Мэдээ мэдээлэл

Дамдин Янсан бурханы ном хуруулав

ММСУХ, Дундговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлтөй хамтарч ИДГАА ЧОЙНЗИЛЭН дацанд Дамдин Янсан бурханы ном хуруулав

“Хрэ базар гүрдо хаянхирваа хүлү хүлү хум пад” Дамдин Янсаны зүрхэн тарнийг монголчууд хурдан хүлэг мориныхоо хийморь лундааг сэргээн баясгадаг марзий буюу гийнгоолохдоо аягуулан дуудаг билээ. Энэ учир Монголчууд Дамдин Янсан бурханыг адууны гол шүтээн бурхан гэж шүтэж ирсэн байдаг. Тэгвэл Дамдин Янсан бурхан мал адгуус, эд баялагийн арвижуулах, тэр дотроо адуу малыг арвижуулах бурхан юм. Түүнээс гадна байгаль дэлхий, уул ус унаган байгалиа  дээдлэн хайрлах монголчуудын зан үйлд тохирсон бурхан юм байна.

Тоолшгүй олон амьтаны энэлэн зовох зүдэргээт ахуйг болгоон тэсгэл алдан унагасан Нанваантаяа/Цаглашгүй гэрэлт/ бурханы нулимсаас Жансрайсэг бурхан биеийг олж бүтсэн гэдэг. Нийгүүлсэх сэтгэлийн эх бодисадва Жансрайсэг бурханы догшин дүр нь Зарлигийн хаан Их Ядам дамдин Янсан бурхан гэдэг.

              Дамдин Янсан нь дээр оршигч ад чөтгөр, саа, жугар дунд оршигч ад чөтгөр, зан, жалгон доор оршигч ад чөтгөр, савдаг, лус тэргүүтнийг номхотгогчийн дээд манлай бурхан гэж  номонд өгүүлсэн байдаг.

              Монголын Морин Спорт Уяачдын Холбоо олон мянган уяачдынхаа сүсэг бишрэлийг үүсгэн  хэл ам, лус савдагын муу нөлөө бүхэн амирлаж,  хийморь лундаа нь сэргэн аливаа саад тотгорыг  арилгах үүднээс Их Ядам бурхан Дамдин Янсаны номыг хуруулж, даллага авахуулж, шүтээнээ шүтэн тахиулав. Олон уяачид бурхан шүтээнд залбирсаны дотор Дундговь аймгийн уяачид, “Дорнын унага” , ”Талын хүлэгч” гал уяа, Монгол улсын Тод Манлай, Манлай, Алдарт уяачид, хурдан морины зүтгэлтэнүүд ирж оролцлоо.

             Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний Дашнямтай өлзий бүрдсэн энэ өдөр “ИДГАА ЧОЙНЗИЛЭН” дацанд Дамдин Янсан бурханыг тахиж, ном хурах  дэг жаяг бол 200 гаруй жилийн тэртээгээс Монголчуудад  өвлүүлэн үлдээсэн Бари лам Дамцагдорж гэгээнтны жаягаар хурж байгаа юм байна.

              Дамдин Янсан бурханы увдисыг дамжуулагч БАРИ ЁНЗИН ДАМЦАГДОРЖ хутагтын 230 жилийн ойн 2011 онд тохиож буй юм байна. Бари лам Дамцагдорж гэгээн 1781 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу нутаг/одоогийн Дундговь аймгийн Сайхан овоо сум/ Онгийн улаан хошуу хэмээх газарт мэндэлжээ.

              Бари лам Дамцагдорж гэгээн бага насандаа сахил хүртэж энэ цагаасаа эхлэн  Их хүрээний Дашчоймбил дацанд сууж учир шалтгааны ухааны номд суралцжээ. 21 насандаа Амдуугийн Гүмбүм лавран хийдэд сууж байхдаа Даглүба Пэрэнлэй жамцоос гэлэн сахил хүртэж, 24 насандаа Түвдийн Сэра хийдэд 16 жил судар тарнийн гүн ухаанд мэргэжсэн байна. Тэрээр Монголын V, VI Богд Жэвзүндамба нарын номын багш, Их хүрээнд Ламрим дацан зэргийг үндэслэн байгуулж, түвд хэл дээр 23 боть зохиол бүтээл туурвисан хүн.  Бари лам Дамцагдорж гэгээнтэн Дамдин Янсан бурханы талаар 3 боть бүтээл туурвиж  Дундговь аймгийн Сайхан овоо суманд байдаг  Гүндүү Жамбаалан  хийд, мөн Түвдийн Сэра хийдийн гол сахиусаар Дамдин Янсан бурханыг тус тус залсан байдаг.

                Бари лам Дамцагдорж гэгээнийг  Нагаржуна төв үзлийг тодруулагч язгуурын сэтгэгч гэж үздэг бөгөөд төв үзлийн хамгийн дээд үзэл болох Хэтрүүлэгч ёсны гүн ухаантан гэж нотложээ.

                Дундговьчууд 2011 онд аймаг үүсч байгуулагдсны 70 жилийн ой, Бари лам Дамцагдорж гэгээнтэны 230 жилийн ойг хамтатган тэмдэглэх ажлын хүрээнд энэ номын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

"Морьтны их цэнгүүн" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны "Морьтны их цэнгүүн"-д зочид төлөөлөгчид, морьтны соёлын зүтгэлтнүүд гэр бүлээрээ оролцож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
“Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хурал болов “Нарны хүлэг” МСУХ-ны 4-р бага хурал болов
ММСУХ-ны 2010 оны хэвлэл мэдээллийн шилдэгүүд тодорлоо. - 2010 онд болсон олон уралдааныг шууд дамжуулан үзэгч түмэнд шуурхай хүргэж ММСУХ-той амжилттай хамтран ажилласан