ЭМГЭНЭЛ
МУАУ Б.Амарбаясгалан мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.
Монгол төрийн наадмын алтан шар зурхайд хүрэн халзан морио айрагдуулсан цуут хүлгийн эзэн Монгол улсын алдарт уяач Бөөрөнхийн Амарбаясгалан мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгүүдийн уяаг тааруулахаар одлоо.
1969 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд мэндэлсэн тэрээр 1988 оноос хурдан хүлэг морьдын сүүл шууж эхэлсэн юм. Улс, бүс, их хурд уралдаануудад гаргасан амжилтаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны сар шинийн босгон дээр Монгол улсын алдарт уяач цолоор энгэрээ мялааж байлаа.
Ийнхүү хүлэг сайн мориныхоо хийморь лундаагаар монгол түмнээ цэнгүүлэгч, морин эрдэнийнхээ хөгжлийг түүчээлэгч алтай нутгийн хүүгээ алдсан гашуун өдрүүдэд гүнээ харамсахын зэрэгцээ Б.Амарбаясгалан таны үндэсний хурдан морины уралдааны хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг тань үеийн үед дурсан санаж дээдлэхээ илэрхийлж байна.
Та минь мөнх тэнгэрийн орон Монголдоо дахин төрөөрэй.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО