Мэдээ мэдээлэл

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа.

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд одтой наадсан уяачидтай ярилцлаа.

Х.Бат-Эрдэнэ: Бүх насанд хурдан хүлгийнхээ шандсыг сорилоо

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай констракшн" компанийн захирал Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэтэй хээр азарга аман хүзүүдүүлээд байхад нь уулзлаа.

-Таны эрлийз хээр үрээ аман хүзүүдлээ. Өнгөрсөн жил азарга тань түрүүлж байсан байх аа?

-Өнгөрсөн жил азаргаа түрүүлүүлээд зогсч байсан. Өнөө жил эрлийз үрээгээ аман хүзүүдүүлж олныг баясгаж дэлгэр сайхан наадлаа. Уяа сойлго нь таарсан олон сайхан хурдан хүлгүүдийн аль нь ч түрүүлж мэдэхээр байсан шүү. 

-Та энэ наадамд хэдэн морьтой ирэв?

-Би бүх насны хурдтай ирсэн. Их насанд гурав, азарга, соёолон гээд хүлгийнхээ хурдыг үзнэ дээ. 

-Түрүү жилийн наадмаас өнөө жилийн наадмын онцлог болон өнгө нь хэр харагдаж байна вэ?

-Энэ жил эрлийз морийг тусад нь уралдуулсан, анх удаа дөрвөн насны морь уралдуулснаараа ихээхэн онцлогтой. Мөн цаг тайвширсан урин дулаанд хийсэн нь цагаа олжээ. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал дээр наадмын комисс анхаарч сайн ажиллажээ.

Б.Наранхүү:Манай гал энэ наадмаас хоёр түрүү нэг айраг авлаа

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн өнгөрсөн жилийн улсын наадамд аман хүзүүдсэн хээр азарга энэ жилийн “Дүнжингарав 2012” уралдаанд  түрүүлсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Таны уясан хээр азарга түрүүлж, уясан эзэн унасан хүүхдээ баярлуулсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Хээр азарга маань “Дүнжингарав 2012” хаврын уралдаанд өнгөтэй сайхан байж энэ наадамд түрүүллээ. Олон түмэн ч түрүүлэх байх гэж харж байсан байх.  Олон хүмүүсийн хөдөлмөр, сэтгэл, зүтгэл нийлж байж энэ сайхан хурдан хүлэг энэ наадамд түрүүллээ.  Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.Манай гал энэ жил сайхан наадаж байна. 

-Шарга азарга, хээр азаргаар Б.Наранхүү гэж хүн олон сайхан наадмын түрүү, айргийг авч байна. Шарга азаргын үр төл олон болж байна уу? 

-Шарга азаргын үр төл удам томоохон уралдааныг өнгөлж байгаад баяртай байдаг. Шарга азарга албан ёсоор зодог тайлсан. Үр төлөөс нь энэ жилийн төрийн наадамд түрүүлнэ гэдэгт найдаж байгаа. Шарга азарга уралдахгүй болохоор сайхан тарган байгаа. Харин сайхан төлүүд гарах байх. Шарга азарганы төл ч гэсэн хурдан байна. Бага насны төлүүд ч олон байна. Одоо зуны уралдааныг л хүлээгээд  догдолж байна.

-Танай уяаныхан өнгөтэй сайхан наадлаа. Морьдын уяа сойлго, сунгаа сайн байсан бололтой?

-Энэ жилийн “Дүнжингарав”-т манай галаас хоёр түрүү, нэг аман хүзүү авлаа. Шадар сайдын их нас аман хүзүүдлээ. Энэ наадмаар төрийн наадмын өнгийг хардаг учир хээр азарга түрүүлсэнд бэлгэшээж, өнөө жил түрүүлэх байх гэдэгт найдаж байгаа.

-Хаврын бүсийн наадам  Өмнөговь аймагт болно. Танай гал энэ наадамд явах уу?

-Уяаныхантайгаа ярьж байгаад шийднэ. Одоогоор шийдсэн зүйл алга.

-Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг. Энэхүү шагналыг өнгөрсөн жил “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хүртэж байсан бол энэ жил та хүртсэн. Шагналын мялаалга наадмыг Д.Бат-Эрдэнэ хийж байсан. Та мялаалгаа хийх үү?

-Жишгийг дагаад сайхан наадам хийх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө   “Ажнай” группийн захирал Д.Бат-Эрдэнэ ахтай хамтарч хийх байх.

 Д.Оюунбилэг: Хонгор халзангаа өнгөрсөн намраас уяж эхэлсэн гэхэд сайн байна

Манлай уяач Д.Оюунбилэгийн уясан Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Б.Саранхүүгийн хонгор халзан соёолон айргийн таваар хурдалсан билээ.Уяачийн сэтгэгдлийг сонслоо.

-Хонгор халзан соёолон уг гарал угшил хаанахых вэ?

-Дорноговь аймгийн Алтанширээ сумын угшилтай адуу. Өнгөрсөн намраас эхлэн уяж эхэлсэн.

-Энэ сарын 11-нд Өмнөговь аймагт болох хаврын бүсийн уралдаанд хонгор халзан давхих уу?

-Уралдуулна гэж шийдсэн.  

-Бүсийн уралдаанд амжилттай оролцох нь уяачид алдар цол нэмэхэд нь шалгуур болдог уу?

-Газар газрын уяачид энэ наадамд оролцох нь цолоо ахиулах, цол нэмэх болзлоо хангах нэг шаардлага болдог. Цолны амжилтаа ч ахиулдаг. Энд айрагдсан морийг нэг амжилтаар тооцно. Монгол Улсын алдарт уяач гэсэн цолыг найман айргаар авах боломжтой. Гэтэл өмнө нь долоон удаа хурдан хүлгээ айрагдуулсан уяач энэ наадамд нэг морио айрагдуулж найм болговол цолны болзол хангалаа гэсэн үг.  Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой наадмаар цолны болзол хангахаас хаа нэг газрын хурдан морины уралдаанд цолны болзол хангахгүй.

Г.Батхүү: Тод манлай цолыг мялааж азарга маань аман хүзүүдлээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач  Г.Батхүүгийн соёмбо зээрд азарга аман хүзүүдлээ. Соёмбо зээрдийг эзнийхээ “Тод манлай уяач” цолыг мялаалаа хэмээн наадамчид бахдаж байв. 

-Луу жилийн анхны уралдаанд таны азарга аман хүзүүдэж, цагаан сарын босгон дээр та “Тод манлай уяач” цолоор шагнуулсан давхар баяр тохиолоо. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Хүсч мөрөөдөж явсан цолондоо хүрсэн. Өмнө нь миний морьд “Дүнжингарав”-т хоёр удаа аман хүзүүдэж, Өвөрхангайн 80 жилээр түрүүлж, тав уралдаж хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн. Цолоо батална гэж ярьдгаар болж сайхан байна. Соёмбо зээрдийн угшил нь  миний өөрийн унаган адуу.

-Та хэчнээн жил морь уяж байгаа вэ?

-Уяачийн хувьд 20 гаруй жил морь уяжээ. Цаашдаа авсан цолоо баталж хүлгүүдээ сайн хурдлуулна. Цаана нь олон сайхан наадам хүлээж байна. 

Энэ жилийн шилдэг уяачаар Архангай аймгийн Их тамир сумын уугуул Э.Дашчирав тодорсон бөгөөд түүний уясан Б.Цэрэнбалтавын эрлийз хээр азарга түрүүлж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын хүрэн халзан их насанд аман хүзүүдсэн. Харин шилдэг унаач хүүхдээр “Дорнодын унага” галын унаач Дорнод аймгийн Матад сумын уугуул Т.Баярхүү шалгарсан юм. Түүний хувьд энэ уралдаанд манлай уяач Д.Бат-Эрдэнийн ембүү зээрд болон алдарт уяач Н.Хүрлээгийн зээрд үрээг унаж хурдлуулсан юм. Шилдэг уяач Э.Дашчиравын  сэтгэгдлийг сонслоо.

-Уяж уралдуулсан хүлгүүд тань өнөөдөр түрүүлж, аман хүзүүдэн таныг шилдэг уяач болгосонд баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Цаашид энэ амжилтаа ахиулахын төлөө хичээнэ.

-Багш тань хэн бэ. Хэдэн жил морь уяж байна?

-Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун багшийн удирдлага дор морь уях арга барил ажилд суралцаж байна. Морь уяад нэг жил болох гэж байна.

-Нас хэдтэй вэ?

-22 настай.

“ДОРНОД ТАЛЫН ХУРД 2014” зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Дорнийн шижир алтан талд унага болгон босоо төрж,Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах болтугай Хурай, хурай хурай….
Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд
“Алтайн хурд-2016”баруун бүсийн уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын хээр азаргыг 8 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж түрүү магнайд хурдлууллаа 2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын халиун азаргыг 10 настай уралдаанч хүү Ц.Дагвадорж унаж аман хүзүүнд хурдлууллаа