УЯАЧДЫГ УЛСЫН ЦОЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРАМ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны
2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн
07 дугаар тогтоолын хавсралт

УЯАЧДЫГ УЛСЫН ЦОЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

Монгол улсын “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 6.1, 8.3, 8.6 дахь заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдааныг явуулахад Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны төлөөллийг оролцуулна.

Хоёр. Уяачдыг улсын цолд өргөн мэдүүлэх

1. Уяачдад улсын цол олгуулахаар тодорхойлохдоо Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд уралдуулах морио хэний нэр дээр бүртгүүлснийг болон түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломд бичигдсэнийг үндэслэл болгоно.

2. Уяачдад улсын цол олгуулахаар тодорхойлохдоо Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд түрүүлсэн, айрагдсан морьдын эзэлсэн байрыг Монгол улсын “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3-д заасныг үндэслэн шилжүүлэн тооцохгүй болно.

3. Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд бүртгүүлсэн морьдын цуваа болон айрагдсан морьдын бүртгэлийг зохион байгуулагч тал уралдаан болсноос хойш 10 хоногийн дотор Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороонд ирүүлнэ.

4. Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Монгол улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн морин спортын холбооны тодорхойлолт
  • Улсын чанартай үйл ажиллагаа явуулдаг Морин спорт уяачдын холбооны албан бичиг, тодорхойлолт, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл, тогтоол
  • Түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын нотариатаар батлуулсан хуулбар

5. Улс, орон нутгийн морин спорт уяачдын холбоод уяачдад улсын цол олгуулах тодорхойлолт, материалыг бүрдүүлэн тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороонд ирүүлнэ.

6. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо ирүүлсэн материалыг хянан үзэж, хорооныхоо хурлаар хэлэлцээд санал дүгнэлтээ тухайн оны 10 дугаар сарын 15-ны дотор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжилна.

7. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Хурдан морины салбар хорооноос ирүүлсэн материалыг хурлаараа авч хэлэлцэн, тогтоол гаргаж тухайн оны 10 дугаар сарын 25-ны дотор уяачдад улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО