Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо.

ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.

"МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Д.Батмөнх, М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн МУ-ын Тод манлай уяач, Улсын начин Ц.Дуламсүрэн, уяач "Дааган" Цэнд-Аюуш, Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн Ч.Мөнхбат, тэргүүлэгч гишүүд, 19 сумын 250 гаруй уяачид, Архангай аймгийн хүүхдийн төлөө хэлстийнхэн оролцлоо.

"МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нээж товч үг хэлэв. Үүний дараа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн хөтөлбөр ёсоор ММСУХ-ны  Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Архангай аймгийн  Морин Спорт, Уяачдын Холбоо нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо мөн тул батламж олгов гэсэн батламжийг Архангай аймгийн МСУХ-ны  тэргүүн Ч.Мөнхбатад  гардуулж, Монгол улсын Шадар сайд Монголын Морин Спорт, Уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхолдын мэндчилгээг хүргэж зөвлөлгөөнийг нээлээ.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны товч тайлан  бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар уяачдад дэлгэрэнгүй ярьж зөвлөлдөв. Олон уяачид санал бодлоо илэрхийлж байлаа.

Ч.Мөнхбат: Морь уралдах цаг нь болоогүй байхад өвлийн уралдаан зохион байгуулаад байгаа хүмүүст ямар шаардлага тавих вэ?

П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын хурдан морины уралдааны дүрмэнд өвөл цагт морь уралдуулахгүй дүрэмтэй. Энэ дүрмийн 4.7-д "Билгийн тооллын намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нийг хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглоно" гэсэн байгаа. Дүрмэнд заасан энэ цаг чинь намрын хайлган цаг, өвлийн идэр есийн хүйтэн байдаг. Уяач таны хурдан морийг хамгаалж байна. Мөн хаврын сар гараагүй байхад уралдаж болохгүй гээд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалсан  байгаа биз. Тэгэхээр  уяач та бүхэн өвлийн уралдаанд оролцохгүй л бай л даа.  Дүрэм зөрчсөн өвлийн уралдаанууд болохгүй шүү дээ.. Хурдан морь унаач хүүхэд гэдэг чинь бидний  нялх балчир үрс биз дээ. Хэт халуун, хэт хүйтэн морь унуулахгүй байх ёстой. Тэгэхээр өвлийн цагт ялангуяа бооцоот уралдан зохион байгуулж, хурдан морь унаач хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгож тэр нөхдүүд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг шууд хариуцана шүү гэдгийг хатуу сануулж хэлж шаардлага тавих ёстой.  Архангай аймгийн нийт уяачид та бүхэн бооцоот болон өвлийн уралдаанд битгий оролцооч гэж би уриалж байна.

Дорж/МУ-ын гавьяат малчин/: Архангай аймагт уяачдын зөвлөлгөөн анх удаа болж байна. Би нэг санал хэлэх гэсэн юм. жишээ нь аймгийн нэг уяач улсын  цолыг авья гэж бодоход мөн ч их урт замыг туулахаар  байна л даа. Аймгийн чанартай наадмын 90% -д оролцож амжилт олсон аймгийн уяачдад улсын цол олгож  болох уу гэж асуух гэсэн юм.

П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга:Улсын цолны асуудлыг "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг зохион байгуулсан  аймаг болгонд уяачид саналаа хэлж, тавьж байгаа.  Улсын цолыг авахын тулд болзол биелүүлдэг.   Үндэсний бөх, сур бол жилдээ зөвхөн улсын наадамд оролцож амжилт гаргавал цол авдаг. Манай уяачид харин жилдээ хавар, зуны бүс. улсын наадам, 3-н жилд нэг удаа болдог "их хурд" уралдаан гээд олон уралдаанд оролцдог юм.

Уяач:2013 онд Архангай аймгийн 90 жил болно. 90жилийн наадамд морио түрүүлгэж, айрагдуулсан уяач улсын цолны болзолд орох уу?   80 жилийн амжилт  нь орж байгаа.

П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга: Хуучин аймгуудын ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол гардаг  байсан. Тийм болохоор аймгуудын ойн наадмуудын амжилт цолны болзолд ордог байсан.  Одоо Монгол улсын засгийн газрын тогтоол нь Баруун, Зүүн, Төв, Хангай гээд бүсийн уралдаан болох газруудыг нь заасан тогтоолыг гаргадаг болсон. Тийм учраас аймгуудын 80, 90 жилүүд орохгүй болсон.

Чанаров/Булган сум/: Эрлийз адууг яаж ялгах юм вэ?, 2-рт Цэнд-Аюуш уяачаас асууж байна. Даагыг хэзээ сургавал зүгээр вэ?

П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга:Монгол, Эрлийз адууг яаж ялгах вэ гэж асууж байна. 1-рт хэмжилтын арга. Энэ нь сэрвээний өндөр гэх мэт, 2-рт ажиглалтын арга байдаг. Ернь уяач хүн бол энэ  монгол уу, эрлийз үү гэдгээ хараад багцаалдаг шүү дээ. Монгол адууны стандарт гэж байдаг. Үүнийг өөрчлөхөөр ярилцаж байгаа. Одоо байгаа энэ стандарт бол бэлчээрийн адуугаар  стандартыг  гаргасан юм билээ.  Уралдааны адуу гэдэг чинь арай өөр биз дээ. Тэгэхээр уралдааны стандартыг яаралтай гаргаж тогтоовол эрлийз, монголыг  ялгахад хялбар болно.

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: Ер нь хамгийн сайн ялгах асуудал бол уяач бидэнд байгаа. Монгол адуу уралдана шүү гэхэд Эрлийз адуугаа авчираад уралдаан, наадам үймүүлээд байдгаа болчихвол болно биз дээ.

Ц.Цэнд-Аюуш уяач:Даагыг цас цоохортсон үед сургадаг байсан шүү дээ. Даагыг эхлээд аятайхан хөтөлж сургаад тэгээд сургавал хөл, цээжээ авахгүй шүү.

Уяач: Цэнд-Аюуш уяачаас асууж байна. Дааганы баас нь хуралчихаад байна. Яах ёстой вэ?

Ц.Цэнд-Аюуш уяач: Уяж байгаа мориныхоо  гэдсийг  сольдог шүү дээ. Түүнтэй адил гэдэс дотрыг солих хэрэгтэй. тэгэхээр аяндаа баас хуралдаад байхгүй болно.

Чадраабал/Өлзийт/:Дуламсүрэн Тод манлайгаас нэг асуулт асуух гэсэн юм. Морийг уялгүй өнжөөх ямар вэ?

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: Тун товчхоноор хариулахад ялангуяа хавчиг морийг өнжөөх тийм сайн биш гэдэг нь нотлогдоод байна л даа. Гэхдээ хавчиг морийг  уяад наадамд уралдах албагүй. Хавчиг морийг уяж, ажил хийгээд өнжөөх нь чухал болоод байна. Ер нь хурдан морийг зөв байлгахын эх үндэс бол эдэлгээ шүү дээ.

Ганчөдөр уяач: Хавар уяхлаар хэл нь хатаад, зун уяхлаар зүгээр байгаа морь юунаасаа болоод байнаа.

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: За олон янзын шалтгаан байдаг. Үзэж харах л хэрэгтэй дээ. Салхи цохьсноос болоод  хэл нь хатдаг тал бий,  бас ханиадтай адуу тэгээд байдаг. Мөн хамрынхаа салстанд өрөвсөлтөй байж болно. гэх мэт шалтгаануудаас болоод хамраараа биш амаараа амьсгаа аваад л байна л даа. аль болохоор амаар нь амьсгаа авахуулахгүй байх ёстой.

Уяач: Хусран даагыг 3 хоног өвс идүүлэхгүй саамаар уралдуулбал хурдан гэх юм. Энэ үнэн үү?

Ц.Цэнд-Аюуш уяач: Яаж болох вэ? харин ч эсрэгээрээ шүү дээ. саамыг аль болох бага өгөөд өвсөөр уралдахад зүгээр юм шиг байдаг шүү.

"МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөний үеэр  Чулуут сумын ахмад уяач  Ж.Намшираа, Их тамир сумын уяач Б.Барбаатар, Хотонт сумын уяач Тогтох, Түвшрүүлэх сумын уяач Д.Надал,  аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Д.Рагчаабазар нарыг ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

"МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн уяачдын ихэнх нь аймгийн уяачдын  бага хурлыг 6 жил болоход нэг ч хийгээгүй гэсэн санал шүүмжлэлийг тавьж байсан. Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн Ч.Мөнхбат  тодорхой шалтгааны улмаас хийж амжаагүй гэдгээ тайлбарлаж, 2012 оны 4-р сарын 6-нд уяачдын бага хурлыг  хуралдуулах шийдвэрийг албан ёсоор гаргана билээ. 

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дунд нас 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү Б.Цэрэндагва унаж түрүүлгэлээ
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азаргыг уралдаанч хүү 10 настай Хишигжаргалын Содномдорж унаж түрүүлгэлээ
Ө.Пүрэвбаатар: СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ОРОН ДАЯАР ШУУД НЭВТРҮҮЛНЭ 2019 оны анхны бүсийн уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжирын нэрэмжит байхаар тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ тавдугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болох уг төвийн бүсийн уралдаан шинэ журмын дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү уралдааныг зохион байгуулах үүргийг ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар хүлээжээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.