Мэдээ мэдээлэл

МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА

ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.

-ММСУХ-ийн үйл ажиллагаа сүүлийн үед өргөжин тэлж, гадаад улс оронтой олон талт үйл ажиллагааг явуулж байна. Сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажлаасаа товч танилцуулна уу?

-За, юуны өмнө “Дэлхийн морьтон” сэтгүүлээрээ дамжуулан Монголын нийт ард түмэндээ, ММСУХ-ны зүтгэлтнүүд, уяачид, унаач хүүхдүүд, морь сонирхогчид ММСУХ-той хамтран ажилладаг гадаад дотоодын түнш байгууллагуудын хамт олонд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Энэ жилийн хувьд ММСУХ-ны 15 жилийн ойн жил, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах жил гэдгээрээ нэлээд онцлогтой юм.

Бид ММСУХ-ны 15 жилийн ойн ажлын хүрээнд нэлээд олон ажлыг төлөвлөөд заримыг нь хийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

-Австралийн Сидней хотод болсон Азийн Морин Уралдааны холбооны 33-р бага хуралд Монголын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, уг хурлаар ММСУХ Азийн Морин Уралдааны гишүүнээр элсэж албан ёсны гишүүн орон боллоо.

- Анх удаа ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөлгөөнийг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнд манай Холбооны хөдөө орон нутгийн салбар холбоодын тэргүүнүүд, Нарийн бичгийн дарга нар, тэргүүлэгч гишүүд оролцож, ММСУХ-ны стратеги төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, цаашид холбооны бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах арга зүй, үйл ажиллагааны маркетинг, менежментийг сайжруулах талаар харилцан зөвлөлдөж, ажил хэрэгч зөвлөлгөөн боллоо.

-Энэ жил ММСУХ  нийт гишүүд, уяачдаа бүртгэж эхлээд байна. Ингэснээр мэдээллийн нэгдсэн санд бүх гишүүдээ оруулна. Энэ ажлын хүрээнд бүх уяачиддаа энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох ажлыг эхлээд байна.

-Мөн энэ жилээс эхлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдаж буй Бүсийн уралдаануудыг хамтран зохион байгуулж буй аймгийн ЗДТГ, аймгийн МСУХ-дтой гурвалсан гэрээ байгуулж, ММСУХ-ноос нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахаар гэрээ байгуулж  ажиллаж эхлээд байна.

 

-Гэрээнд тухайн бүс орон нутагт хэрэгтэй ямар заалтууд орж байгаа бол?

-Уг гэрээнд Бүсийн уралдаан зохион байгуулж байгаа орон нутагт нь уяачид, хурдан хүлгүүдийн хийморь, хишиг буянаас үлдээж байхаар шийдвэрлэж, тухайн аймгийн амьдралын боломж муутай таван айлд өргөө цагаан гэр хандив болгон өгч байхаар шийдвэрлэсэн. Мөн МСУХ-ны үйл ажиллагааг дэмжих зорилгоор тухайн аймгийн МСУХ-нд шагналын сангийн тодорхой хувийг үлдээж байхаар тогтоод байгаа юм.

-ММСУХ-ны 15 жилийн ойн хүрээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэх үү?

-Энэ ойн хүрээнд Улаанбаатар хотод морины цогцолбор хөшөө босгох ажлыг эхлүүдээд явж байна. Мөн Уяачдын өдөртэй болох зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна.

-Саяхан наадмын өмнө хурдан морь унаач хүүхдүүд Спортын дэд мастер цол хүртлээ. Энэ талаар та товч мэдээлэл өгнө үү?

-Би Холбооны ажлыг аваад хамгийн түрүүнд анхаарлаа хандуулсан асуудал бол хурдан морь унаач хүүхдүүд юм. Үндэснийхээ спортоор хичээллэж буй Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, даатгалд бүрэн хамруулах, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байх, унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах тогтолцоотой болох зэрэг олон чухал асуудлыг дэвшүүлэн тавьсны нэг нь энэ хурдан морины хүүхдэд спортын цол зэрэг олгох асуудал юм. Биеийн тамир спортын газарт ММСУХ-ноос санал оруулж, хурдан морь унаач хүүхдүүдэд спортын цол, зэрэг олгох нэгдсэн ангиллын нормативыг бид өнгөрсөн жил байгуулсан юм. Ингээд энэ жил ММСУХ-ны “Оны шилдэг хүүхэд”-ээр хоёр удаа шалгарсан зургаан хүүхэд Монгол Улсын Спортын дэд мастер болж, цол, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардаж авлаа.

 

-“Их хурд” уралдааны онцлог, цар хүрээ, ач холбогдол, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан ММСУХ-ны 15 жилийн ойн жил болж байгаа тул бид “Их хурд”-аа Монголын морин спорт, уяачдын холбооны 15 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. Мөн “Их хурд-5” уралдаан маань Улаанбаатар хотод Хүй долоон худгийн хурдан морины уралдааны газар болох гэж байна. Зүүн болон Хойд, Өмнөд бүсийн хурдан морьд өргөнөөр оролцох төлөвтэй байна.

-Саяхан Улсын их баяр наадмын үеэр Японы Морин уралдааны холбооны Ерөнхийлөгч манай улсад айлчлал хийлээ. Айлчлал амжилттай, үр дүнтэй сайхан болж өнгөрсөн байх?

-Айлчлал өндөр хэмжээнд найрсаг, халуун дотно, амжилттай болж өнгөрлөө. Японы Морин Уралдааны холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад морин спортыг хөгжүүлэхэд бүх талаар туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.     

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо
Монголын Хамгийн Хурдан хүлэг шалгаруулах уралдаан-2016 Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойгоор Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэгэн шинэлэг уралдаан нэмэгдсэн нь ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ уралдааныг жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ жил “Монголын шигшмэл хурдан морьдын Иххурд-7 уралдаан” Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 3 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр 2016 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2011 оны шилдгүүд ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уяач, шилдэг гал уяа, шилдэг залуу уяач, шилдэг салбар холбоо шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.