Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

МЭДЭГДЭЛ

      Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сүүлийн өдрүүдэд “Уяачид ичихгүй амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг”, мөн “Уяачид хүүхдийн ясыг хөнгөн болгох зорилгоор маш их хэмжээний газтай ундаа өгдөг” хэмээн үнэн бодит байдалд огт нийцэхгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өглөө.

      Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо нь Олон улсын морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн бөгөөд нийслэл, түүний 6-н дүүрэг, 21-н аймаг, 330-н суманд салбартай, 130 мянга гаруй гишүүд, уяачидтай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбооны хувьд уяачид, уралдаанч хүүхэд, тэдгээрийн гэр бүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

       Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал таны олон нийтийн хэвлэл мэдээлэлд өгч буй ярилцлагаас үзэхэд Монгол Уяачдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-р бүлэгт хуульчилсан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэж гүтгэлээ.  

         Эрхэм гишүүн Х.Баасанжаргал таныг Монгол Улсын нийт уяачид, уралдаанч хүүхэд, тэдгээрийн гэр бүлээс уучлалт гуйхыг ММСУХ-оос албан ёсоор шаардаж байна.

           Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал та ММСУХ-оос тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ёс зүйн дүрмийн 3-р зүйлийн 3.2, 3.8 дахь хэсэгт заасан ёс зүйн шаардлагыг зөрчсөн гэж үзэн Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандах.
  2. Өнөө цаг үед Үндэсний өв соёлоо авч яваа, ирээдүй хойч үедээ өвлөн уламжлуулахаар ажиллаж, амьдарч байгаа Монголын нийт уяачид, уралдаанч хүүхэд, тэдгээрийн гэр бүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандах.

Төрийн сүлдэндээ морин эрдэнээ залж, дээдлэн шүтдэг Монгол түмнийг минь хурдан хүлгүүдийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай!

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 30-ны өдөр

Хөдөө орон нутгаас 22 уяачийг урьж оролцуулж холбооны хүндэт шагналаар шагнав ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг урьж оролцуулав.
4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан хязаалан насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү 10 настай С.Батхүү унаж түрүүлгэлээ