Мэдээ мэдээлэл

Мөнххааны ”бураа” Пүрэвжав

Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум бол Монголын хурдан морины цөм угшил нутаг юм.

Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум бол Монголын хурдан морины цөм угшил нутаг юм. Өнгөрсөн зууны эхээр Далайван Гомбосүрэнгийн сарт хар, цагаан цоохор азарганууд их хурдалж улмаар 1929 оны могой жил энэ нутгийнхан улсын их баяр наадмын гурван түрүүг авч байсан түүхтэй.

Түүнээс хойш 10 жилийн дараа Донойн Гонгор, Согоогийн Балжин, Лхамхүүгийн Чүлтэм, Жамбалын Балдан, Жамбалын Наваан нарын уяачид ах дүү, айл бүлээрээ нийлэн ирж, улсын наадамд уралдаад нутаг буцалгүй ойролцоо нутагт өвөлжин, хаваржаад 1940 оны төмөр луу жил буюу Ардын хувьсгалын 19 жилийн ойгоор 3 түрүү 10 айраг авч, аатайхан наадсан байдаг нь одоо ч Монгол наадмын түүхэнд давтагдаагүй байна. Түүнчлэн 43 оны хонин жил мөнөөх хэдэн уяачид дээр хөрш зэргэлдээх Уулбаяны уяачдын ганц гал нэмэгдэж ирээд Ардын хувьсгалын 22 жилийн ойн 5 түрүү, 10 айргийг авсан байдаг. Үүний гурван түрүү, найман айраг нь Мөнххааных... Чухамхүү энэ нутгийн эрдэмт уяачид, эрдэнэт хурдан хүлгүүд ийнхүү төрийн наадмын алтан шар зурхайг чимж явсан түүх өдгөө ч хэвээрээ байгаа.

Чухамхүү энэ цагт нутаг усныхаа нэрийг гаргаж яваа нэгэн бол Монголын уламжлалт хурдан морины хөгжил, цаашдын ирээдүйн төлөө нэгэн насаа зориулж, морьтон олондоо “Бураа” хэмээн алдаршсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Өндөр, Бадрахын усаар нутагтай, Аймгийн алдарт уяач Шаравын Пүрэвжав.

Тэрээр 1967 онд Түвшинширээ сумаас авсан хүрээтэй М үсгэн тамгатай хүрэн азаргаа  4 аймгийн 11 сум нийлж хийсэн томоохон уралдаанд айрагдуулж, хүрэн даагаа түрүүлгэснээр уяач болох их амжилтын гараагаа эхлүүлсэн. Уяач болсоор анхны нь түрүүг авч өгсөн хүрэн даагаа хязаалан болтол нь сумандаа түрүүлгээд эр цэргийн албанд татагдаж армийн гурван жил энхийн манаанд зогсохдоо торгон зодогны сэнжиг атгаж, үеийн хүчтэнүүдтэй “гар зөрүүлж” явсан удаатай. Улмаар цэргээс халагдаж ирээд адуу хэмээх тэр л тэнгэрлэг амьтантай эргэлт буцалтгүй хувь заяагаа холбосон нь өдгөө түүнийг “Бураа” гэдэг нэрээр нь Монгол даяар андахаа байжээ.

Тэр цэргээс халагдаж ирээд “морин толгой” Дугарсүрэнгийн адуунаас хэнз хонгор даага шинжиж авсан нь хожмоо азарга болж сумынхаа 60 жилийн ойд аман хүзүүдсэнээс гадна эдний адууны үндэс суурийг тавьсан гэхэд болно. Бураагийн Пүрэвжав гэдэг уяач Мөнххаан сумынхаа тэгш ойн азарганы уралдааны түрүү, айргийг сүүлийн 40 жил тасралтгүй хүртсэн азтай, бас хийморьтой нэгэн. Тодруулбал 1983 онд 60 жилээрээ хонгор азарга аман хүзүүдүүлж, 93 онд халиун азаргаа түрүүлгэж, 80 жилд наран шарга азаргаа аман хүзүүдүүлж байсан. Мөн эдгээр он жилүүдэд 2-3 айраг авч байсан түүхтэй. Харин энэ жил буюу Мөнххаан сумын 90 жилийн ойд саарал азаргаа түрүүлгэсэн юм.

Бураа Пүрэвжав  “1967 оноос хойш 2003 оныг хүртэл хурдан хүлгийн сүүл шуухдаа айраг, түрүүгүй наадаж байсан гүй ээ” хэмээн ярьж сууна. Сум орон нутгаасаа нэг их гарч уралдаад байдаггүй ч тоотойхон хэдэн удаа гарч уралдахдаа айраг түрүүгүй наадсан нь мөн л үгүй. 1999 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа болсон “босоо” Самдан аваргын 100 жилийн ойд гурван түрүү авч байсан. Өвгөн ноёны наадамд зээрд морио айрагдуулж байсан ... гэх мэт амжилтууд түүнд бий.

Эдний адуу “галтай нум” тамгатай... Унаган адууныхаа амжилтаар аймаг, сум орон нутгийн наадмаас 60 гаран түрүү, 70 гаран айраг хүртэж 2000 онд ААУяач цолыг хүртсэн. Мөн тэрээр олон сайхан хурдан хүлгүүдийг цогцлоон бий болгож халхын довон дээр нэрээ гаргасан буянтай буурал.

1999 оны 7-р сарын 12. Хан уулын ар Хатан туулын хөвөөнөө газар газрын алтан туурт хууран чуулж, Буянт ухаагийн буурал дэнж уяачдын асар майхнаар дүүрсэн Туулай жилийн төрийн их баяр наадмаар Бураагийн унаган хоёр үрээ айрагдлаа. Бүр тодруулбал хязаалангийн уралдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Базарширын Доржпүрэвийн хүрэн үрээ аман хүзүүдэж, Мөнххаан сумын уяач Намжилдоржийн хул үрээ айргийн тавд хурдалсан юм. Ингээд нэг насны үзүүрийн таван адууны хоёр нь мөнөөх Бураа Пүрэвжавын унаган адуунууд байсан юм. Тэр цагаас хойш эдний адууны угшилтай, унаган тамгатай олон адуу нь улс, бүс, их хурд уралдаанаас 2 түрүү, 18 айраг хүртсэн байна. Тэдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул ААУ Дашзэвэгийн Ганбатын босоо дэлт хүрэн азарга. 2007 оны улсын наадам болон монголын шигшмэл хурдан морьдын Их хурд – 4 уралдаанд тус тус айргийн гуравт хурдалж, хойтон жилийнх нь төрийн наадамд аман хүзүүдсэн. 

Ийнхүү хагас зуун жилийг адууны төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөрийг Монголын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасан билээ. 
Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг
Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан
Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан
Агуу ихээ мэддэггүй агуу их улс

Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгүй
Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин.

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай н.Баярхүү унаж түрүүлгэлээ
Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд
Азийн морин уралдааны холбооны 34-р хурал Турк улсын Истанбулд хотод боллоо Хүлэг морьдын туурай чимээ... айл айлын уяанаас хүүхдийн гийнгоо цангинах зун цаг. Ийм л цаг доор Монголын уяачдын холбооны төлөөлөгчид Турк улсыг зорьсон юм.