ММСУХ-ны VII Их хурлын
2019 оны 01 дүгээр сарын 24 өдрийн
__/__ дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ
/шинэчилсэн найруулга/
2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт
1.1. Энэхүү дүрмийн зорилт Монголын хурдан морины уралдаантай холбоотой соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой үүсэх бүх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хамрах хүрээ
2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдаанд энэхүү дүрэм үйлчилнэ.
3 дугаар зүйл. Нэр томьёоны тайлбар
3.1. “Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр бөгөөд улс, аймаг, нийслэл, сум ( дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэнэ.
3.2. “Хурдан морины уралдаан” гэж Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурдан морины уралдааныг
3.3. “Уяач” гэж хурдан морио уяж, уралдуулж байгаа хүнийг
3.4. “Уралдаанч хүүхэд” гэж хурдан морины уралдаанд морь унаж уралдаж байгаа хүүхдийг
3.5. “Орон нутгийн хурдан морины уралдаан” гэж хувь хүн, хуулийн этгээдийн санаачлагаар, сайн дураараа зохион байгуулах уралдааныг
3.6. “Зохион байгуулах комисс” гэж хурдан морины уралдаан зохион байгуулж буй баг, бүрэлдэхүүн
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ
4 дугаар зүйл. Засгийн газартай харилцах
4.1. Монголын морин спорт, уяачдын холбоо Шигшмэл буюу “Их Хурд” уралдаан, Хавар, Зуны Бүсийн хэмжээний хурдан морины уралдааны товын талаарх саналыг Засгийн газарт оруулж, батлуулах
5 дугаар зүйл. Аймаг (нийслэлийн)-ийн Засаг даргатай харилцах
5.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу салбар холбооны саналыг үндэслэн аймаг, нийслэлийн бүсийн болон шигшмэл уралдааныг зохион байгуулахаар Засаг дарга тов батлах, санхүүжүүлэх
5.2. Засгийн газрын тогтоолтой хавар, зуны бүсийн уралдааныг орон нутгийн салбар холбоотой хамтран зохион байгуулах, хурдан морины уралдаан зохион байгуулах комисс томилох
5.3. Аймгийн бүсийн болон шигшмэл хурдан морины уралдааныг орон нутгийн салбар холбоотой хамтран зохион байгуулах, уралдаан зохион байгуулах комисс томилох
5.5. Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурдан морины уралдааны жилийн төлөвлөгөө батлах, бүртгэх, зохион байгуулалтанд салбар холбоотой хамтран зохион байгуулах, хяналт тавих
6 дугаар зүйл Сум, дүүргийн Засаг Даргатай харилцах
6.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу орон нутгийн салбар холбоотой харилцах
6.2. Хурдан морины уралдааныг орон нутгийн салбар холбоотой хамтран зохион байгуулах, хурдан морины уралдаан зохион байгуулах комисс томилох
6.3. Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хурдан морины бүх уралдааныг бүртгэх, зохион байгуулалтанд салбар холбоотой хамтран хяналт тавих, шаардлага тавих
6.4. Хууль тогтоомжид заасан бусад харилцаа
7 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороотой харилцах
7.1. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллана.
8 дугаар зүйл. Бусад төрийн байгууллагатай харилцах
8.1. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, тухайн шатны асуудал хариуцсан албан тушаалтантай харилцах
8.1.1. уралдаанч хүүхдийг бүртгэх, гэнэтийн ослын даатгалд хамруулсан эсэхэд хяналт тавих
8.1.2. уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэглэлийн бүрэн байдалд хяналт тавих
8.1.3. Уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас бичгээр зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих
8.1.4. хууль тогтоомжид заасан бусад харилцаа
8.2. Цагдаагийн байгууллага, албан хаагчтай харилцах
8.2.1. хурдан морины уралдааны үеэр нийтийн хэв журмыг сахиулах
8.2.2. хурдан морины уралдаан зохион байгуулах комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх
8.2.3. хууль тогтоомжид заасан бусад харилцаа
8.3. Эрүүл мэндийн байгууллага, албан хаагчтай харилцах
8.3.1. хурдан морины уралдааны үеэр шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
8.3.2. уралдаанч хүүхдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх
8.3.3. уралдаанч хүүхдэд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, шаардлагатай тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээ авах
8.3.4. хууль тогтоомжид заасан бусад харилцаа
8.4. Мал эмнэлгийн байгууллага, албан тушаалтантай харилцах
8.4.1. хурдан морины уралдааны үеэр шаардлагатай мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
8.4.2. хурдан морь уралдааны замыг дуусгах боломжгүй гэж үзсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, уралдааны замаас гаргах,
8.4.3. уралдах морьдод халдварт өвчин илэрсэн, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах
8.4.4. хууль тогтоомжид заасан бусад харилцаа
8.5. Хурдан морины уралдааныг зохион байгуулахад Зэвсэгт хүчний байгууллага, Онцгой байдлын алба болон бусад төрийн байгууллагатай хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хамтран ажиллаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО,
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЧИГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (цаашид “Холбоо” гэх)-ны чиг үүрэг
9.1. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хамтран зохион байгуулах
9.2. Шигшмэл буюу Их Хурд уралдаан, хаврын бүсийн Дүнжингарав уралдааныг зохион байгуулах комисс томилох,
9.3. Холбооноос зохион байгуулах уралдааны комиссыг томилох
9.4. Хурдан морины бүсийн уралдааны хяналтын зөвлөл, түүний гишүүдийг томилох
9.5. Шигшмэл буюу Их Хурд уралдаан, хаврын бүсийн Дүнжингарав, бусад хурдан морины уралдааны журмыг батлах
9.6. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны соёлын өвийг хамгаалах, сурталчилан таниулах, өвлүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих
9.7. Хууль, дүрэмд заасан бусад эрх, үүрэг хэрэгжүүлэх
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ
10 дугаар зүйл. Хурдан морины уралдааны ангилал
10.1. Хурдан морины уралдаан
10.2. Цэвэр үүлдрийн морьдын уралдаан
10.3. Бусад уралдаан (эрлийз морьдын уралдаан)
11 дүгээр зүйл. Хурдан морины уралдааны зэрэглэл
11.1. Шигшмэл буюу “Их Хурд” уралдаан
11.2. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан
11.3. Засгийн Газрын шийдвэрийн дагуу Дүнжингарав, хавар, зуны бүсийн уралдаан
11.4. Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан
11.5. Аймгийн шигшмэл, бүсийн уралдаан
11.6. Сум, дүүргийн баяр наадмын хурдан морины уралдаан
11.7. Орон нутгийн хурдан морины уралдаан
12 дугаар зүйл. Хурдан морины уралдааны морьдын насны ангилал, уралдах зай
12.1. Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн ангиллаар зохион байгуулна.
12.2. Хурдан морины уралдааны насны ангиллаар зуны уралдах зай
Азарга |
22-24 км |
Их нас |
24-26 км |
Соёолон |
22-24 км |
Хязаалан |
16-18 км |
Шүдлэн |
12-14 км |
Даага |
10-12 км |
12.3. Хурдан морины уралдааны насны ангиллаар хаврын уралдах зай
Азарга |
15-17 км |
Их нас |
17-19 км |
Соёолон |
15-17 км |
Хязаалан |
9-11 км |
Шүдлэн |
7-9 км |
Даага |
5-7 км |
13 дугаар зүйл. Хурдан морины уралдаанд монгол ба эрлийз морьдыг ялгаж уралдуулна. Морьдыг ялгахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
13.1. Сэрвээний өндрийг хэмжиж уралдуулна.
13.1.1. Сэрвээний өндрийг хэмжихдээ “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолыг мөрдөнө.
Азарга |
140 см |
Их нас |
141 см |
Соёолон |
140 см |
Хязаалан |
137 см |
Шүдлэн |
132 см |
Даага |
127 см |
13.2. Удам зүйн түвшинд бүртгэлжүүлэн ялгах /боломжит хугацаанд/
14 дүгээр зүйл. Хурдан морины уралдаанд уралдах моринд сэргээш, допинг хэрэглэхийг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйл. Хурдан морины уралдааны товыг зохион байгуулагч 30-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, олон нийтэд зарлана.
15.1. уралдаан болох огноо
15.2. уралдаан болох байршил, газар
15.3. уралдааны ангилал, зэрэглэл
15.4. уралдах морьдын насны ангилал,
15.5. уралдах зай
15.6. бүртгэлийн хураамжийн хэмжээ
15.7. бай шагналын хэмжээ
16 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-т заасан хугацааг баримтална.
17 дугаар зүйл. Энэхүү дүрмийн 11.7-т заасан хурдан морины уралдаан зохион байгуулагч нь уралдаан зохион байгуулах комисс томилж, сум, дүүргийн засаг даргад бүртгүүлнэ.
18 дугаар зүйл. Уралдаан зохион байгуулах комиссын эрх, үүрэг
18.1. Комиссын эрх
18.1.1. хурдан морины уралдаанд оролцогчдоос энэ дүрмийг биелүүлэхийг шаардах
18.1.2. уралдааны журам батлах
18.1.3. Гарааны цагаас хоцорсон морийг уралдаанаас хасах.
18.1.4. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл, үзэгдэх орчин хязгаарлагдсан, цаг оройтсон зэрэг үүссэн тохиолдолд уралдааныг түр хойшлуулах, цуцлах
18.1.5. Уяачдаас морьдоо тогтоосон цагт мордуулахыг шаардах
18.1.6. Хурдан морины уралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах зөвшөөрөл олгох
18.1.7. Энэ дүрмийг зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах эрхтэй
18.2. Комиссын үүрэг
18.2.1. Хурдан морины уралдааны хөтөлбөр батлах
18.2.2. Уралдааны хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу зохион байгуулах
18.2.3. Уралдах нас бүрийн гарааны зурхайг тогтоох, гарааны төхөөрөмж байршуулах,
18.2.4. Морьдын хурдлах чадварт сөрөг нөлөө үзүүлэхээргүй уралдааны замыг сонгох, засварлах, тэмдэг тэмдэглэгээ байршуулах
18.2.5. Уралдах морьдыг гарааны зурхайд бүрэн хүргэж, зэрэг эргүүлэх
18.2.6. Уралдааны явцад бэртэж гэмтсэн хүүхэд, морьдод эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах
18.2.7. Хүсэлт, гомдол, маргаантай асуудлыг хууль, дүрмийн дагуу шийдвэрлэх
18.2.8. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах
18.2.9. Дарга, гишүүд хариуцсан ажил, үүргийн хуваарийн дагуу уралдааныг дуустал ажиллаж, тайлан гаргаж өгөх үүрэгтэй.
19 дүгээр зүйл. Уралдааны бүртгэл
19.1. Хурдан морины уралдаанд энэ дүрмийн шаардлагыг хангасан хурдан морь, уяач, уралдаанч хүүхдийг зохион байгуулах комисс бүртгэнэ. Морьдыг бүртгэлжүүлэн паспорт олгож, бүртгэж болно.
19.2. Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
19.2.1. уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ
19.2.2. уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ
19.2.3. эцэг, эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөл
19.2.4. уралдаанч хүүхдийн дугаар
20 дүгээр зүйл. Бичиг баримтыг бүрдүүлээгүй уралдаанч хүүхдийг бүртгэхгүй.
21 дүгээр зүйл. Уяач зохион байгуулах комиссоос олгосон дугаарыг уралдаанч хүүхдийн хувцасны хойд, урд талд харагдахуйц байдлаар, эсхүл моринд бэхэлсэн байна.
22 дугаар зүйл. Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морь, уяачийг бүртгэхгүй.
23 дугаар зүйл. Морьдыг шүдлэх, ялгах
23.1. Бүх насны морьдыг тусгайлан бэлтгэсэн хашаанд уралдаан зохион байгуулах комиссоос томилогдсон мэргэшсэн баг шүдэлнэ.
23.2. Тухайн насны уралдаанд шүдээр тохироогүй морьдыг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хурааж, уралдаанд оролцуулахгүй.
23.3. Хурдан морийг насны болон үүлдрийн өөр ангилалд уралдуулахыг хориглоно.
23.4. Уралдах морьдыг үүлдэр тогтоох комисс ялгах зарчмын дагуу, уралдааны дүрэм, журам баримталж ил тод ялгана.
23.5. Морьдыг шүдлэх, ялгах үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шууд дамжуулна.
24 дугаар зүйл. Гарааны үеийн зохион байгуулалт
24.1. Уяачид уралдах морьдоо барианы газар авчирч цуглармагц төрийн далбааг мандуулсан манлайлагч бүх морьдыг дагуулан, асрыг нар зөв гурав тойроод нэгдсэн журмаар гарна.
24.2. Морьдыг гарааны зурхайд хүргэж эргүүлэхийг зохион байгуулах комиссийн дарга, тухайн насны морины даамал, дэд даамал, тусгайлан бэлтгэсэн морьтой хүмүүс, хүн эмнэлэг, мал эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнууд хамтран гүйцэтгэнэ.
24.3. Морьдыг гарааны зурхайд зориулалтын төхөөрөмжийн араас даамлын дохиогоор нэгэн зэрэг эргүүлнэ.
24.4. Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замаас морь оруулахыг хориглоно. Зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замаас оруулсан морьдыг барихгүй.
25 дугаар зүйл. Уралдааны үеийн зохион байгуулалт
25.1. Энэ дүрмийн 25.2 зааснаас өөр хүн, автомашин, мотоцикл уралдааныг дагахыг хориглоно. Тухайн уралдаж байгаа морьдын тоо, аюулгүй байдал, хэв журмыг хангах үүднээс цагдаагийн хамгаалалтын болон зохион байгуулах комиссын автомашины тоог 5 хүртэл нэмж болно.
25.2 Уралдааны үед тухайн насны морьдын уралдааныг хариуцсан даамал төрийн далбааг мандуулан, эхний мориноос 200 метрээс холгүй зайд өмнө нь явж замчилна.
25.3. Хүн эмнэлгийн тусламжийн хэсэг морьдын ард явж мориноос уралдаанч хүүхэд унасан тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээг яаралтай үзүүлнэ.
25.4. Мал эмнэлгийн тусламжийн хэсгүүд уралдааны замын дагуу тогтоосон цэгт байрлаж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлнэ.
25.5. Уралдааны үед уралдаанч хүүхэд унах, уралдааны замаас морь гарах, гаднаас морь орж ирэх зэрэг болзошгүй үйлдлийг энэ дүрмийн 25.2-т заасан баг хяналт тавина.
25.6. Уралдах морийг зурхайд урьдчилан аваачих, замаас оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглоно. Ийм тохиолдол гарсан үед тухайн морьдыг уралдаанаас хасна.
25.7. Уралдааны замаас гарч хадуурсан морийг энэ дүрмийн 25.2-т заасан баг замд нь эргүүлэн оруулах үүрэгтэй.
25.8. Уралдааны үед уралдаж байгаа морьдоос 100-аас доошгүй метрийн зайд энэ дүрмийн 25.2-т заасан баг салхин дор дагана.
25.9. Морь тайлбарлах, дамжуулах хэвлэл мэдээллийн ажилтанууд комиссын зөвшөөрөлтэйгөөр уралдаанд саад болохгүйгээр морьдыг 30 метрээс хол зайд дагаж нэвтрүүлэг, бичлэг хийж болно.
25.10. Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглаж бүрэн дамжуулна.
26 дугаар зүйл. Барианы үеийн зохион байгуулалт, морьдыг барих
26.1. Уралдааны морьдыг барианы зурхайн тэмдэглэсэн зураас дээр ирсэн дарааллаар барина.
26.2. Түрүү, айргийн таван морьдыг морь бариач барианы зурхай өнгөрснөөс хойш пайзаар, хойших морьдыг уралдаанч хүүхдэд олгосон дугаараар, дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан цуваа дуудаж, барина.
26.3. Барианд зэрэгцэж ирсэн морьдоос аль нэгний нь хушуу илүү гарсан бол тэр морийг урд нь барих ба хушуу илүү гараагүй бол зөв талын морийг эхэлж барина. Олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт технологи ашиглан дарааллыг тогтооно.
26.4. Барианы зурхайд уралдаанч хүүхэдгүй ирсэн морийг таван байраар ухрааж барина.
26.5. Жолоог богиносгосон, дэл, сойлго, эмээлд нь уяж бэхлэх зэргээр зориуд санаатайгаар уралдаанч хүүхэдгүй ирүүлсэн морийг уралдаанаас хасна.
26.6. Түрүүлж, айрагдсан морьдыг уралдааны дараа дахин шүдэлж, тухайн насны бус нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж барина.
26.7 Хурдан морины уралдааны дараа нас бүрийн эхний 10-т хурдалсан морьдын сэрвээний өндрийг дахин хэмжиж, мөрдөгдөж буй хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдвол дараагийн морийг урагшлуулж барина.
26.8. Барианд орж байгаа морь, уралдаанч хүүхдэд санаатайгаар саад хийх, чирэх, сул морийг хэн нэгэн унаж барианд орох, уралдаанч хүүхэд морийг сэлгэж уралдахыг хориглоно.
26.9. Уралдсан морьдын 30-аас доошгүй хувийг барьж, үнэмлэх олгоно.
26.10. Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ.
26.11. Барианы газар айргийн морины хашаатай байна. Айргийн морины хашаанд хэвлэл мэдээллийн ажилтан, морины эзэн уяач нь /үндэсний дээл, хувцас, хусууртай/ орно.
26.12. Барианы газрыг наадамчид, үзэгчдэд уралдааны үйл явцыг үзэхэд тохиромжтой, дуу дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан шуурхай дамжуулан хүргэхээр зохион байгуулна.
27 дугаар зүйл. Морь цоллох, бай шагнал олгох
27.1. Түрүүлж, айрагдсан морьдыг уламжлалын дагуу улсын цоллооч цоллоно. Цоллож байхад уралдаанч хүүхэд гийнгоолж, марзайлна.
27.2. Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн уяач, уралдаанч хүүхдийн нэрээн цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно. Нас тус бүрт уралдсан морьдын 30-аас доошгүй хувийг барьж, бай шагналыг уралдаан зохион байгуулсан өдрүүдэд багтааж зохион байгуулах комиссын байранд бүрэн олгоно.
27.3. Түрүүлж, айрагдсан хурдан моринд олгох бай шагналын 20-иос доошгүй хувь нь уралдаанч хүүхдэд олгоно.
27.4. Тухайн уралдаанд түрүүлж, айрагдсан морийг хувь хүн, байгууллага шагналын сангаас гадна нэмж байлж болно.
27.5. Бай шагналын хэмжээг нийтэд зарлан мэдээлсэн тохиолдолд өөрчлөхийг хориглоно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
28 дугаар зүйл. Уяачийн эрх
28.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдаанд дүрэмд заасанд ангиллаар нас насанд хурдан морио уяж, уралдуулах
28.2. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн цолонд тодорхойлогдох
28.3. Хурдан морины уралдааны дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийг засан залруулахыг комиссоос шаардах
28.4. Уралдааны зохион байгуулалтын талаар санал, гомдлыг бичгээр авах, комиссоос зохих тайлбар, хариулт авах
28.5. Шүдэлгээ, үүлдэр тогтоох маргаанд тайлбар авах
28.6. Бүртгүүлсэн морио уралдуулахгүй байх
28.7. Хүн, малын эмчийг дуудаж үйлчлүүлэх
28.8. Хууль тогтоомжид заасан бусад эрх
29 дүгээр зүйл. Уяачийн үүрэг
29.1. Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох батлагдсан стандартыг дагаж мөрдөх
29.2. Уясан морьдынхоо уяа сойлгыг зөв, сайн тохируулж, уралдааны өндөр шалгуурыг даван туулж, амжилттай уралдах бэлтгэлийг бүрэн хангах
29.3. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны үндэсний уламжлалт соёлын өв болохыг гүнээ ухамсарлаж, хүндэтгэн эзэмших, даган биелүүлэх, Монгол Уяачийн тангаргийг эрхэмлэн биелүүлэх
29.4. Хурдан морины уралдааны ангилал болон нас насанд уралдах бөгөөд хориглосон адуугаар уралдуулахыг хатуу хориглоно.
