Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны ээлжит зөвлөлгөөн Сэлэнгэ аймагт болов

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2011 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох уяачдын зөвлөгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн зөвлөлгөөнийг  Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” Морин Спорт Уяачдын Холбоонд хийж байна. Зөвлөлгөөнд  ММСУХ-ны ажлын алба,ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийнм дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Монгол улсын тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Ц.Батсайхан, Монгол улсын манлай уяач Д.Одгэрэл, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай ” МСУХ-ны тэргүүн, тэргүүлэгчид, Сэлэнгэ аймгийн 13-н сумдын уяачид  оролцлоо.
Зөвлөлгөөн дээр Монголын үндэсний хурдан морин уралдааны эргэн тойронд болж байгаа  үйл ажиллагаа, цаашид монгол улсад хурдан морины уралдаан хэрхэн яаж хөгжих  талаар уяачидтайгаа зөвлөлдөв. 
 ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны талаар  ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн дэлгэрэнгүй ярилаа.
  Монголын уяачид үндэсний томоохон  хөрөнгө оруулагчид, ажил олгогчид болж Монголын нийгэмд ач тусаа хэдүйн үзүүлж эхлээд байна. Монгол уяачид малчин айлаас хурдан морийг нь худалдан авч бодит хөрөнгө оруулалт хийж, адуучин залуусыг тогтмол цалинтай ажлын байраар хангаж, мөн үндэсний болон хүнс  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг амьдрал ахуйдаа  тогтмол хэрэглэж энэ чиглэлийн томоохон хэрэглэгчид зах зээлийг бий болгон үүнийг тойрсон  олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн амьдрах эх үүсвэр нь  болоод байна. 
 Монголын үндэсний их өв соёл болсон хурдан морины уралдааны онцлог, ёс заншил, дэг жаяг , Монгол хүний хувцас , эдлэл хэрэглэлийг  сэргээн хөгжүүлж улам бүр сурталчилан таниулж хойч үедээ уламжлуулан үлдээхийн  төлөө уяачид бид туйлын ухамсар, бодлоготойгоор ажиллаж байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
Наадмын өглөө хурдан морио  морьдуулж байгаа Монгол эр хүн шиг баян, аз жаргалтай, хийморьтой хүн энэ хорвоод ховор бизээ. Наадмын өглөө мянга мянган хүлэг сайн морьдоо морьдуулж, бяцхан хүүхдийнхээ цовоо сэргэлэн гийнгоогоор буурал хорвоогоо аргадан уярааж байдаг улс гүрэн Монголоос минь өөр энэ хорвоод үгүй билээ. Энэхүү гайхамшигт соёлын эзэн нь болсон эрхэм уяачид та бүхэндээ ММСУХ гүн хүндэтгэл илэрхийлж ,аз жаргал амжилт бүтээлийн дээдийг дахин хүсч байна. 
 Өнөөдрийн энэ зөвлөлгөөн бол Монголын уяачид, Сэлэнгэ нутгийн уяачид бид хоорондоо өөрсдийнхөө хамгийн дуртай, хамгийн  хайртай хүлэг морьныхоо  тухай, хурдан мориныхоо уралдааныхаа талаар, та бидэнд тулгараад буй бэрхшээл саадын тухай, амжилт олотын тухай чин сэтгэлээсээ  харилцан ярилцаж, халуун дулаан уур амьсгалд хийгдэх  зөвлөлгөөн юм аа. Энэ зөвлөгөөн дээр бүгдээрээ харилцан ярилцсан уур амьсгалтай, нэгнээсээ асуух тодруулах зүйлээ ичиж зоволгүй, саадгүй шууд асууж хариулж халуун дулаан нэг гэрт цугларсан уяачид шиг бие биенээ ойлголцож, Хурал гэхээсээ илүү Монгол айлд буугаад морддог  уяачид шиг хоорондоо илэн далангүй ярилцах нь зүйтэй юмаа гэж бодож байна. 
2008 онд шинээр зохион байгуулагдаж сонгогдсон ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид, ажлын алба 4-н  жилд хийж гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан юм. 
 Монголын уяачдын хийж бүтээж байгаа ажил,  хурдан хүлэг морьдын амжилт, холбооны бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах хамгийн анхны гүүр болwww.morinerdene.mn  вэбсайт байх ёстой юмаа. Дэлхий олон оронд  суурьшин ажиллаж амьдарч байгаа Монголчууд, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа манай уяачид, хурдан морь сонирхогчид  нэгэн доор мэдээлэл олгох боломжийг www.morinerdene.mn вэбсайт олгодог юм.
www.morinerdene.mn вэбсайтаас  Монголын хурдан морьдын уралдааны түүхийг уншиж болох юм. Мөн уяачид бид холбооны вэбсайтандаа өөрсдийн санал бодлоо бичсэнээр холбооныхоо түүхэнд өөрсдөө бас гар бие оролцох боломжтой юм. Ийм зорилгоор холбоо албан ёсны вэбсайттай болсон юм. Энэ ажлыг бид зохион байгууллаа.  
Монгол улс 2010 онд Азийн морин уралдааны холбооны гишүүн орноор элссэн юм. Ингэснээрээ Морьтон Монголчууд Азийн морин уралдааны холбооны бодлого, шийдвэрт оролцох  болсон юм. Азийн морин уралдааны холбоо бол  Ази тивийн хэмжээнд болж буй хурдан морины уралдааныг зохион байгуулах, Азийн хурдан морины уралдааны нэгдсэн бодлогыг барьж байдаг ийм холбоо юм. ММСУХ дэргэдээ хэвлэл мэдээллийн алба байгуулж,  “Дэлхийн морьтон”  сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа. Манай холбооны тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг бол хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудал байдаг. Хурдан морины унаач хүүхдүүд  маань аюул, аваарь осолгүй нөхцөлд хурдан морийг унаж уралдуулах ёстой. Энэ үүднээс бид хурдан морины унаач хүүхдийн даатгалын асуудлыг  ММСУХ сүүлийн 3 жилд  100% хариуцаж ирсэн юм. Энэ даатгал ямар учиртай вэ гэхээр зөвхөн хурдан морь унах үеийн  осол гэмтэлд биш бүтэн жилийн туршид унаач  хүүхдийн  ахуйн осол ч ордог юм. Жишээлбэл: тэр хүүхэд унадаг дугуйгаар гэр лүүгээ явж байгаад гэмтэж бэртэх гэх зэрэг гэнэтийн ослын даатгалаар ММСУХ  хурдан морь унаач хүүхдүүддээ даатгаж байгаа юм. Хурдан морь унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй уралдуулж байх стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлийн  улсын стандартыг Монгол улсын хэмжээнд батлуулсан юм. Хамгаалалтын каска, хамгаалалтын цээживч,  өвдөг тохойны хамгаалалт, стандартын уралдааны эмээлтэйгээр  хурдан морь унаж  уралдах шаардлагыг  2012 оны 1 сараас Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр боллоо. 
Хурдан морь унаач хүүхдүүд  үндэснийхээ спортоор хичээллэж байгаа тамирчид гэж ММСУХ ойлгодог. Тийм учраас  хурдан морь унаач хүүхдүүд маань  улсын цол зэргийн ангилалд хамаардаг болж, спортын дэд мастер, спортын мастер  цолыг авдаг болсон. ММСУХ-ны  6-н хурдан морь унаач хүүхэд  спортын дэд мастер, анхны  спортын мастер 2011 онд төрөн гарч байна.
 ММСУХ-ны хууль дүрмийн хүрээнд олон чухал ажлуудыг  хийлээ. Нэг хэсэг хурдан морь хүүхэдгүй уралдаж эхэлсэн. Улсын наадамд ч хүүхэдгүй морь түрүүлсэн. Энэ асуудлыг  Монгол Улсын  засгийн газарт оруулж хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт оруулж хүүхэдгүй уралдаж ирсэн морийг 5-н байраар  ухрааж байх  дүрэмтэй болголоо.Ингэснээрээ хурдан морины уралдаан  шударга болж  ард түмэн хурдан мориныхоо уралдаанаа улам бүр шимтэн үздэг болсон.
Монголын уяачдыг  дэлхийн хурдан морины уралдааны ертөнцтэй танилцуулж, дэлхий чинь ямар мориор хэрхэн уралддаг, дэлхийн сонгодог хурдан морины уралдаан гэж ямар уралдаан байдаг, цэвэр цусны Англи морьд гэж ямар адуу   байдаг  зэргийг  уяачддаа, мориныхоо зүтгэлтнүүдэд ойлгуулан таниулах зорилгоор 2009 онд Герман улсад болсон олон улсын морины үзэсгэлэнд баг бүрэлдэхүүнээрээ, Мөн Австралийн Сидней хотод Азийн морин уралдааны холбооны 33-р бага хуралд ММСУХ-ны төлөөлөгчид оролцож, 2011 онд Хонг Конгийн морин уралдааны “Жокей” клубт салбар холбоодын тэргүүн нар ажлын  айлчлал хийлээ. Энэ айлчлалд Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн оролцож явсаан.
 Цаашид бид олон ажлын айлчлалыг дэлхийн бусад орнуудад  хийж уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүддээ дэлхийн хурдан морины уралдааны үйл явцыг үзүүлж дэлхийн мориныхонтой санаа бодлоо нэгдүүлэхэд нь тус дэм болноо гэж бодож  байна. Өнөөдөр дэлхий морьтонгууд Монголчуудыг мэддэг болсон. Өнөөдөр дэлхий морьтонгууд Монголчуудын тухай ярьдаг болсон.
 Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа нэг чухал асуудал бол дэлхийн талыг эзэлж явсан морьтон Монгол, Монгол түмний минь төрийн сүлдэнд заларсан Монгол адууны тухай дэлхий адууны үүлдэрт ямарч  бүртгэл байдаггүй.  Монголчууд бид өнөөдөр Монгол морио яриад, бахархаад байгаа болохоос биш дэлхийн хурдан морины уралдааны ямар ч ном, дүрэм, журамд Монгол адууны тухай нэг ч өгүүлбэр байдагггүй. Тэгэхээр бид өөрсдийнхөө хайрладаг, хүндэлдэг, шүтдэг Монгол адуугаа дэлхийн адууны үйлдвэрт бүртгүүлэх асуудал бол ММСУХ-ны төдийгүй Монгол улсын өмнө тавигдаж байгаа шинэ асуудал юм. Энэ ажлыг ММСУХ  санаачилж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, Ази тив болон олон улсын морины холбоонд илгээх ажлыг зохион байгуулж байна. Монгол улсад Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн  Гай сержант  Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар айлчлалаа. Энэ айлчлалын үеэр яригдсан хамгийн чухал асуудлын нэг бол хурдан морь унаач хүүхдүүдээ олон улсад, тив дэлхийд алдартай хурдан морины унаач буюу “ЖОКЕЙ”-гоор сургах тухай яригдлаа. Морь унаач хүүхдүүд маань морио , уралдаанаа мэдрээд ухаан суугаад  яг ур чадвартай болоод ирдэг. Тэгээд моринд хүндэдлээ гээд  хасагддаг. Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын морин уралдааны холбооны гүйцээтгэх зөвлөлийн гишүүн Гай Сержант энэ асуудлыг нааштайгаар хүлээн авч, эхний ээлжинд ирэх жил 5 хүүхдийг Шинэ Зеландад хурдан морины унаач буюу jockey-аар сургаж өгөхөөр шийдвэрлэсэн. 
Мөн бид  уяачдаа олон улсын хурдан морины уралдаанд оролцуулах тухай төлөвлөж байна. Олон зуун жилийн туршид морийг ажиглаж, шинжиж, уяж, ирсэн Монгол уяач бол дэлхий хурдан морины уралдаанд оролцоод морийг шинжих, таних энэ эрдэмээрээ олон улсын уралдаанд оролцоход  үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. 
Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ-ны тэргүүн Г.Бямбаа: Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны удирдлага бид мөн л шинэчлэгдэн зохион байгуулагдаад холбооны ажлыг аваад жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. энэ хугацаанд  тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болж, хууль эрх зүйн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлаараа хэд хэдэн шийдвэрийг гаргууллаа. Сэлэнгэ аймагт жилд 1 удаа аймгийн бүсийн уралдаан  явуулах, Морины эрсдэлийн үнэлэгээний тогтоол, Хурдан моринд цол өгөх тухай хууль эрх зүйн актууд байдаг. Дээр нь бид нар шагналын журамд өөрчлөлт оруулж, улсын баяр наадамд түрүүлж, айрагдсан, мөн Монгол улсын  засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа уралдаанд түрүүлсэн моринд 1 сая төгрөг, унаач хүүхдэд нь 200,000 төгрөг, айрагдсан моринд 500,000 төгрөг, хүүхэд нь 100,000 төгрөг өгнө гэсэн шинэ заалтууд оруулсан. Аймгийн баяр наадмын хурдан морины уралдааныг мэргэжлийн холбоо гэдгээрээ зохион байгуулалцлаа. 
Морь барианы газарт угсардаг  үзэгчдын хашаатай боллоо.  Сэлэнгэ аймгийн морин уралдааны замыг кадастрын зурганд оруулж, уралдах газрыг пайзжууллаа.
Хийсэн ажлынхаа тайланг  ММСУХ-нд  хугаацаанд нь гарган өгч байна. 
Адууны  эрсдэлийн үнэлэгээний тогтоол гэж түрүүн хэлсэн.  Энэ бол уяачиддаа хандсан морины үнэ цэнийг Сэлэнгийн ард иргэдэд мэдрүүлсэн ийм тогтоол байгаа. 

ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Сэлэнгийн уяачдын холбоо бол манай ММСУХ-ны шилдэг салбар холбоодын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж , зарим талаар бусад аймгуудын хийж, эхлүүлж, хэрэгжүүлээгүй байгаа ажлуудыг санаачилан  хийж хэрэгжүүлээд байна.  Сүүлийн үед холбооны удирдлага бүтэц зохион байгуулалт сайжирч, холбооны дүрэм журмын хэмжээнд олон чухал ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн уяачдын холбоо нь аймгийнхаа Засаг даргын тамгын газар, аймгийнхаа удирдлагуудтай амжилттай нягт хамтран ажиллаж,  аймгийн удирдлагууд нь уяачдын холбоогоо дэмжиж ажиллаж байгаа нь  Сэлэнгэ аймагт хурдан морины уралдаан хөгжиж, морин уралдаан цэгцтэй сайхан болж, тэр хэмжээнд уяачид нь Монгол улсын хэмжээнд танигдаж хурдан морьд нь улам хурдан амжилт гаргаж уралдана гэдэгт итгэж байна.  

Д.Энхбат: уяачид бид бүсийн уралдаанд хэрхэн уралдах ёстой бэ. дуртай бүсдээ уралдах юм уу. эсвэл бүс бүсдээ уралдах юм уу.
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Төв, Хангай, Зүүн, Баруун гэсэн 4-н бүсэд Монголын уяачид уралдах ёстой байдаг. Бүсийн уралдаан бол тухайн бүсийн шилдэг уяач, шилдэг хурдан морь, шилдэг унаач хүүхдийг шалгаруулах  зорилготой. 
Бүсийн уралдаан нь ММСУХ болон тухайн аймгийн засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгуулна гэсэн байдаг. Урьд өмнөх бүсийн уралдааны  явагдаж ирсэн жишиг нь юу вэ гэхээр тухайн аймаг маань өөрөө санхүүжилтээ босгодог. Нутгийн ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр санхүүжилтээ босгодог учраас тухайн  аймаг  өөрөө түлхүү оролцдог байсан. Одоо бол ММСУХ ямар бодлого барьж байна вэ гэхээр ММСУХ  тухайн бүсийн уралдаанд хяналт тавьж, Уралдааныг  нэгдсэн удирдлагаар хангана. . Мөн тухайн аймгийн засаг даргын тамгын газар, МСУХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж уралдааныг яаж зохион байгуулах тухай зөвлөгөө өгч байгаа. жишээ нь бүсэд 6-н аймаг байлаа гэхэл тэр 6 аймгийн МСУХ-ны төлөөллийг комисст нь оруулах. Комисст орсон МСУХ-ны төлөөлөл өөрийн аймгийн  уяачдынхаа эрх ашгийг хамгаалж, мэдээлэлээр хангаж  оролцдог байх ёстой. 
Уяач: Улсын цол гэдэгт чинь хөрөнгө мөнгөтөй хүн л авдаг боллоо шүү дээ.
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Хурдан морь гэдэг хэнд найр тавин өгч аз өмөө гутаадаггүй амьтан. түрүүлээд ирж байгаа морь ч, дундуур давхиад ирж байгаа морь ч дандаа урагшаа зүтгэж уралддаг. харин яаж уяж байна гэдэг тухайн уяачаас шалтгаалах байх. Тэгэхээр амжилт гаргаж байж уяачид цол авдаг. Улсын цол хөрөнгөтэй улсуудын цол боллоо, жинхэнэ уяач нь цол авах ёстой гэж манайхан их ярьдагийм. Бид нар ялгаагүй л адилхан хөдөөний улсууд, хөдөөний хүүхдүүд, хотод ажиллаж амьдарч байна. Ер нь уяач хүн гэж хэн бэ гэдэг асуудал өөрөө их мундаг болчихож. Монголын уяачдын эгнээнд өнөөдөр Монголын нийгмийн бүх төлөөлөл байгаа. Дарга сайдаас авхуулаад, Малчин хүн байна, эмч хүн байна, багш хүн байна, бүх хүмүүс морь уяж байна. Монголчууд үүгээрээ бусад орны уяачдаас илүү их эрхтэй байдаг.  Монголчууд бүгд морь уяж болдог. Бид нар хөрөнгөтэй улсууд гэдэг яриаг болих хэрэгтэй. Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Бид бүгдэд хөрөнгөтэй болох боломж бий. Бид бүгд хөрөнгөтэй болохыг л хүсч байгаа. Бид бүгд хөрөнгөтэй, өмчтэй байж л сайн сайхан амьдрана.Тэгэхээр бид хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүсээ ад үздэг нийгэм маань ард хоцорсон. Бүгд хөрөнгөтэй байхын төлөө, мөнгөтэй, бүгд өөрийн гэсэн өмчтэй байхын төлөө бусдаас хараат бус байхын төлөө бид хичээж амьдарч байна. Би машинтай болчих юм бол би найзынхаа машиныг гуйхгүй шд, би өөрийнхөө машинаар л явна шүү дээ.Тийм болохын төлөө бид явж  байгаа. Бид хөрөнгө мөнгөтэй хүмүүсээ илүү дутуугаар ярьдаг асуудлаа болих хэрэгтэй. Энэ улсууд маань уяач болоод улсын алдар цол аваад байгаа юм. Энэ хүмүүс ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгаа вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй.Бизнесмэн залуу малчин айлаас хурдан морийг нь худалдан авч, энэ залуу 30.000$ 40.000$, 50 сая төгрөг 100 сая төгрөг өнөөдөр Монгол адуу 800 сая төгрөг  үнээр худалдан авч байна.

Зарим хүмүүс Казинод очоод хамаг мөнгөө өгчихдөгийг  бид нар харж байгаа, уншиж байгаа. морь эхэлж уяж байгаа бизнесмэн залуучууд яаж байна нөгөө мөнгөө аваачаад малчин айлд өгчихөж байна, морь авч байна, уяач хүнд цалин өгөөд морио уяуулж байна. Тариаланчидаас овъёосыг нь авч байна, хадсан өвсийг нь худалдан авч байна, морины хүүхдийг цалинжуулж байна шүү дээ.  Дээрээс нь энэ залуучууд хурдан морины уралдаан болохоор уралдааныг мөнгөөр ивээн тэтгэж байна. Хамгийн гол нь эд нар маань эргээд Монгол хүмүүст хөрөнгө мөнгөө зориулж байна. Тэгэхээр энэ ажлыг бид улам л цааш нь дэмжиж, улам л энэ залуучууддаа урам өгч явах нь зүйтэй юмаа гэж би бодож байгаа юм. Монголын уяачдын эгнээ Монгол хүмүүсээр дүүрэн болоосойдоо. Монгол ч биш дэлхийн бусад хүмүүс ирж Монголд морь уяасай, Монгол уяачаар морь уяуулаасай, Монгол уяачаас морь худалдаж аваасай.
Уяач: Уралдаад ирсэн морьдоос эхний 5-н морийг барьж  байлдаг. энэ тоог нэмэгдүүлж болдоггүй юм уу. ядаж эхний 9-д юм уу бай шагнал олгодог болбол яасан бэ?
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Олон талаас нь ярилцсан юмаа манай морины мэргэжилтэнүүд, тэр дундаа уяачид нилээн сайн ярьдаг, зөвлөдөг. Монгол наадамд  500 бай ,1000 бай  морьд уралдлаа гэхэд айргийн 5 морийг барьж байлдаг. Зургаад орсон хүний морийг яагаад  айрагдсан гэж хэлдэггүй вэ. Айрагдана гэж юу юм, айраг ууна гэж юу юм.Эцэг өвгөдийн хийж бүтээсэн  бүхий  л юм  учиртай утгатай гүн ухааны философитой байдаг.    Үндэсний их зан заншил, өв соёл дээр тулгуурласан морин уралдаанаа  өөрчилөхдөө сайн бодох ёстой болов уу. Үндэсний их өв соёлоо хадгалсан хурдан морины уралдаан гэдэг хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүст биш ард нийтэд зориулсан байдаг.  Монгол ухаан, Монгол ёс гэдэг бол ийм л агуу шүү дээ.

Уяач: Мориныхоо зүсийг мэдэхгүй залуучууд морь уях болж болж байна.
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:   Шинэ залуучууд морь уях гэж бидний эгнээнд орж ирж байна. Магадгүй тэр залуучуудын моринд хандах  сэтгэлгээ буруу байж болно. адууны зүс мэдэхгүй байж болно. Бид мэддэгээрээ мэдэхгүй байгааг нь заагаад өгчихье л дөө, тэр залуучуудыг өөрсдөдөө  татаад авчихая л даа. Тэр залуу дээл хувцас өмсдөггүй ч байж болно, шорттой гүйгээд байж болно. Аяндаа хүмүүждэг шүү дээ. Монгол хүн болох гээд бидний эгнээнд ороод  ирсэн тэр залууст  тэр ёс заншил болон бусад юм аа харамгүй заагаад, түшээд авъя л даа. Сэлэнгэ аймагт залуучууд их харагдаж байна, сайхан байна. Тэгэхээр бид өнөөдөр өөрсдийнхөө үр хүүхдийг, ах дүүсийнхээ хүүхдүүдийг татаад авъя, сургаад авъя, уяач болгоё, Монгол хүн болгож авъя.  Өргөн утгаараа ММСУХ-ны зорилго бол Монгол хүнийг төлөвшүүлэх. Монгол ёс заншил, Монгол гэдэг юмыг л бид барьж авах ёстой болчихоод байна. Өнөөдөр биднийг  европ хувцас өмсчихсөн байхад дэлхийн бусад үндэстнээс ялгахад бэрх. Тэгвэл Монгол дээл гутлаа өмсөөд, Монгол ёс заншилаа яриад, Монгол морио уралдуулаад явж байвал дэлхийд ялгагдана шүү дээ. Бид өнөөдөр тэр олон залуусыг  олноор нь нааш нь татаж авчирах ёстой байх. 
 

Уяач:Сайн барилдсан бөхчүүд үндэсний спортоо хөгжүүлсэн гээд хөдөлмөрийн баатар болж байна. Тэгвэл уяачдаас яагаад баатар болохгүй байна вэ? энэ талд дээр ММСУХ ямар ажил хийж байна вэ,
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:ММСУХ-ны одоогийн   удирдлага энэ ажлыг хийсэн цагаасаа хойш  Монгол улсын Тод манлай уяач Даваахүү, Хэнмэдэх гуай нарыг хөдөлмөрийн баатар цолонд, мөн гавъяат цолонд зарим хүмүүсийг  тодорхойлоод  Өнөөгийн ерөнхийлөгчийн  тамгын газарт өгсөн. Уяачддаа бусад олон шагналд тодорхойлсон. Тодорхойлсон тэр шагналуудаас  өнөөдөр хараахан нэг ч шагнал уяачдад ирээгүй байна. Сүүлийн 3 жилд Монголын нэг ч уяач  Монголын төр засгаас шагнал аваагүй.  Шагналын асуудал бол Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхэн асуудал.  

Уяач:  Өнөөдөр манай уяачид хөдөлмөрлөөд байна уу, тоглоод  байна уу ?
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Бас л  бодох асуудал. Өнөөдөр уяачид Монгол төрийн наадмыг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа хөдөлмөрлөж байгаа. Энэ асуудал хөндөгдөж, сөхөгдөж яригдаж байгаагүй. 
Уяач: Болзол хангаагүй боловч олон жил морь уясан ахмад уяачид байдаг.  Тийм хүмүүст улсын цол өгч болдоггүй юм уу? үнэндээ насаараа морь уясан байдаг шүү дээ.
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Бидэнд  ийм санал хүсэлт их ирдэг. Уяачдын холбоо бол Хуулийн хүрээнд аливаа үйл ажиллагаагаа  явуулдаг төрийн бус байгууллага. Тэгэхээр үндэсний их баяр наадмын тухай хууль гэж бий. Тэр хуулинд бол Жишээ нь та улсын наадамд  4-н түрүү буюу 8-н морь айрагдуулбал улсын алдарт цол авнаа гээд  тов тодорхой заачихсан байгаа. Энэ хуулинд өөрчлөлт оруулах талаар бид удаа дараа санал оруулдаг.Энэ бас амархан шийдчих асуудал биш юм байна. Жишээлбэл сумын амжилтын 50%ийг аймгийн амжилтанд тооцох, аймгийн амжилтын 50%ийг улсын н алдарт уяачын амжилтанд тооций гэсэн саналууд байдаг.  Нөхөж цол олгоё гэдэг тийм юм бол байж болохгүй байх. 
Уяач: Малын хулгай  маш аюултай, эмгэнэлтэй  асуудал болоод байна. Өнөө хурданы удамтай адууг чинь хайр найргүй хулгайлж, үгүй хийж байна. Гэтэл нөхөн төлүүлэх гэхлээр хэдхэн төгрөг өгөх, өгөхгүйтэй болдог. 
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Бид олон түмнийхээ дуу хоолойг төрд хүргэх төрийн бус байгууллага учир та бүхний санал бодлыг дэмжиж цааш нь хүргэнэ. Манай “Дэлхийн морьтон” сэтгүүл дээр хүмүүс алдсан барьсан малаа зарладаг. Сэлэнгэ аймгийн уяачдын холбоо  үр дүнтэй нэг ажлыг  хийсэн байна. Хурдан морьдоо үнэлгээтэй болгоод хулгайд алдагдсаны дараа бол тэр үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргуулдаг тогтолцоог аймгийн ИТХурлынхаа шийдвэрийг гаргуулжээ.  Энэ хурлын шийдвэрийг  бусад салбар холбооддоо хэлж хэрэгжүүлэхэд болноо гэж бодож байгаа. Танай аймгийн Адууны үнэлгээгээр бол  улсын наадамд түрүүлж айрагдсан морийг алдсан тохиолдолд 20 сая төгрөгөөр үнэлэх болж. Хуучин бол 350.000 төгрөг ердийн адууны үнээр үнэлдэг байж.  
Уяач: Энэ жил өвлийн  уралдаан олон болох уу ,
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  Манай уяачид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Өвлийн уралдааныг манай холбоо зохион байгуулдаггүй.  Монголын хурдан морины уралдааны дүрэмд, Монгол улсын засгийн газрын тогтоолтой  Монгол улсын хэмжээнд хурдан морины уралдааныг намрын дунд сарын 17- оос  дараа жилийн хаврын эхэн сарын шинийн 3-ийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Хэрвээ энэ хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулаад ямарваа нэг эрсдэл гарсан тохиолдолд тэр уралдааныг зохион байгуулагч шууд хариуцлага хүлээх болно. Тухайн орон нутгийн засаг дарга нар, сумдын уяачдын холбоо, манай уяачид өвлийн уралдаанд оролцохгүй байх ёстой. 
Уяач: “Дүнжингарав” уралдаанд уяачдаас  татвар авдаг. 
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:  “Дүнжингарав” хаврын уралдаанд уяачдаас татвар авдаггүй харин хураамж авдаг. 
өөрөөр хэлбэл бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг авдаг. Ер нь цаашид хурдан морины уралдааныг  зохион байгуулагчид  хураамж авах нь зүйтэй байх.  Хурдан морины уралдааныг зохион байгуул гэж улсын төсвөөс нэг ч мөнгө өгдөггүй. ММСУХ өөрсдийн гишүүд дэмжигчдынхээ ивээн тэтгэлэгээр бүх уралдаанаа зохион байгуулж байгаа. 
“Дүнжингарав” уралдааны хураамжийн 30 мянган төгрөгөнд  “Дэлхийн морьтон” сэтгүүл, Хурдан морь унаач хүүхдүүдийнх нь гэнэтийн ослын даатгал, уралдааны  номер гээд олон зүйлийн үнэ ордог. Хураамжаа өгсөн манай уяачид өндөр бай шагнал, алдар цолны төлөө уралддаг.  Энэ бол татвар биш хураамж. Цаашид бол аймаг, сумын хэмжээнд өөр өөрсдийнхөө хэмжээнд таарсан тодорхой хэмжээний хураамжтай болчих ёстой.

 

Дүнжингарав-2018” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал азаргыг 12 настай уралдаанч хүү О.Гончигсумлаа унаж түрүү магнайд хурдлууллаа
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарийн Хар үрээг 11 настай уралдаанч хүү У.Энхжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа
Тэргүүлэгчидийн уулзалт ярилцлага 2009 он Тэргүүлэгчидийн уулзалт ярилцлага 2009 он /фото/