Мэдээ мэдээлэл

ГЕРМАН УЛСАД МОНГОЛ МОРИНЫ ЦОЛ ЦУУРАЙТЛАА

Герман улсад болсон “Хипологика-2009” морины үзэсгэлэнд Монголчууд анх удаа оролцож, дэлхийн морьтонгуудтай хөөрөг зөрүүлж,морины соёл, хөгжлийн тухай, адуу эдлэх соёлын талаар  ном хаялцсан юм.

Герман улсад болсон “Хипологика-2009” морины үзэсгэлэнд Монголчууд анх удаа оролцож, дэлхийн морьтонгуудтай хөөрөг зөрүүлж,морины соёл, хөгжлийн тухай, адуу эдлэх соёлын талаар  ном хаялцсан юм. Англи,Итали, Австри, Польш,Голланд,Монгол зэрэг орны 200 гаруй пүүс компани, байгууллага оролцсон олон улсын цар хүрээтэй үзэсгэлэн байлаа. Монголчууд сүүлийн үед зөвхөн хурдан морины талаар ярьж,уяж байгаа бол буурал европод адуу эдлэх соёлыг илүү хөгжүүлж байгааг, Даяарчлалын энэ эрин зуунд хүн төрөлхтөн байгаль дэлхий рүүгээ хэрхэн эргэж байгааг харлаа.


 

Хүн харахад орчин үеийн тоног төхөөрөмж, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж морины өвс тэжээл, бэлдмэлээс авхуулаад морийг  зохиомол хээлтүүлэг, үржлийн аргаар, морийг хөгжмийн  аянд бүжиглүүлж ,харайлган сургаж байгаа боловч эргээд  айхтар их үйлдвэржсэн энэ их дуу чимээнээсээ салж, байгаль дэлхийтэйгээ харьцах харьцааны хамгийн энгийн хэлбэр нь адуу мал нь болсон байна.


 

Жаахан хүүхдээ морь унуулж сонирхуулах,сургах гээд эцэг эхчүүд дугаарлан хүлээж байгааг үзлээ. Ингэж унуулж сургах орчинг сайн бүрдүүлсныг олж харлаа. Ингэхэд монголчууд бид ер нь адуутайгаа хэрхэн харьцаж байгаа билээ. Морийг хэдэн уяач уядаг, малыг хэдхэн малчид маллах ёстой гэсэн нэгэн хэвшмэл ойлголт бий болжээ. Тэгвэл энэ үндэсний соёлыг хэдэн уяачид, нүүдэлчдийн соёлыг хэдэн малчид  тээж яваа  гэдгийг мартах ёсгүйг үзэсгэлэнд оролцсон уяачид бас олж харлаа. Өнөөдөр хурдан морь уяж байгаа хүмүүсийг болохоор  бэл бэнчингээрээ гайхуулсан гэж хэлдэг болжээ. Энэ хүмүүс бол үндэсний их өв соёлыг тээгчид юм гэж хэн ч боддоггүй гэдгийг  илүү ихээр мэдрүүлж өгсөн юм.  Монголчууд морь цоллох “үзүүлбэр” үзэсгэлэнгийн хөтөлбөрт орсон байлаа. Дэлхийд морио магтан дуулдаг ард түмэн Монголоос өөр байхгүй юм байна гэдгийг бас мэдэж авлаа гэж хүүрнэх морины цол дуудсан сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч Л.Цагаандалайтай ярилцсан юм.


 

-Монгол морины цолыг яаж хүлээж авч байх юм


 

-Хөтөлбөрт морины дуу гэж орчуулж оруулсан байгаа юм. Тэгэхээс ч өөр аргагүй байх. Морины цол гэж орчуулах хэцүү биз. Үзэгчид гайхаж энд юу болов гэх шиг бүгд л сортосхийж нам жим болсон. Цол дуудаж байгааг орчуулж байгаа тайлбарлагч “Энэ бол уралдаанд түрүүлж ирсэн морио магтан дуулж байгаа юм” гэсэн. Харин тэгтэл үзэгчид байж боломгүй юм гэж гайхашран, бүүр уулга алдан хүлээж  авсан. Хаалтын ажиллагааны дараа гарч явахад нэгэн Герман эмэгтэй  тааралдаад/бид бүгд монгол дээлтэй оролцсон юм/  Монголын тоглолт  хэзээ дахиж болох вэ гэж асуусан.  Бид сая хаалтын тоглолт хийчихээд явж байна гэсэн чинь тэр эмэгтэй  “Би ямар азгүй юм бэ. Тэр монголчуудын морио магтаж байгаа дууг сонсох гэж бодсон юм гэж уйлагнан хэлж байхтай тааралдсан. Ер нь монголчуудын морин дээрээс юм шүүрэх, морин дээрээс харвах энэ бүх үйл явдлыг харах гэж  үзэсгэлэнгийн танхим дүүрч байсан. Дараагийн  өөр үзүүлбэрүүд болоход хүмүүс ихээр цугларахгүй байсан шүү.


 

  -Та хэдэн оноос эхлэн морины цол дуудсан бэ?


 

- Ер нь морь цоллоно гэдэг их том урлаг. Бөхийн цол бол арай өөр, Сурын уухай бас өөр. Бөхийн цол бол нилээн урт бөхийн дэвээ юманд таарсан хэмнэл. Хурдан морины цол болохоор  давалгаалсан түрсэн яг л морь давхиж байгаа юм шиг. Биднийг бага байхад олон сайн цолчид байсан. Улаанбадрахын Хөнхөр гуай, Манай Өргөний үнхэлцэг Гомбосүрэн гуай гэж гоёхон цоллодог байсан улс байсан. Тэр хүн цээжилсэн үг байдагггүй. Хоёр насны морь дараалаад цоллоход Хөнхөр гуай, Гомбосүрэн гуай нар хоёр өөр үгээр цоллодог. Морийг  хушуунаас нь авахуулаад “Хун шөмбөгөр хошуутай,Хулан хоёр чихтэй гээд сүүл хондлойг нь шанам сайхан сүүлийг сагсалзуулан гээд л бүгийг нь багтаадаг. Морио хараад л үг нь орж ирээд байдаг. Одоо бол яахав ихэвчлэн цээжилсэн бэлэн цолнууд дуудаж байна. Миний хувьд морь цоллох юмсан гэж боддог байсан. Тэгээд  наадам дээр цоллоход  хүмүүс болж байна энэ тэр гээд л хэлдэг байсан. Морь уяж байгаа хүн морь цоллож болдоггүй гэж. Нэгий нь л хийх ёстой гэж.  Морь уяж байгаа болохоор сүүлийн үед бас морь цоллохоос татгалзах болсон. Үзэсгэлэнд оролцоход  уяачдын  холбоо санал тавьж гадаадад анх удаа морь цоллоо. Энэ тухай REITEN und ZUCHT сэтгүүл дээр гарсан байна лээ.


 

Морины цол бол Монголын соёлын өв мөн биз?


 

Ер нь морио цоллодог улс орон Монголоос өөр байдаггүй юм байна. Уяан дээр хуур татаад, уяан дээрээс хүүхэд гийнгоолоод гарахад морь нэг их гоё болдог. Дэвэлзээд л хөл нь газар хүрч байна уу үгүй юу гэмээр. Ёстой нөгөө Ц.Чимиддоржийн хэлснээр “Алтан туурайгаараа цүг цүг гишиглэн…”  гэдэг шиг л юм болж байгаа юм. Гэтэл цоллуулж байгаа морь яадаг гээч. Тэрний тэр нүд, чих ёстой л байж ядаад л… Цоллуулж байгаа морь чинь магтаалыг үгүй ээ мөн айхтар ойлгодог. Адуу өөрөө ярьдагүй л  болохоос мөн ч ухаантай амьтан шүү дээ. Адуунаас ухаантай амьтан байдаггүй ч гэлцдэг. Ухаан нь энэ сайхан хурдан буянг давхиад ирэхэд нь


 

Далай мөрөн цалиглаж байдаг


 

Даяар олон баясаж байдаг


 

Хөвчин дэлхий хөрвөж байдаг


 

Хүмүүн төрөлхтөн баясаж байдаг


 

Гарааных нь сайханд


 

Газар лус нь баясаж байдаг


 

Барианийх нь сайханд


 

Баян олон бахдаж байдаг. Ингээ л тэгээ л тэр ёстой хун шөмбгөр хошуутай, хулан хоёр чихтэй, алтан толиур магнайгаараа агаарын салхийг яран дэгдэж, алаг хоёр нүдээрээ алсын барааг харан дүүлж гээд л энэ бүх цолнууд, энэ бүх гайхамшигтай хэллэгүүд энэ бүх уран яруу найраг, тэр сайхан тунгалаг сайхан аялгуу, тэр хурдан морины давхилын хэм хэмнэлд тогтсон аялгуу энэ бүхнийг хэзээ ч орхиж боломгүй.


 

Морио цоллуулж суугаа уяач ёстой л бие сэтгэлийн жаргал байх даа?


 

Монголын хурдан морины уралдааны, монголчуудын адуу эдлэх соёлын гайхам оргил дээд үе бол энэ.  Жишээ нь хурдан морь барихаас авхуулаад уралдуулах, уях, сойх, эдлэх гээд хамгийн сүүлд нь хамгийн хурдан адуугаа мордуулчихаад цоллуулаад тэр төрийн далбаа төрийн асрын өмнө тэр эр хүн морь цоллуулан зогсож байна гэдэг бол. Монгол газар  эр хүн болж төрснийх нь жинхэнэ баяр бахдал, хүн морь хоёр болж төрснийх нь жинхэнэ дээдийн дээд амьд баяр бахдал нь байдаг юмаа.


 

Дэлхий нийт энэ соёлыг яаж хүлээж авч байх юм?


 

Дэлхий нийт бол үүнийг гайхашран хүлээж авч байна. Энэ бол үнэхээр Монголчууд адуу эдлэх хоёр мянган жилийн түүхтэй адууг анх гэршүүлсэн ард түмэн ийм байхаас яах юм бэ гэдэг тийм байдлаар хүлээн зөвшөөрч байна. Монголчуудаас ийм юм гарна. Харин орон нутагт нь, эх нутагт нь очиж тэр наадам гэдгийг үзье гэж олон хүн хорхойсох шиг болсон.  Ямартай л Германы Бундестагийн  гишүүн, Европын холбооны морин уралдааны холбооны Ерөнхийлөгч “Энэ бүхнийг үзээд танай наадмыг очиж үзэхээр шийдлээ. Долоон сарын 12 миний төрсөн өдөр. Монголд очиж төрсөн өдрөө тэмдэглэнэ” гэж дуу алдахав.


 

Та хэдэн оноос эхэлж морь тайлбарласан бэ?


 

1998 оноос эхлэн морь тайлбарласан. 1998 онд Төв аймгийн Баянжаргалан суман дээр Пунцагбалжир агсны нэрэмжит наадам болж монгол телевиз тэнд бичлэг хийж байсан юм.  Хэнээр морь тайлбарлуулах вэ гэж манайхан ярилцаж байх үед “Би тайлбар хийе” гэсэн. Та чадахуу гэж байна. Би сур тайлбралдаг хүн морь тайлбарлаж болох байлгүй дээ. Миний хийдэг ажил, сурсан ажил гээд тэгээд тайлбарласан


 

-Таныг морь тайлбарлаж эхлэхэд ямар хүмүүс морь тайлбралдаг байв?


 

За Гүрбазар, Ёолк, Авирмэд ах эд морь тайлбарлаж байсан. Наадмаараа хурдан мориныхоо уралдааныг тухайн үед бага гаргадаг байсан ч гэсэн тэд бол тайлбарлаж байсан.


 

-Морь тайлбарлана гэдэг сонирхол уу, мэргэжил үү?


 

-Би боддог юм.  Монголын үндэсний спортын мэргэжлийн тайлбарлагчийн угшил бол  Бадамсэрээжид гуайгаас эхтэй байхаа.  Бадамсэрээжид гуай радиогоор бөх тайлбарлаж, түүний дараа телевизийн тайлбарлагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Шагдарын Чанарав гуай тайлбарлаж эхэлсэн. Чанарав гуай бол үнэхээр гайхимшигтай, мэдрэмжтэй тайлбарлагч байсан. Ер нь талбай дээрх үйл явдлыг тайлбарлах, телевизийн дэлгэц харж байгаад тайлбарлах бол хоёр өөр асуудал. Телевизийн тайлбарлагчийн онцлог бол эргэн тойронд болж байгаа үйл явдлыг харах, мэдрэх өөрөөр хэлбэл орчноо мэдрэх тэгээд дээр нь телевизийн ажлаа  мэддэг,  мэргэжлийн сэтгүүлчийн хэв хэмжээнд  тайлбарлах ёстой.  Учир нь нэг хүнийг ч юм уу нэг хэсгийг ч юм уу, нэг адууг ч юм уу  тайлбарлаад бусдыг нь орхигдуулах, нөгөө талаас аль нэг талд үйлчлэх гэх мэтээс зайлхийх ёстой.  Жишээ нь Чанарав гуай бөх тайлбарлаж байхдаа шүүгчийн дүн гарсаны дараа, хөлийн цэц, гарын даагийн шийдвэр гарсны дараа тэр бөх  давлаа гэж зарладаг.  Морийг бол барианы зурхайд орох гэж байхад нь бол түрүүлж явна гэдэг учир нь комиссын дүн гараагүй байгаа. Харин комиссын  дүн гарсаны дараа бол тухайн морийг албан ёсоор түрүүллээ гэж  зарлах ёстой байдаг. Тэгэхээр энэ бол олон талын ухааныг цуглуулсан нарийн мэргэжил.


 

Та морийг угшил талаас нь тайлбарлахыг хичээж байна даа?


 

Адуу, хүний хоёрын угшлыг буруу хэлвэл долоон үедээ нүгэл болно гэж дээр үеийн өвгөчүүл хэлдэг байсан. Яагаад гэвэл тэр шинжлэх ухаан юм. Өнөөдөр хүн төрөлхтөн   цус ойртолоо гэж яриад байгаа. Тэгэхээр хүнийхээ удмыг тоохгүй ургийнхаа бичгийг бичиж хөтлөхгүй бол тэр омог отогт цус ойртолтонд өртөнө. Тэрэнтэй адилхан хүнээс адуу авчихаад, хүнд адуу өгөхдөө үүлдэр  угсаа,удам угшлыг нь зөв хэлэхгүй бол тэр айлын адуу устаж мэдэх аюултай. Миний угшил талаас яриад байдаг нь  тэр хурдан хурц адууг бий болгох гэж хэдэн үеээрээ хөхөө өвлийн хүйтэнд хөрч, гангын наранд худгийн  ус татаж тэр адууг бий болгосон хүмүүс байгаа. Өнөөдөр яахав өндөр үнээр зарсан байж болно.Тэгэхдээ тэр адууг бий болгох гэж тэр малчин хүн, хөдөөний муу хөх өвгөн мөн ч олон үеээрээ зовоо доо. Тийм учраас тийм хүний нэрийг аль болохоор хэлэхийг боддог юм. Тэр адууг бий болгосон тэр хурдан хурц угшлыг бий болгосон хүмүүсийг байнга дурсаж байх ёстой.


 

Одоо цагт  морийг нь биш эзэн хүн, тухайн  пүүс компанийг зарлаж ярьдаг болсон байна. Энэ талаар таны бодол?


 

 Монголын хурдан морины уралдааны  тайлбарлагчийн үндсэн баримтлах зарчим бол тэр тухайн адууны үйлдвэр, угсаа, угшил нутаг усыг нь унаган эзний нь, мэдээж тэр морийг аваад хурдлуулж байгаа эзэн хүнийг  хэлэлгүй л яахав, магталгүй л яахав. Морины цуваан дээр юу гэж бичүүлсэн байна.  Сайд гэж үү малчин гэж үү тэр хүн юу гэж бичүүлсэн байна тэрийг нь сайн хэлж өгөх ёстой. Түүнээс биш  хөрөнгөтэй  хүн байна уу, хөрөнгөгүй ч хүн байна уу тэр бидэнд огт падгүй зүйл. Манайхан сайд хүн морь уялаа гэдэг. Сайд хүн морь уяж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Харин ч үндэснийхээ соёлыг тээж явна шүү дээ.Тэр албан ёсны бүртгэлээр л тэр хүний нэрийг дуудах дуудах ёстой. Хамгийн гол нь адууны угшлыг зайлшгүй хэлж байх ёстой.


 

Морь тайлбарлаж явахад бэрхшээлтэй зүйл гардаг уу?


 

Морь тайлбарлахад сүүлийн үед бэрхшээлтэй зүйл гарч байна. Монгол морины уралдаанд  дөрвөн зуун адуу нэг зэрэг эргэж байна. Гадаадын морин тойруулгууд бол ердөө  арван хэдэн морь л уралддаг. Тэдний ноймор дугаар нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр манай уяачдын холбоо, ер нь наадам зохион байгуулж байгаа хэн ч гэсэн төрийн наадам ч ялгаагүй морь үзэж байгаа хүмүүст ойлгомжтой болгох хэрэгтэй. Унаач хүүхдийн номер харагддаггүй. Бид цээжинд яваа хэдэн морьдыг бол таниж байна. Гэтэл аль битүү адуу, халхын ямар хурдан адуу шинээр гарч ирж уралдахыг мэдэхгүй шүү дээ. Дөрвөн зуун адуу хурдалж байхад тэр болгоныг мэдэх боломжгүй байдаг. Тэр л бэрхшээлтэй байдаг.Төрийн наадам ч бай аливаа нэрэмжит уралдаан ч бай  номерийг хажуу бөөрөн дээр нь гаргах нь зөв. Морио дугаарлана гэсэн үг. Хүнээ  биш морио. Одооны унаач хүүхдэд зүүлгээд байгаа номер ч, хажуу бөөрөн дээр хийх номер ч шинэ зүйл. Гэтэл зарим хүмүүс морины бөөрөн дээр номер зүүхгүй энэ манай уламжлал биш гэж ярьдаг. Угаасаа Монголын уламжлалт уралдаан бол хүүхэд нь номер зүүдэггүй байсан. Харин сая Дорноговьд болсон “Хутагтын хурд” уралдаан дээр бөөрөн дээр нь номер хийж туршиж үзлээ. Маш ойлгомжтой болж байна. Энийг одоо бид “Их хурд” уралдаан, дараа дараагийн уралдаан дээр  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны дааганы цуваа 1.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Б.Отгоннасангийн хүрэн даагыг Л.Пүрэвжаргал хүү унаж түрүүлгэлээ.