Мэдээ мэдээлэл

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЭМБЛЭМ, “ИХ ХУРД” УРАЛДААНЫ МЕДАЛЬ ТЭР БҮГДИЙГ БИД ХИЙСЭН

Монголын морин спорт, уяачдын холбооны эмблем тэмдгийг зохиосон зураач, барималч Д.Хурцгэрэлтэй уулзаж, энэ бүтээл хэрхэн бүтсэн тухай сонирхсон юм.

-ММСУХ-ны эмблемийн зохиогч нь Та юм байна. Энэ бүтээл тэмдгийг хэрхэн бүтээсэн тухайгаа хуучилна уу?

-Энэ эмблемийг хийх гэж нэлээн олон жил бодсон юм. Энэ холбооны тэргүүн Пунцагбалжир надтай хамт нэг удаа гөрөөлсөн юм. Тэгээд надаар нэг эмээл хийлгэхээр боллоо. Тэрнээсээ улбаалаад надаар холбооныхоо эмблемийг хийлгэе гэсэн юм. “Урьд нь зураач Ж.Саруулбуян нэг лого хийсэн юм. Энэ арай л болохгүй байна” гээд надад санаагаа хэлсэн юм. Тэгж байтал Пунцагбалжир гэнэт тэнгэр болчихлоо. Дараа нь А.Баярмагнай утасдаад, Холбооны тэргүүн У.Буяндэлгэр бас шаардаад... Тэгээд л хийчихсэн дээ.

-Шинээр холбооны тэргүүн болсон У.Буяндэлгэр гуай нэмж санаа оноо хэлсэн үү?

-Тэд нэмж, шинэ санаа хэлээгүй. Би өөрийнхөөрөө л шийдсэн. Азарганы хөхөл боолттой байгаа биз дээ. Монгол гэсэн үг байгаа биз. Эвхэмэл бичгээр бичсэн юм. Адуу адууны манлай гэдгээр нь азарганы хөхөл хийсэн хэрэг. Харин энэ үсэгний дээр заавал гал байх ёстой юм шүү. Гал хийж өгөөрэй гэж Уртнасан гуай хэлсэн юм. Тэр галын дөл бол Уртнасан гуайн санаа.

-Аль Уртнасан билээ. Манай Уяачдын холбоонд тийм хүн байл уу?

-АИХ-ын дарга байсан Уртнасан гуай л даа. Шинэ Үндсэн хуулийг баталж, гарын үсэг зурсан хүн шүү дээ. Бид бас л ан гөрөөний анд нөхөд юм.

-Та бас “Их хурд” уралдааны анхны медалиудыг хийсэн юм билээ.

-Тийм ээ. Би өөрөө медалиар бараг дагнасан хүн. Анхны “Их хурд”-ын медаль, гэрэгэг хийсэн. Дараа нь Хархорины мөнгөн модтой медаль бас хийсэн юм. “Их хурд-2”-т уралдсан бүх моринд медаль өгсөн юм даг. Тэрнийг бас л хийсэн.

-“Их хурд-1” уралдаанд хандив өргөсөн хүмүүсийн нэг юм билээ, та. Энэ уралдаан бас л олон хүний сэтгэлийн дэмээр бүтдэг эд шүү?

-Тавин лан мөнгө орсон эмээл хийж хандивласан юм. Тэр уралдаанд би хоёр ч эмээл хийж өгсөн юм. Нэгнийх нь мөнгийг танай холбоо гаргасан. Нэгийг нь би сэтгэлээрээ хандивласан. Гөлөм дэвс, дөрөө ганзагнаас эхлээд бүгдийг нь бид өөрсдөө хийсэн юм. Миний хандивласан тэр эмээлийг аман хүзүүдсэн морины эзэнд өгсөн юм даг.

-“Их Хурд” уралдааны ач холбогдол, нөлөө царааг та хэрхэн дүгнэх вэ? Хэдийгээр уяач хүн биш ч энэ үйл явдалд оролцож явсан хүний хувьд танд тодорхой сэтгэгдэл үлдсэн байж таарна?

- Улсын хийгээгүй тэр их том ажлыг хувь хүмүүс, олон нийтийн нэг байгууллага л хийчихсэн юм шүү дээ. Өөрсдөө санаж сэдээд юм хийж болдгийг харуулсан үйл явдал. Түүнийг уяачид өөрсдөө л хийсэн. Тэр үед 3 сая төгрөгний хурдан морь жигтэйхэн үнэтэйд тооцогдож байсан байх. Одоо бол 30, 40 сая төгрөг болоо биз. Энэмэтчилэн уяачид малчиддаа тустай их зүйл байгаа байх л даа. 

-Та одоо юу хийж бүтээж байна, нэг томоохон төсөл дээр ажиллаад байгаа сураг сонссон юм байна?

-“Чингис хааны онгон” ХХК-ийн менежерээр ажиллаж байна. Энэ онгоныг бүтээх цогцлоох ажлыг санаачилсан, зохиогч нь юм би. Төв аймгийн Мөнгөн морьтод Чингис хааны шүтээний газрыг байгуулна. “Их эзэн Богд Чингис хааны онгон бүхий Монгол хаадын цогцолбор”-ыг бий болгохоор зорьж байна. Монголын 38 хааны хөшөөг бүтээх юм.

2020 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА ААУ Давааноровын Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" гал уяа
Хурдан морь уралдаанч хүүхдүүд байраа гардан авлаа МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан , Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  ар гэрийнхэнд гардуулан өглөө.