Мэдээ мэдээлэл

2021 ОНД ЗУРГААН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталж, тогтоол гарган танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт Засгийн газарт хүргүүлжээ. 2021 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон цаг үеийн асуудлуудын талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа.

 

 

-ММСУХ-ны дүрэм, Хурдан морины уралдааны дүрэмд зааснаар тухайн жилд болох  хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг  ММСУХ-ны  Тэргүүлэгчдийн  хуралдаанаас тогтоож, Засгийн газарт саналаа хүргүүлж, шийдвэрлүүлдэг уламжлалтай.

Энэ дагуу ММСУХ аймгуудаас бүсийн уралдааны санал авсан. 2021 онд олон аймгийн түүхт ой тохиож байгаа. Тэдгээр аймгуудаас манай холбоонд саналаа ирүүлсэн.  Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас манай холбоонд албан бичгээр бүсийн уралдаан зохион байгуулах талаар аймгуудаас ирж байгаа хүсэлтийг нэгтгээд, нэгдсэн санал ирүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн.

Байгуулагдсанаасаа хойших 25 жилийн хугацаанд ММСУХ  8 удаагийн “Их хурд”, өвөл, зуны нийлсэн 130 гаруй  бүсийн уралдаан, наадмыг зохион байгуулсан байна. Хурдан морины бүсийн уралдаан, шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан бол ММСУХ-ны санаачилсан, Оюуны өмч, зохиогчийн эрхээр хамгаалагдсан манай брэнд бүтээгдэхүүн. Эдгээр уралдаан, наадмыг ММСУХ-ноос өөр холбоо, ТББ зохион байгуулах эрх байхгүй.  Цаашдаа ч бид хууль, дүрмийнхээ хүрээнд Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаан наадмаа зохион байгуулж, холбогдох  шийдвэр гаргах талаар эрх бүхий байгууллагуудаас шаардаж ажиллах болно.

-Бүсийн уралдаан зохион байгуулах аймгуудыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Энэ жилийн хувьд 9 аймгаас хүсэлт ирсэн. Аймгуудыг шалгаруулахдаа, нэгдүгээрт ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг харгалзсан. Аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулах эрх хүсэхдээ дараах гурван бичгийг албан ёсоор ирүүлэх ёстой. Үүнд:

Аймгийн ИТХ тогтоол гаргаж, тухайн орон нутагтаа бүсийн уралдааныг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгадаг.

Аймгийн Засаг дарга уг тогтоолын хүрээнд ММСУХ-нд албан хүсэлт ирүүлнэ. 

Бүсийн уралдааныг зохион байгуулахад тухайн орон нутаг дахь ММСУХ-ны салбар холбоо хамтран оролцох ёстой. Тэгэхээр салбар холбооноос төв холбоонд албан бичгээр саналаа ирүүлдэг.

Хоёрдугаарт, өмнө нь болсон бүсийн уралдааны хугацаа, байршил, давхцал, дараагийн бүсийн уралдааныг зохион байгуулах газар нутгийг харгалзаж, эрх олгосон.

Гуравдугаарт, ММСУХ-ны их хурлаараа баталсан Хурдан морины уралдааны дүрмийн хүрээнд тухайн орон нутаг уралдааныг зохион байгуулахыг дэмжсэн байдлыг харгалзаж шийдвэрээ гаргасан.

Бүсийн уралдааныг санаачлагч, зохиогчийн эрхийг нь эзэмшигчийн хувьд ММСУХ-ны дүрэм журмын хүрээнд бүсийн уралдааныг зохион байгуулах ёстой.  Тиймээс бид эрх авсан аймгийн Засаг дарга нартай албан ёсоор гэрээ байгуулж байна.