29.5. Хурдан морины удам угшил, түүх, амжилтыг үнэн зөв бүртгүүлж, мэдээлэх
29.5. Хурдан морь уралдаанч хүүхдийнхээ эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч болон өөрөөс нь зөвшөөрөл авсан байх
29.6. Хурдан морийг 7 ба түүнээс дээш насны, морь унаж уралдах дадал сурсан, эрүүл чийрэг хүүхдээр унуулах, сургаж дадлагажуулах, бэлдэх
29.7. Хурдан морь уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах
29.8. Хурдан морины эмээл, олом, жирэм, угсаа, дөрөөн сур, хазаарын жолоо, хэрэглэлийг сайн бөхөлж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, стандартын хамгаалалтын хувцсыг заавал өмсүүлэх
29.9. Уралдаанч хүүхдээ ерөнхий боловсролын сургууль завсардуулахгүй байх
29.10. Уралдаанч хүүхэд тухайн насны морийг унаж уралдахаас татгалзсан тохиолдолд мордуулахгүй байх
29.11. Уралдааны үед холбооны техник хэрэгсэл ашиглан, уралдаанч хүүхдийг удирдах, зааварчлахыг хориглох
29.12. Хурдан морины уралдааны дүрмийн холбогдох заалтыг уралдаанч хүүхэддээ сайтар тайлбарлаж өгөх
29.13. Уясан морьдоо зарласан цагт бүртгүүлж, уралдааны хөтөлбөрийн дагуу тогтоосон цагаас хоцроохгүйгээр мордуулах
29.14. Нийгмийн хэв журмыг сахиж, наадмын дэг жаягийг хатуу баримтлан, зохион байгуулах комиссын шаардлагыг биелүүлэх
29.15. Хурдан морьдоо бэртэл гэмтэл, осол эндэгдэлгүйгээр уях, хариуцлагыг уяач өөрөө хүлээнэ
29.16. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх буруу дадалтай, зүгшрээгүй морьдыг уралдаанд оролцуулахгүй байх
30 дугаар зүйл. Уралдаанч хүүхдийн эрх
30.1. Хурдан морины уралдаанч хүүхэд нь сайн дурын үндсэн дээр морь унаж уралдах
30.2. Хурдан морь унаж уралдсаны төлөө уяачаас зохих урамшуулал авах
30.3. Уралдааны замд эмээлийн олом, жирэм сулрах зэрэг бусад шаардлага гарвал морины комисст хэлж тусламж авах
30.4. Эцэг эх, асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн боловч хүүхэд өөрөө тухайн морийг унахаас татгалзах
30.5. Стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангахыг уяачаас шаардах
30.6. Уралдаанч хүүхдийн спортын цол, зэрэг авах
30.7. хууль тогтоомжид заасан бусад эрх
31 дүгээр зүйл. Уралдаанч хүүхдийн үүрэг
31.1. Хурдан морины уралдааны дүрмийг дагаж мөрдөх.
31.2. Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлэх.
31.3. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны үндэсний уламжлалт соёлын өв болохыг гүнээ ухамсарлаж, хүндэтгэн эзэмших, даган биелүүлэх
31.4. Үндэсний уламжлалт гийнгоо, марзайг сурах, хэрэглэж хэвших
31.5. Гарааны зурхайд хүрч, зориулалтын гарааны төхөөрөмжийн араас даамлын дохиогоор нэгэн зэрэг эргэх
31.6. Уралдааны явцад зам товчлохгүй, арын морийг хаахгүй, барианы зурхай дээр хажуугийн моринд саад хийхгүй байх
31.7. Уралдааны замд бусадтай хэрэлдэх, зодолдох, бусад уралдаанч хүүхэд болон морьдыг ташуураар ороолгохыг хориглоно
31.8. Гарааны зориулалтын төхөөрөмж рүү орохдоо морио зөөлөн алхуулж орох
31.9. Тангардаг морьтой бол бусад уралдаанч хүүхдэд урьдчилан хэлж сануулж явах
31.10. Уралдааны замд морины давхил илт суларч, багтарч байвал морио татан авч цаашид уралдуулахгүй байх, уралдааны замыг чөлөөлөх
32 дүгээр зүйл. Наадамчдын эрх, үүрэг
32.1. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны үндэсний уламжлалт соёлын өв болохыг гүнээ ухамсарлаж, хүндэтгэн эзэмших, даган биелүүлэх үүрэгтэй
32.2. Уяач уралдаанч хүүхэд, хурдан морио хүндэтгэх, барианы зурхай руу дайрч, морьд барианд ороход саад учруулахгүй байх
32.3. Наадмын талбайд нийгмийн хэв журам сахих,
32.4. Зохион байгуулах комиссын баталсан журмыг дагаж мөрдөх
33 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтны эрх, үүрэг
33.1. Хурдан морины уралдааны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх, сурталчлах эрхтэй
33.2. Хурдан морины уралдааны дүрмийг судалж, зохион байгуулах комиссын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй
33.3. Хурдан морины уралдааны үйл явц, зохион байгуулалтад саад, хүндрэл бэрхшээл учруулахгүй байх
33.4. Уралдаж байгаа морьдоос 30-аас доошгүй метрийн зайтай, салхины доод талд дагах
33.5. Уралдаан зохион байгуулах комиссоос өгсөн албан ёсны мэдээлэлд тулгуурлан олон нийтэд үнэн зөв, бодитой, тэнцвэртэй мэдээлэл түгээх үүрэгтэй.
