнтэй салбар комисс байгуулж, комиссын даргаар аймгийн Тамгын газрын дарга Цогбаяр, нарийн бичгийн даргаар Ганхуягийг ажиллуулж, 27 сумнаас 100 морь гаргаж, 10.000 морьтон Монголчуудын их  жагсаалд жагсаах, 3000 морины уралдаанд уралдуулах заавар зөвлөгөөг өгч ажилласан билээ. 10.000 морьтон Монголчуудын их жагсаалд Төв аймагчууд 3000 хол гарч жагсан бахархам амжилтыг үзүүлсэн билээ.
Нэгдсэн зохион байгуулалттаараа бусдыгаа хошуучилан ажилласан аймаг бол Булган аймгийн уяачдын холбоо юм. Өөрийн зардлаараа 12 морь авчирч жагсаасан сумын алдарт уяачийг аймгийн алдарт уяачдад санал оруулах түр журмыг Булган аймгийн Засаг дарга гаргаж уяачдаа дэмжсэн байдаг. Булганы уяачдын холбоо цагдаа, хүн, мал эмнэлэг, хүүхдийн эрхийн ажилтаныг энэ уралдаан, жагсаалд оролцуулж ажиллажээ. 
ММСУХолбоо  Дэлхийн Гиннесийн байгууллагад Монгол морины уралдааныг бүртгүүлэх албан ёсны саналаа 2012 оны 10-р сараас эхлэн тавьж ажилласан юм.
  Дэлхийн Гиннесийн байгууллага  хүн, малыг зовоох, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар олон удаа асууж зөвшилцөж байсан ч зөвшөөрөөгүй хариуг удаа дараа ирүүлж байсан. Гэвч Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцааны  ажилтнууд  уйгагүй сайн ажилласаны үр дүнд зөвшөөрсөн албан ёсны хариуг 2013 оны 4-р сарын эхээр авч чадсан юм. 
Аймгуудын салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар оролцсон  удирдах ажилтаны зөвлөгөөнийг ММСУХолбоо жилдээ нэг удаа зохион байгуулдаг билээ. 2013 оны 4-р сарын 22 нд удирдах ажилтаны зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулж, уг зөвлөгөөн дээр 3000 монгол морийг нэгэн гараанаас зэрэг уралдуулах, 10.000 морьтон Монголчуудын их жагсаалыг зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болох тухай ММСУХолбоо албан ёсоор зарласан билээ. Уг зөвлөгөөн дээр  Булган аймгийн уяачдын холбооны тэргүүн Лхагвасүндэв, нарийн бичгийн Ууганбаяр нар Булган аймгаас 500 морь оролцуулах тухай саналыг гаргаж бусад аймгаа уриалан дуудаж байсан билээ. Булган аймгийнхан энэ амлалтаа давуулан биелүүлж 700 гаруй морь уралдуулж Булган бол анхдагчийн өлгий нутаг гэдгээ батлан харуулж байсан. 
Налайх дүүрэг 2012 оны эцсээр 200 гаруй адуу тоолуулсан байдаг. Гэвч Налайх дүүргийн Засаг дарга Хасбазарын Болдбаатар, уяачдын холбооны тэргүүлэгч Алтандөш нарын санаачилгаар 600 гаруй морьтоныг жагсааж, уралдуулав. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн боловч хийж бүтээе гэсэн санаа байвал болж бүтдэг гэдгийг Налайх дүүргийн зохион байгуулалт харуулж байлаа. 2012 онд Монгол улсын шилдэгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан Сэлэнгэ аймгийн “Буган Халиун Ажнай” уяачдын холбоо  ажил үйлсээрээ шалгарч 600 гаруй  уяачдыг энэ түүхэн үйл явдалд оролцууллаа.  Хан Хэнтий аймгийн уяачид сум сумаасаа хүлэг эрдэнэ морио авчирч оролцов. Аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатар  түүхэн энэ үйл явдалд оролцохыг уяачдаа уриалж, захирамж тушаалаа гаргаж дэмжсэн байдаг. Аймгийн уяачдын холбооны тэргүүнээр хамгийн олон жил ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн уяачдын холбооны тэргүүн Гомбожав алс 1000 гаруй километрийн цаанаас 100 гаруй уяачдыг морьдын хамт авчирсан байлаа. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Төв, Булган, Налайх, Сэлэнгэ,  Хэнтий, Говь-Алтай аймгийн уяачдын холбоо сайн ажилласаныхаа үр дүнд 16 сая төгрөгийн үнэтэй гарааны төхөөрөмжөөр шагнуулав.

4249 монгол морины уралдаан, 11.125 морьтон Монголчуудын их жагсаалд ирж оролцсон, мөн ирж оролцож чадаагүй ч сэтгэл санаагаараа дэмжсэн нутаг нутгийн олон мянган уяачдын халуун сэтгэлээр энэ дэлхийн дээд амжилтыг монголчууд бид тогтоож, эзэмшигч нь болж чадсан гэдгийг уяач та бүхэндээ уламжлая.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос  санаачилан зохион байгуулсан дэлхийн дээд амжилт 11.125 морьтон Монголчуудын их жагсаал, 4249 Монгол морины уралдааныг   Англи улсын нийслэл Лондон хотод байрлах Дэлхийн Гиннесийн байгууллагын төв оффисын албан ёсны шүүгч хатагтай Лучия  Синигаеси шүүгчдийн  багтайгаа  ирж шүүсэн билээ.

Монголчуудыг тэнгэр бурхан үргэлж мөнх ивээдэг
8-р сарын 10-ны үүрээр зөөлөн шиврээ бороо оров. Бороо орсноор олон монгол хүний баярын магнай гийж билээ. Учир нь урьд орой 3000 морь уралдах уралдааны замыг  үзэхэд хуурайшиж, тоос босож  комиссынхоны сэтгэлийг зовоож байсан юм. Усалгааны машинаар гарааны хэсгээ сайн усласан. Гэвч үүрээр тэнгэр бурхан ивээлээ хайрлаж зөөлөн бороо шивэрч оров.
Хоорондоо 30 метрийн зайтай 6-н гарааны төхөөрөмжийг байрлуулж, нэгэн командаар зэрэг онгойхоор сэтгэсэн  монгол инженерын мэдлэг шингэсэн  гарааны төхөөрөмж, 4249 морийг тоолох тооллогын зохион байгуулалт, уралдааныг зохион байгуулж буй комисс, цэрэг цагдаагийн хамгаалалтын зохион байгуулалтыг харж үзсэн  шүүгч хатагтай Лучия  Синигаеси:...,Би дэлхийн дээд амжилт  олныг бүртгэж байсан. Гэхдээ та бүгд шиг ингэж зохион байгуулсан улс оронг үзэж харж байгаагүй гэлээ.

 

Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойн ярилцлага Тэртээ 18-жилийн өмнө отрийн бор гэрт үүсч байгуулагдсан Уяачдын холбоо холбоо дэлхийн дээд амжилт эвдээд хамтдаа зогсож байна.
Хээр морь түрүүллээ Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ.