ММСУХ-НЫ 2024 ОНЫ ШИЛДЭГ "ШАНДАСТ ХҮЛЭГ" ГАЛ УЯА
Улс, Бүсийн уралдаанаас өндөр амжилт үзүүлж 2 түрүү 6 айраг авч, 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, нийгэм, олон нийтэд сайн үйлсийн болон олон ажил санаачлан хэрэгжүүлж Холбооны бодлого үйл ажиллагааны хүрээнд идэвхтэй ажилласан тул ММСУХ-ны 2025 оны 2 сарын 11-ний өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 13/Т/2025 тоот тогтоолоор 2024 оны ШИЛДЭГ ГАЛ уяагаар шалгаруулж ММСУХ-ны Цом, Туг, Өргөмжлөл олгов.
“Шандаст хүлэг” уяачдын гал нь Монголын үндэсний өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх соёлын үнэт өвийг ирээдүй үр хойчид өвлүүлж монголын хурдан морины уралдаан, түүнийг дагасан уяаны дэг сургууль, бүс нутгийн адууны чанарыг сайжруулах зорилгоор 2016 онд Улаанбаатар, Төв, Дундговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн эв санаа нийлсэн 8 уяачдын бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Байгуулагдсан цагаас хойш “Шандаст хүлэг” галын хамт олны бүрэлдэхүүн өргөжин өдгөө галын ерөнхий уяач буюу зөвлөх уяач Монгол улсын тод манлай Баярсайханы Лхагваочир, Галын тэргүүн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва, дэд тэргүүнээр Монгол Улсын Манлай уяач Гончигбатын Батболд болон бусад уяач 8, туслах уяач 10 хурдан морь уралдаанч хүүхэд 8 галын бусад ажилчин 10, нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжөөд байна.
Галын бүрэлдэхүүнд Монгол улсын тод манлай уяач 1 , Монгол Улсын Манлай уяач 1, аймгийн алдарт Уяач 5, Сумын алдарт уяач 2 байна.
Мөн түүнчлэн галын залуучууд болох туслах уяачдаа жил бүр олон улсын адууны аж ахуйтай танилцуулах, олон улсын морин уралдааныг үзүүлэх аялалд жил бүр явуулж адууны арчилгаа маллагаа, уралдааны онцлог дүрэм журамтай танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
ГАРГАСАН АМЖИЛТ:
“Шандаст хүлэг” гал уяаны хамт олон өнгөрөгч 2024 онд галын хамт олноор улсын наадмын азарганы уралдаанд аман хүзүү , “Монгол Улсын Засгийн газрын” тогтоолтой “Говь Шанх-2024” бүсийн уралдаанаас 2 түрүү 5 айраг авсан амжилт гаргасан.
“Шандаст хүлэг” Гал уяа байгуулагдсан цагаасаа хойш Улс, Бүсийн уралдаанаас 60 гаруй айраг түрүү аймаг сумдын баяр наадмаас 21 түрүү 70 гаруй айраг хүртээд байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ:
“Шандаст хүлэг” галын хамт олон зөвхөн адуу дагасан соёл түүнийг хөгжүүлэхийн гадна нийгмийн сайн сайхан үйлсэд хувь нэмэр оруулж байна.
Дэлхий нийтийг хамарцан цар тахлын улмаас эм эмнэлэгийн багаж хэрэгсэл, амны хаалт зэрэг 10,0 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг УОК-д, ММСУХ-нд галын хамт олон 5,0 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон байна.
“Шандаст хүлэг” гал нь зөвхөн галын хамт олны амжиргаанаас гадна хүмүүнлэгийн үйлсэд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж нийгмийн сайн сайхан үйлсэд гар бие оролцдог. Үүний нэг жишээ гэвэл мал өвөлжилт хаваржилтийн үүссэн нөхцөл байдлын улмаас өвс тэжээлгүй болсон, мал сүргээ зуданд алдсан газар нутагт өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж Дундговь аймгийн Луус, Хулд суманд 1000 боодол өвс, 10 тн хивэг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Говь-Алтай аймгийн Халиун сумдад 1000 боодол өвс 10 тн хивэг олгосон.
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 2024 онд гал түймрийн улмаас орон гэрээ алдсан нэг өрхөд 5 ханатай гэрийг “Шандаст хүлэг” галын хамт олны зүгээс хүлээлгэн өгч ая тухтай өвөлжих боломжийг бүрдүүлж өглөө.
2024 онд Хэнтий аймагт болсон С. Дугарсүрэн агсны нэрэмжит “Улсын аварга адуучин” шалгаруулах тэмцээнд түрүүлсэн адуучинд 1 өрөө байр, дэд байранд орсон адуучинд 15 сая төгрөгөөр урамшуулсан зэрэг нь олон нийтийн арга хэмжээнд “Шандаст хүлэг” гал идэвх санаачилгатай оролцдог.
Мөн галын уралдаанч хүүхдүүдийн сурлага хүмүүжилд анхаарч жил бүр хичээлийн хэрэгслийг иж бүрнээр авч өгөх, жил бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгон, уралдаанч хүүхдийн унаж хурдлуулсан морь Улс, Бүсийн уралдаанд айрагдаж түрүүлсэн болон 10 дотор давхисан бол ар гэрт нь мөнгөн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх ажлыг жил бүр зохион байгуулан ажилладаг.
“Шандаст хүлэг” галын хамт олон 5 өрх айлыг нийгмийн хариуцлагын хүрээнд малжуулсны зэрэгцээ галын бүрэлдэхүүнд ажиллуулан тогтмол цалинжуулаад байна.
Хурдан морь уралдах зам засварын ажилд 5-6 сая төгрөг зарцуулж уралдааны замыг хусах тэгшлэх ажлыг жил бүр орон нутгийн уяачдын холбоотой хамтран хийж байна.