Энэ гэрээнд тухайн бүс нутагтаа хийх уралдааныг ММСУХ-ны дүрэм, журмын хүрээнд, маргаангүйгээр зохион байгуулна. Хэрвээ энэ дүрэм, журмыг баримтлахгүй бол бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан уяачид цол олгох эрхийг бид тооцохгүй. Хойшдоо бүсийн уралдаан ахиад авах эрх хүсвэл олгохгүй байх үндэслэл болно шүү гэдгийг гэрээнд зааж өгч байгаа.  Энэ нь уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байх, уралдаанч хүүхдийн эрх ашиг аюулгүй байдлыг хангах, уралдаан, наадамд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгон, зөвхөн морин уралдаан төвтэй байдлыг өөрчилж, морьтны өв, соёлыг бүхэлд нь цогцоор нь илэрхийлэх соёлын наадам болгох зорилготой юм.

Манай холбооноос мөрддөг Хурдан морины уралдааны дүрэмд ямар морь уралдах, эрлийз, монгол морьдыг яаж ялгах, уяач, уралдаанч хүүхэд ямар эрх эдлэх, ямар үүрэг хүлээх, наадам зохион байгуулагч нь ямар эрх үүрэгтэй байх, наадам зохион байгуулах өдрийн цаг агаар ямар байх... гэдгийг бүгдийг цогцоор нь заасан байгаа. Эргээд харах юм бол дан хариуцлага. Эцсийн бүлэгтээ уяачаа, уралдаанч хүүхэд, морио хамгаалж байгаа бодлого.

Энэ дүрмийнхээ хүрээнд уралдаан наадмаа зохион байгуулахаар аймгуудтайгаа гэрээ байгуулаад, Засгийн газар шийдвэрээ хүргүүлсэн.

2021 оны долоодугаар сарын 24- 25-нд Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Сэлэнгэ аймагт, Төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт, Говийн бүсийн уралдааныг Дорноговь аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Ховд аймагт тус тус зохион байгуулахаар товлосон. 

Засгийн газар мэргэжлийн спортын холбооны саналыг үндэслээд, ойрын хугацаанд тогтоол, шийдвэрээ уламжлалын дагуу гаргана.

-Булган аймагт зохион байгуулах ММСУХ-ны уралдааны талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн 2020 онд ММСУХ-ны 25 жилийн ой болсон. Холбооноос бүсийн уралдааны саналаа өгсөн боловч Ковид-19 цар тахлаас үүдээд, бүх бүсийн уралдаан, наадмууд хойшилсон. Нэгэнт “Эрүүл явбал Улсын наадам үзнэ” гэдэг болохоор манай холбооноос засаг, төрийнхөө шийдвэрийг дагаад албан ёсоор бүх уралдаанаа хойшлуулсан. 

Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдал наашилж, хүн амыг вакцинжуулаад дуусах байх гэсэн хүлээлт, тооцоотойгоор 5 бүсийн уралдаан, ММСУХ-ны нэрэмжит уралдааныг зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Булган аймагт хийх ММСУХ-ны наадам бол холбооны 25 жилийн ой, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 8 жилийн ойд зориулсан уламжлалт уралдаан юм. Энэ уралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг гараад, ямар зохион байгуулалттай, хэдэн нас уралдуулах зэргийг тухайн үед нь шийднэ.

ММСУХ өөрийнхөө наадмыг сүүлийн 2 жилд хаврын “Дүнжингарав”, “Их хурд” уралдааныг Улаанбаатар хотод, Хүй долоон худагт зохион байгуулсан. Одоо бид морьтны өв соёлыг олон нийтэд сурталчлах, түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, брэнд болгож, орон нутагт аялал жуулчлалыг татах зорилгоор холбооныхоо наадмыг Булган аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цаашид орон нутаг дахь морьтны өв соёлын цогц арга хэмжээ, онцлогийг харуулсан ийм жишиг уралдаан, наадмыг орон нутаг болон салбар холбоодтойгоо хамтран, ээлжлэн зохион байгуулахыг зорьж байна.

-ММСУХ-ны Тэргүүлэгчид “Тод манлай цолтнуудын зөвлөл”-ийг байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ зөвлөлийг байгуулах болсон гол зорилго нь юу вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар  улс, бүсийн 10 түрүү, 20 айраг авсан, түүнээс дээш амжилт үзүүлсэн уяачдад “Тод манлай” цол олгож байгаа. Одоогоор улсын хэмжээнд  “Тод манлай” уяач 43 хүн байна. ММСУХ-ны дүрэмд  Холбооны ерөнхийлөгч дэргэдээ “Бодлогын зөвлөлтэй байна” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу “Тод манлай цолтнуудын зөвлөл”-ийг байгуулж байгаа юм. Тод манлай цолтнууд маань бол бөхөөр дархан аваргууд шүү дээ. Морьтныхоо дээд цолыг авсан тод манлай цолтнуудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, холбооны бодлого, үйл ажиллагаанд татан оролцуулахын тулд энэ зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, журмыг нь баталсан.

“Тод манлай цолтнуудын зөвлөл” нь холбооны Ерөнхийлөгч болоод удирдлагын багт бодлогын зөвлөмж өгдөг, дээр нь нийгэмдээ зөв сайхан зүйлийг уриалдаг, залуу үеийг бэлтгэх, уяаны арга барилыг бодлогоор залгамжлах чиглэлээр ажиллана. Мөн тодорхой эрхүүдийг эдэлдэг байна.

-Ямар эрх эдлэх вэ?

-“Тод манлай” цолтой уяачид маань энэ зөвлөлд орсноороо тодорхой эрхүүд эдэлнэ. Тухайлбал холбооны албан ёсны бэлгэдлийг ашиглаж, уралдаан наадам зохион байгуулах эрхтэй байх, холбоог төлөөлж, олон улсын хурал семинар, олон улсын хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцдог байх, холбооны Тэргүүлэгчдийн хуралд оролцдог байх гээд тодорхой хэмжээний эрхүүдийг олгож байгаа.

Нөгөө талдаа үүнийгээ дагаад нийгэмдээ хариуцлага, ёс зүйгээрээ үлгэрлэх, үндэстнийхээ уламжлал, соёлын биет бус өвөө сурталчлах, морь уях мэдлэг ухаанаа хөгжүүлэхэд нийгэмдээ нөлөөлөх үүрэг хүлээж байна. Холбооны ажилд Зөвлөл ямар эрх, үүрэгтэй оролцох, ямар шийдвэр гаргахыг бид журамдаа тодорхой заагаад өгчихсөн байгаа.

-Зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвхөн “Тод манлай” уяачид орох уу?

-Тийм ээ, одоо байгаа 43 Тод манлай уяач, дээр нь шинээр цол авах “Тод манлай” уяачид орно. Улсын цолыг олгохдоо ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд, Хурдан морины салбар комисс, Үндэсний  их баяр наадмыг зохион байгуулах  хороогоор хэлэлцэж шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг.  Ерөнхийлөгч жил бүрийн Цагаан сараар  уяачид улсын  цолыг олгодог хуультай. Гэвч  Ковидоос шалтгаалан, сүүлийн хоёр жилд уяачдын маань цолнууд огт олгогдоогүй байна. Уяачид маань Ардын хувьсгалын 100 жилээсээ өмнө цолоо аваад, баяр наадамдаа оролцох хүсэл эрмэлзэл их байгаа. Тиймээс ММСУХ  Тамгын газар, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд улсын цолыг ойрын хугацаанд олгуулах саналыг хүргүүлсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбооны хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэр гаргана.

-Зөвлөлийн анхны хурлын бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бүх “Тод манлай” уяачдаа албан ёсоор урилга хүргүүлсэн байгаа. Ковидын нөхцөл байдал хүндэрчихгүй бол тухайн үеийн онцгой дэглэмийг чанд баримтлаад, холбоон дээрээ хийнэ ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэцэнханы хурд-2016 зүүн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш. Мөнгөншагайн Хүрэн морийг уралдаанч хүү Б.Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа
Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.