Мэдээ мэдээлэл

МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө

Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой.

. Хүмүүс өөр өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг ч зарим үед огт хэрэггүй зүйл ч бичигдсэн л байдаг. Гэхдээ энэ бүхний цаана хүнд хэрэгтэй, авууштай зүйлүүд ч бас байж л байдаг. Хурдан морины уралдаан эрчимтэй хөгжиж буй өнөө үед хүн бүр л морь руу орох болж. Энэ бол бидний нэгэн бахархал. Тиймээс эрхэм уншигч та бүхэндээ болон залуу уяачиддаа хэрэг болох болов уу гэсэн үүднээс МУТМУ Д.Ононгийн үнэтэй зөвлөгөөг хүргэе. Морь шинжих талаар товчхон ч гэсэн олон сайхан зөвлөгөөг эндээс унших боломжтой. Энэхүү ярилцлага нь 2007 оных юм байна лээ.

Гурван овоо тэгш морь хурдан байдаг гэлцдэг. Гурван овоо гэж чухам аль хэсгийг нь хэлээд байна аа?
-Морины хөхлийг боодог толгойны овоо яс, хар сээрний залгаа, олон уулзахын залгаа гурвын хоорондын зай нь тэнцүү байхыг тэгж хэлдэг. Үнэхээр гурван овоо тэгш морь хурдан байдаг нь үнэн.

Хурданыг туурайгаар шинжиж мэдэж болно биз? Хурдан морь худалдаж авах гэж байгаа хүн туурайг  сөхөж харж байгаа нь анзаарагддаг.
-Туурай бярны талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай, өсгий өндөртэй адуу бяртай байдаг. Тачирхаан богинохон хумстай бол сарвууны цуцалт тааруу талдаа. Адууны хумсыг гурав ангилж болно. Нэг хэсэг нь арынх нь их зузаан том бол гайгүй хурдтай, бүр хүнд тавагтай байвал тааруу. Хумсны хурдтай нь хулангийн туурай шиг гоё онгойсон, хурц шөвгөр үзүүртэй байдаг. Тийм адуу хөлийн хурдтай байдаг л даа.

Хурдан адууны дэл сүүл ямар онцлогтой байдаг вэ?
-Хуучны хошин үгэнд “Дэлдэн чихтэй бөх түрүүлээд дэлдэгнэж байхыг харав уу, дэл сүүл ихтэй морь түрүүлчихээд сэгсэлзэж байхыг үзэв үү” гэж байдаг. Дэл сүүл нь тунсаг, жигдхэн зөөлөн гоё дэл сүүлтэй адуу хурдан даа.

Энэ өөд газар гайгүй давхих адуу байна. Энэ уруу газар бол явахгүй ээ  гэж байхыг чинь би сонссон. Яаж мэдэхээрээ тэгж,ялгаж заагаад байна аа?
-Адуу бол хийцээрээ давхидаг амьтан шүү дээ. Эмээлийн хавтаснаас хойш өндөр, шургуу цээжтэй бол өөд газар сайн давхина. Сэрвээ өндөртэй бол уруу газар явж өгөх жишээтэй.

Тэгвэл цээж бөгс нь тэнцүүхэн адуу өөд уруугүй сайн давхих нь дээ. Ер нь ямар адуу цуцаа багатай байдаг юм бэ?
-Давхиж байхдаа хөлөө хичнээн л доогуур тавьж, доогуур самралттай байна төдий чинээ цуцаа бага байна гэсэг үг. Дал нь хичнээн л налуу байна, төдий чинээ доогуур самралттай байна. Доогуур самарч давхиж байна гэдэг чинь өөртөө төвөг багатай л хөдөлж байна гэсэн үг.

Шүд ам ямар байх нь хурдалахад бас нөлөөтэй биз?
-Нөлөө байна аа. Нэг тийм давчхан шавааралдсан, ойрхон, жижигхэн шүдтэй адуу хурдалдаггүй. Саравгар дэрэвгэрдүүхэн, өргөндүү шүдтэй нь зүгээр. Эрүү дутуу гэж байдаг шүү дээ. Энэ чинь дээд тал нь илүү, доод тал нь дутуу гэсэн үг. Эрүү тавиутай нь болохоор зуулт нь тэнцүү байна. Шүдний зуулт гэдэг чинь энэ. Амьсгаа давчуухан юмуу, уужимхан юм уу гэдгийг ч шүднээс нь мэдчихэж болно. Шүдний цөгцний горив том энэ тэр байх нь олон юмыг хэлнэ. Ерөөсөө тухайн адууны ясны чанар нь шүдэн дээрээ гардаг. Уруул ам элбэгтэй адуу бол шүд сайтай л байдаг. Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэж байх гэмгүй.

Яагаад?
-Хөлний гэмтэл шүдэнд илэрдэг юм. Сул бүдчихэд шүд эмтэрдэг. Дөнгөж доголж эхэлж байгаа адууг яг тэр үед нь хатгачихад зүгээр болчихдог л доо. Мөн цээжнээс нь эхэлж хатгаж байж зүгээр болгоно.

Хурдан морьны өнгө зүс нэг их гялтайгаад байх сайн гэлцэх юм билээ?
-Сайн биш ээ. Морины уяа мултрах, дутах хоёрт морины зүс гялтайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална, агсарна.

Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?
-Үнэн. 1994 онд улсад түрүүлсэн Батчулууны хээр морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган, үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.

Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?
-Хурдан тусмаа арьс нь нимгэн байдаг. Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг. Зузаан арьстай, хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй л байдаг юм. Нимгэндүү өргөн арьстай моринд дор хаяж бариа байдаггүй. Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа. Арьс султай нь зүгээр.

Хэнтий, Сүхбаатар чигийн ер нь зүүн талын адуу хурдан байдгийн нууц юу вэ?
-Байгаль орон, хүний оюун ухаан, хөдөлмөртэй холбоотой. Хужир устай, цагаан таруу газар ч амьтны хөлийн хурдыг шалгана шүү дээ. Тавиу газар явж байгаа юм чинь. Тэрэнтэй холбоотой. Арай дулаандуу, тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ. Нөгөөтэйгүүр хамгийн гол юм гэвэл Хар дэл жанжин бээс Пүрэвжав ноёны бий болгосон хурданы чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна. Оюун ухаан, хүч хөдөлмөр зарж хурданыг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэ лээ гэж дуулдсан газраасаа нэг үрээ авчирчаад л тэр нь учир зүггүй түрүүлж, түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ. Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ. Шинжлэх ухаанчаар, бодлогоор хандаж, удам угшил бий болгосон болохоор Хэнтий Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр.

Адууныхаа цусыг холтгоно гээд хаа хамаагүй газраас азарга, гүү авчирч байгаа байдаг. Тэр ер нь хэр зөв зүйл вэ?
-Хаа хамаагүй газрын л юмнуудтай хольж сүлээд байх нь утга учир муутай. Өөрийнх нь эвсэл дотор аятайхан байлгах л хэрэгтэй юм. Удам цус нь холдоно гэдэг чинь өөрийнхөө тэр үндсэн генээсээ улам л холдоод анхных нь эзэн хараад ч танихын аргагүй юм болгочихож болохгүй шүү дээ.

Хас тав, Хос тав”гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?
-Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө. Гарсан эр төл нь “Хас 5 “ азарга болно. Охин төл нь “Хос-5” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй. Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай. Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас 5 “ “Хос 5 “ гэж судар хөтөлж, юмаа тэгж л мэддэг байсан байхгүй юу. Бүр тооны ухааны томъёо шиг болгоод. Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.

Морийг арслан, гөрөөс, хандгай, туулай, мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?
-Хандгай язгуурт хамаарна. Тархи толгой, дал мундаа…. гээд. Цоллуулаад зогч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан ч уруул ам нь дарвайчихаад яг тулаад харахад нимгэн биш, мундаг. Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ. Барагтай морь дэргэд нь ирээд зогсоход дарагддаг байсан юм шүү дээ.

Монгол улсын өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн, олон хурдан буян цугласан “Их хурд-2” наадмыг би их тод санаж байна. Их насны морьд гарах гэж байхад “Манай уяан дээрээс дөрвөн морь баттай айрагдана” гэж байсныг чинь санаж байна. Үнэхээр сэтгэлд чинь баттай багтаж байсан болоод л тэгж ам гарсан байх даа?
-Өөрийнхөө уяаны морьдыг эрхэтгүй гадарлалгүй дээ. Морьд гарахын өмнө хүний уяан дээр очоод өөрийнхөө морьдтой дүйцүүлж харахад илүү бол илүү, дутуу бол дутуу нь дурайтал харагдана шүү дээ. Хүний морийг бол өөрийнхөөсөө илүү мэддэг юм шүү.

Тэр наадмын их насны морьд ирэхэд нээрэн таны хээр морь түрүүлж, хоёр ч морь чинь айрагдсан. Тэр том наадмын эхний тавд гурван морь багтаана гэдэг гайхалтай үйл явдал. ”Дөрвөн морь чинь ирвэл энэ унаж яваа жипээ өгье” гэж байсан залуу хэлсэн амандаа хүрэх байсан болов уу ?
-Хар морь /Энэрэлтийн хар/ бол эхний тавд ирэх байсан. Гарахдаа хөлөө эвгүй гишгичихээр нь замд татуулчихсан юм. Намайг тэгж ”өвчигнөж” байхад “Макс” Ганбаа нээрэн тэгж хэлж байсан юм байна шүү.

“Их хурд” –аас буцах замд шөнө морьдоо буулгаад идээшлүүлж байхад та араас нь ирээд буцааж ачуулсан? Нэлээн явж байгаад морьдоо дахин буулгаж идээшлүүлсэн санагдана.
-Шороотой долооцтой газар манайхан морьдоо буулгачихсан байсан. Давхиад ирсэн адуунд хужир дутагдчихсан байдаг юм. Тэгээд шороо долоочихвол үхнэ шүү дээ. Хужрын өнгөтэй бор шороотой тэр газраас “нүүлгэж” эрүүл сайхан өвс ногоотой газар хооллож хоносон л байхгүй юу.

Дундговь аймаг байгуулагдсны 60 жилийн ой 2002 онд болсон. Тэгэхэд танай уяаныхан тэнд очиж наадаж байсныг санаж байна. Даага мордохын өмнөхөн танайхны майхнаар очиход та уяан дээр дааганы сүүл боогоод зогсож байсан. "Морь хурдан уу" гэхэд “Хурдаан, түрүүлэх дааганы сүүлий нь боож зогсоно” гэж билээ. Тэгэхэд улсад түрүүлсэн даага хүртэл очсон байсан. Надтай цуг явсан нөхөд маань “Үнэн хэлдэг эсэхийг нь шалгая, даага дагая” гээд би дагасан юм.
-Тэгээд түрүүлсэн л биз дээ.

Нээрээн түрүүлсээн. Таны тэр хар даага тархины хэдэн даагатай явж байгаад барианд ойртоод ирэхээр хүүхэд нь хэд гуядсан чинь цойлоод л тархинд гараад түрүүлсэн . Улсад түрүүлсэн даагыг гүйцэж түрүүлээд …. Яаж тэгж мэддэг байна аа.
-Түрүүлэх морь андашгүй. Харахад бүр өөрөө хэлээд өгдөг юм. Өөрөө гардаж уясан хүн чинь мэдэлгүй яахав.

“Их Монгол Улс“ байгуулагдсны 800 жилийн улсын наадмаар таны уясан Цэнгэл сайдын хээр соёолон түрүүлсэн. Соёолонгийн түрүү дээр хэн бүхэн л харц сэтгэлээ унагадаг нь мэдээж. Энэ соёолонг бага сунгаан дээр татуулаад , тэрнээс хойш ажил хийлгээгүй гэж дуулдсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бага сунгаанд давхиад ирэхдээ уяа нь ханачихсан байсан юм. Тэр сунгаанд арван хэдээр л ирсэн юм. Хүмүүс ч нэг их анзаараагүй. Хээр соёолон тэр жил гурван том наадамд дараалан түрүүлсэн.

Та одоо нэг жилд гэхэд л улсын наадмын хоёр гурван түрүү, хэд хэдэн айргийг авчихаж байна. Морь тань түрүүлээд ирэхэд учиргүй босож харайгаад байгаа харагддаггүй. Тэгэх ёстой гэсэн юм шиг л харагддаг. Залуудаа бол хөөрдөг байсан л байлгүй.

-Би ч угаасаа аажуу тайван хүндээ. Дээр үеийн улсын үг шүү дээ "Морь, хүүхэд, уяач гурвын хор нь гарч байж морь давхина" гэж. Залуу байхад яах бол гэж давчдах үе байсан. Би чинь улсын наадамд дөрөв таван удаа ч морьдоо айрагдуулж чадахгүй зургаад дахиулж байсан удаатай.

Аажуу тайван байснаараа алддаггүй юу?
-Юманд яарахгүй байсан хүн хождог гэдэг. Одооны залуус ч нэг морь худалдаж аваад л маргааш нь хурдлуулж айрагдуулж түрүүлгэх юм шиг боддог бололтой. Яаж тийм юм байх вэ дээ.

НҮҮДЭЛЧНИЙ ТЭНГЭР Шүлэг: А.ЛХАГВА Хөгжим: Г.ТӨВШИНТӨР Дуучин: МУГЖ С.ЭРХЭМБАЯР
Хөдөө орон нутгаас 22 уяачийг урьж оролцуулж холбооны хүндэт шагналаар шагнав ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг урьж оролцуулав.