Мэдээ мэдээлэл

Үндэсний спортын анхдугаар чуулганд ММСУХолбоо оролцож байна

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан үг хэллээ

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгчөө, Үндэсний спортын анхдугаар чуулганы хүндэт зочид оо! 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Үндэсний спортын мянга мянган төлөөллийг хүлээн авч байгаа Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ММСУХолбоо болон нийт уяачдынхаа өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж, таны үйл хэрэг хүлгийнхээ хийморьт мандан бадрахын ерөөл дэвшүүлэн мэндчилж байна.

             Бид бүхэн Монгол үндэстний их өв соёлыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд үндэсний өв соёлоо уламжлалын дагуу төгөлдөржүүлэх, түүнтэй холбоотой нэн чухал олон асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.

Эрийн 3 наадам буюу Монгол түмний үндэсний спортын төрлүүд болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа нь бидний өвөг дээдэс язгуурын монголчуудын олон мянган жилийн амьдралын хэвшил, байгаль цаг уурын нөхцөлтэй уялдан үүсч бүрэлдэн, дэлгэрэн хөгжсөөр нүүдэлчдийн соёл иргэншлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, үнэт зүйл нь болсон.

 Тийм ч учраас ЮНЕСКО Монголын эрийн 3 наадмыг хүн төрөлхтөний бүтээсэн соёлын үнэт өвийн жагсаалтад зүй ёсоор бүртгэж авсан билээ.

          Монголын ард түмэн, наадамчин олон, хурдан морины төлөө сэтгэлтэй уяач, зүтгэлтнүүд биднээс Монгол наадмын морин уралдааныг шударга, хариуцлагатай зохион байгуулж, түүнд оролцогчид өндөр ёс зүйтэй байж, үндэсний өв соёлоо дээдлэн эрхэмлэж, уламжлуулан хөгжүүлэхийг нэхэл хатуу сануулж байгаа энэ шаардлага нь бодит нөхцөл, шалтгаант үр дагавраас урган гарч буй учраас зүй ёсных юм аа

          Манай холбооны үе, үеийн удирдлага, хамт олон Үндэсний морин уралдааны зохион байгуулалт, уяачдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, түүнчлэн Морьтны өв соёлыг дэлхийн нийтэд сурталчлах, Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар олон талт үйл ажиллагаа, бодлого боловсруулж, хуульчлан хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 2003 онд "Үндэсний их баяр наадмын тухай" хуультай болж, 150 орчим улсын бүс, 8 удаагийн их хурд уралдаан наадмыг хариуцан зохион байгуулж, 2013 онд 4,249 хурдан морины уралдаан, 11,125 морьтон Монголчууд жагсаалаар Геннист  бүртгүүлж, Эрүүл явбал улсын наадам үзнэ гэсэн эрхэм уриан дор “Морьтны хийморь” аяныг өрнүүлж Улсын онцгой комисст 120,0 сая төгрөгийг хандивлаж, төр, засгийнхаа гаргасан бодлого шийдвэрийг ямагт дэмжин ажиллаж ирсэн билээ.

Баяр наадмаар уяачид, наадамчдын дунд маргаантай байдаг эрлийз, монгол морьдыг хэрхэн ялгаж уралдуулах тухай асуудлыг холбооны VII  их хурлаар  дийлэнх олонхи нь зөвхөн сэрвээний өндрийг одоогийн мөрдөгдөж байгаа стандартаар хэмжиж уралдуулахаар шийдвэрлэсэн.

Цаашид Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хохироодог байдлыг арилгах, жил бүрийн баяр наадам, хурдан морины уралдааныг маргаангүй, ашиг сонирхлын зөрчилгүй зохион байгуулах, уяачдын эрхийг тэгш хангах зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хуулинд мэргэжлийн спортын холбооны баталсан дүрмээр, шинжлэх ухааны хэмжүүрийг баримталж байгаа сэрвээний өндрөөр ялгаж уралдуулах асуудлыг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна.

Түүнчлэн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны Эрдэмтдийн зөвлөлийн хурлаас монгол адууны популяци генетикийн иж бүрэн судалгаа хийж, өвөрмөц байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоож, хурдны чиглэлийн адууг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахад 5 жилийн хугацаа шаардагдана гэж дүгнэлт гаргасан байна.

Нөгөө талаар хурдан морины уралдаан наадмыг зөвхөн морин уралдаан  төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, Монгол туургатны морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэсний их өв соёл болохыг хадгалах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, дэлхийд Монгол Улсыг морьтны өв соёлын өлгий цөм нутаг болохыг сурталчилан таниулах зорилгоор 2019 оноос эхлэн бүхий л уралдаан наадмаа “морьтны өв соёлын наадам” болгон зохион байгуулж, цаашид энэ чиглэлд зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

Үүний тулд ММСУХ дэргэдээ хүний хөгжил, адууны хөгжил, соёлын өвийн талаар судалгаа, шинжилгээ хийдэг, холбоонд зөвлөх чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

ММСУХ нь Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн байгууллагын хувьд Олимпын харти, орчин үеийн спортын дүрэм журам, үнэт зүйл, хэм хэмжээг мөрдлөгө болгон ажилладаг. Тиймээс ч Монголчууд бид үндэснийхээ өв соёлыг хадгалж хамгаалахдаа хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, шинжлэх ухаанч хандлагаар хөгжлийн бодлогоо тодорхойлох нь зөвхөн хурдан морины уралдаан бус үндэсний спортын бүх төрлүүдэд хамаатай юм.

Бид өв соёл хэмээн ам амандаа ярьснаараа үнэт зүйлээ хадгалж үлдэх үү, харин түүнийхээ учир шалтгаан мөн чанарыг ирээдүй хойч үедээ хэрхэн ойлгуулах вэ гэдэг эгзэгтэй зааг дээр ирээд байна. Энэ бүхэнд төр засаг, эрдэмтэн мэргэд, судлаачид, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд нэгдсэн ойлголттой нэг зүг рүү харсан бодлого тодорхойлоход энэ чуулганы ач холбогдол оршиж байна гэж ММСУХ үзэж байна.

Эрхэм зочид оо.

Бид бүхнээс Монгол үндэстний Морьтны өв соёлын нандин хувь заяа ихээхэн шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, үл ойлголцлоос ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын зөвшилцөл, шийдлийг эрхэмлэж ажиллахыг хүсье.

        Монголын үндэсний спортын анх  дугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо. 
Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.