Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны уриалга

"Монголын хурдан морины уралданы дүрэм"-ийн 4-р зүйлийн 7-д зааснаар Монгол улсад өвлийн улиралд буюу намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Монголын уяачид  бид хурдан морь унаач хүүхдийнхээ  аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс хүйтэн жавар халирч,  урин дулаантай золгосон хаврын улиралд хурдан морь уралдах өдөр цагаа сонгон товлож, уламжлалт хаврынхаа уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд хийдэг билээ.

Гэтэл Монголын хурдан морины уралданы дүрэм, Монгол улсын Шадар сайдын өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон албан тоот,  Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбоотой хамтран гаргасан "Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах", гэрээ, уриалга,  Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос хууль бус уралдаанаа зогсоохыг шаардсан  шаардлага, мэдэгдэл зэргийг зөрчин  "ЖЕЙЛ" ХХК, "НЭГ ҮЕ" клубын удирдлага, уралдааныг зохион байгуулагчид "Идэр ес"-ийн жавар тачигнасан өвлийн дүн хүйтнээр Уяачид бидний нэр хүнд, ёс зүйг зөрчин хурдан морины унаач хүүхдүүдийн маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг үл тоож, бооцоотой хууль бус  хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байгаа тул Эрхэм  хүндэт Уяачид, Эцэг эхчүүд та бүхэндээ хандан 2012 оны 1-р сарын 29-ны  өдөр болох  хууль бус уралдаанд  хурдан морио уралдуулахгүй байх, хурдан морь унаач хүүхдүүдээ  оролцуулахгүй байхыг уриалж байна. 

Мөн "ЖЕЙЛ" ХХК, "НЭГ ҮЕ" клубын удирдлагууд, уралдаан зохион байгуулагчдад энэхүү хууль бус уралдааныг зохион байгуулснаар гарах аливаа эрсдэл, хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, хор уршгийг хуулийн өмнө та бүхэн шууд хариуцах болно шүү гэдгийг хатуу сануулж байна.  

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, хурдан морь унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, эрх ашгийг цаашид ч тууштай хамгаалан тэмцэх болно гэдгийг энэхүү  хууль бус, бооцоот уралдааныг санаачилан зохион байгуулж байгаа  "ЖЕЙЛ" ХХК, "НЭГ ҮЕ" клубын удирдлагууд, уралдаан зохион байгуулагчдад  хатуу сануулж байна.

Энэхүү хууль бус, бооцоот  уралдааныг та бүгд хүчээр зохион байгуулснаар цаашид  хөдөө орон нутагт хууль бус, зохион байгуулалтгүй уралдаанууд хийгдэж, буруу үлгэр дууриалал үзүүлж, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд ноцтойгоор хохирч, эмх замбараагүй, хууль бус байдал газар авахад хүрвэл эдгээрээс үүдэн гарах хариуцлага та бүхэнд зүй ёсоор ноогдох болно гэдгийг хатуу сануулж байна.


Монголын Морин Спорт Уяачдын Холбоо
 

 

Ахмад уяач Д. Цэлхээд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлэв Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Даага) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Даага насны уралдааны фото/
Эмгэнэл МУАУяач Ц.Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ...