Мэдээ мэдээлэл

Австралийн “Magic Millions” компанитай морин спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ММСУХ

Австралийн “Magic Millions” компанитай морин спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дэд Ерөнхийлөгч Э.Бат-Эрдэний урилгаар Австралийн морин уралдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Magic Millions” компанийн олон улсын борлуулалтын захирал Дэвид Честер, Тус компаний Монгол талын төлөөлгч Б.Жамбалсанжид нар Монгол Улсад айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Дэвид Честер нар морин спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн энэ үеэр Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч П.Батсайхан, тэргүүлэгч гишүүн Д.Цэрэнжигмэд, МУТМУ Д.Ганбаатар нартай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны боломж, зорилтыг хэлэлцлээ.

“Magic Millions” компани нь Австралийн Күинсланд мужийн Gold Coast Turf Club-д төвтэй бөгөөд залуу адууны дуудлага худалдаа, спортын маркетинг, уралдаан зохион байгуулалт зэрэг бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг Gold Coast Yearling Sale арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй морин спортын үйл явдлуудын нэгт тооцогддог бөгөөд 2024 оны байдлаар уралдааны шагналын сан 11.75 сая австрали доллар-т хүрсэн байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:

Magic Millions-ийн зохион байгуулдаг дуудлага болон хувийн худалдаагаар Монголын тал морь худалдан авах боломжтой. Мөн үржлийн зориулалтаар морь худалдан авч, Монгол Улсад оруулж ирэх чиглэлээр хамтран ажиллана.

Австралийн морь сургалтын газруудтай хамтран ажиллаж, Монголын талын морийг байршуулах, сургах, уралдаанд бэлтгэх ажлыг зохион байгуулна.

Монголын уяачдын бэлтгэсэн морийг Австралийн морины уралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлж, зохион байгуулалтаар хангана.

Монголын уяачдыг Австралид илгээж, морин спортын салбарын туршлага, мэдлэгийг эзэмшүүлэх, шаардлагатай тохиолдолд уяачийн мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлтэд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

Морин спорт болон адууны эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй малын эмч нарыг Австралид сургах, мэргэшүүлэх, туршлага солилцуулах, шаардлагатай тохиолдолд олон улсын сертификаттай сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллана.

ММСУХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА. ММСУХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.