33.6. Хурдан морины уралдаан тайлбарлагч нь тайлбар хийхдээ уяач, уралдаанч хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг, нэр хоч хэрэглэхгүй байх
33.6.1. Хурдан морины удам угшил, түүх, амжилтыг худал мэдээлэхгүй байх
33.6.2. Үндэсний уламжлалт ёс заншилд харш үг хэллэг хэрэглэхгүй байх
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ САНХҮҮЖИЛТ
34 дүгээр зүйл. Хурдан морины уралдааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
7.1. Улсын болон орон нутгийн төсөв
7.2. Холбооны төсөв
7.3. Хандив, тусламж
7.4. Бүртгэлийн хураамж
7.5. Бусад
35 дугаар зүйл. Хурдан морины уралдаан зохион байгуулагч төсвөө өөрөө хариуцна.
36 дугаар зүйл. Батлагдсан төсвийг зөвхөн хурдан морины уралдаанд зарцуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
39 дүгээр зүйл. Хурдан морины уралдааны хяналтын зөвлөл нь тухайн уралдааны зохион байгуулалт, дүрэм, журам, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж, шаардлага гаргах эрх бүхий түр зөвлөл байна.
40 дүгээр зүйл. Улсын болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдааны хяналтын зөвлөлийг холбооны тэргүүлэгчдээс 3-5 хүний бүрэлдэхүүнтэй томилно.
40.1. Энэхүү дүрмийн 5.1-д заасан уралдаануудад төв холбооны тэргүүлэгчдээс 1-3 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл, түүнийг гишүүдийг томилно.
40.2. Энэхүү дүрмийн 6.1-д заасан уралдаануудад аймаг, нийслэлийн салбар холбооны тэргүүлэгчдээс 1-3 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл, түүний гишүүдийг томилно.
40.3. Энэхүү дүрмийн 6.3-д заасан уралдаануудад сум, дүүргийн салбар холбооноос 1-3 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл, түүний гишүүдийг томилно.
41 дүгээр зүйл. Хяналтын зөвлөлийн эрх
41.1. Хууль болон дүрэм, журмын хэрэгжилтийг биелүүлэхийг тухайн уралдааныг зохион байгуулах комиссоос шаардах эрхтэй
41.2. Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зөвлөмж, шаардлага бичгээр гаргах
41.3. Зохион байгуулах комиссын ажлыг шалгах, мэдээлэл авах
41.4. Монголын хурдан морины уралдааны дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн уралдааныг хойшлуулах, цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
41.5. Уралдааны аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгах
41.6. Зохион байгуулах комиссын тухайн насны даамал, дэд даамал, шүдлээч, сэрвээний өндөр тогтоох комиссын гишүүн, цоллооч, морь бариачаар мэдлэг, туршлагатай хүн томилогдсон эсэхэд дүгнэлт өгөх
41.7. Уралдааны хөтөлбөрт хяналт тавих
42 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн үүрэг
42.1. Хийсэн ажлын тайлан, мэдээлэл тухай бүрт бичгээр томилсон холбоонд ирүүлэх
42.2. Үйл ажиллагаандаа шударга, ил тод, дүрэм, журмыг баримталж, олонхийн саналаар шийдвэр гаргах
42.3. Мэдээлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авч, зохион байгуулах комисст шилжүүлж, шийдвэрлүүлэх
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
43 дугаар зүйл. Уралдааны зам
43.1. Уралдааны зам нь уралдаанч хүүхэд, уралдах морины аюулгүй байдлыг бүрэн хангахуйц, морины давхилд сөрөг нөлөө үзүүлэхээргүй уралдааны замыг сонгох, засварлах, тэмдэг тэмдэглэгээ байршуулна.
43.2. Уралдааны замд хэт өндөр даваа, өргөн гол горхи, огцом эргэлт, гуу жалга, хальтаргаа гулгаа, шавар, гүнзгий хөндлөн зам, үлийн нүх байх нь тохиромжгүй.
43.3. Уралдааны замын ихэнх нь элс хайрга, чулуутай байж болохгүй.
44.4. Уралдаан зохион байгуулах комисс замыг сайтар засаж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
44.5. Уралдааны замд саад учруулах мал, амьтан, зорчигчийг зохион байгуулах комисс замаас чөлөөлнө.
44 дүгээр зүйл. Гарааны зориулалтын төхөөрөмж
44.1. Шаардлага хангах төмөр материалаар зангидаж, бат бөх олон давхар тортой, өндөр нь 2 метрээс багагүй, урт нь 100 метрээс багагүй, уралдах морьд нэг эгнээнд багтахаар урттай, нэгэн зэрэг нээгдэх боломжтой байна.
44.2. Төхөөрөмж рүү орох хязгаарлалтын бүс хоолойтой байх бөгөөд 200-аас доошгүй метрийн урттай, 100 хүртэлх метрийн өргөнтэй байна.
44.3. Бүх хурдан морины уралдаан гарааны зориулалтын төхөөрөмжтэй байна.
45 дугаар зүйл. Уралдааны үеийн аюулгүй байдал
45.1. Уралдааны явцад зохион байгуулах комиссын зөвшөөрөлгүй уралдааныг тээврийн хэрэгслээр дагах, хүнгүй нисдэг дүрс бичлэгийн тоног төхөөрөмж (дрон)-өөр зөвшөөрөлгүй бичлэг хийхийг хориглоно.
45.2. Бусад аюулгүй байдлыг энэхүү дүрмийн холбогдох бусад заалтуудаар зохицуулагдана.
АРАВДУГААР БҮЛЭГ
ДҮРЭМ, ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
46 дугаар зүйл. Энэхүү дүрэм, тухайн уралдааны журмыг зөрчсөн уяачид тухайн холбооны Сахилгын зөвлөл дор дурдсан шийтгэлийг хүлээлгэнэ.
46.1. тухайн уралдааны амжилтыг хүчингүйд тооцох
46.2. Холбооны шагналууд, оны шилдгүүдэд шалгаруулахгүй байх
46.3. Холбооны удирдлагын бүтцэд нэр дэвших, сонгогдох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах
46.4. Уралдаанд тухайн мориор оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах
46.5. Уралдаанд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах
47 дугаар зүйл. Энэхүү дүрмийн 46.1-т заасан шийтгэлийг уралдаан зохион байгуулах комисс хүлээлгэж болно.
48 дугаар зүйл. Энэхүү дүрэм, тухайн уралдааны журмыг зөрчсөн уралдаанч хүүхдэд 46.1, 46.1.5-т заасан хариуцлагыг сахилгын зөвлөл хүлээлгэж болно.
49 дүгээр зүйл. Энэхүү дүрэм, тухайн уралдааны журмыг хурдан морины уралдааны зохион байгуулах комиссын дарга, гишүүдэд дараах хариуцлагыг тухайн шатны Сахилгын зөвлөл хүлээлгэнэ.
49.1. Зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнээс хасах, дахин комисст томилохгүй байх
49.2. Холбооны тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөх
49.3. Холбооны гишүүнчлэлээс хасах
49.4. Учирсан хохирлыг нөхөн төлүүлэх
50 дугаар зүйл. Уяач, уралдаанч хүүхэд, комиссын дарга, гишүүд тухайн шатны Сахилгын зөвлөлийн шийтгэлийг эс зөвшөөрвөл дээд шатны сахилгын зөвлөлд нэг удаа гомдол гаргах эрхтэй.
51 дугаар зүйл. Дээд шатны сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр, эсхүл шүүхэд хандах эрхтэй.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО
НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА