Мэдээ мэдээлэл

Өвөрхангай аймагт ММСУХ-ны уяачдын зөвлөлгөөн болов.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2011 оны 11-р сарын 13-ны өдөр уяачдын зөвлөлгөөн зохион байгууллаа.

ММСУХолбоо  2011 оныг  салбар холбоодоо  бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

 Энэ удаа Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2011 оны 11-р сарын 13-ны өдөр уяачдын зөвлөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд ММСУХ-ны ажлын алба, Тэргүүлэгч гишүүд, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү, Э.Эрдэнэчулуун, манлай уяач Д.Оюунбилэг, Г.Алтангэрэл, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХ-ны удирдлага, уяачид  оролцлоо.

Зөвлөлгөөний эхэнд МУ-ын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уншиж танилцууллав.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн: Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” МСУХ нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо мөн тул батламж олгов” гэсэн батламжийг “Арвагар хээр” МСУХ-ны  гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнд гардуулснаар  уяачдын зөвлөлгөөн  эхлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны  бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар уяачдад дэлгэрэнгүй ярилаа.

2011 онд Өвөрхангай аймгийн уяачид  улсын баяр наадмаас 2 түрүү, 5-н айраг авч амжилттай сайхан уралдсан билээ. Өөрийн уяж сойсон хурдан хүлэг морио улс, бүсийн уралдаанд амжилттай сайн уясан  5-н уяачдыг  ММСУХ-ны  хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

 

Зөвлөлгөөнд оролцсон бүх уяачдад ММСУХ-ны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм, ММСУХ-ноос эрхлэн гаргадаг “дэлхийн морьтон” сэтгүүлийг  бэлэглэж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны бодлого үйл ажиллагаагаа танилцуулав.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2010 оноос Монголын бүх уяачдаа бүртгэж, үнэмлэх энгэрийн тэмдэг олгох  ажлыг зохион байгуулж байгаа билээ. Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХ-нд 500 ширхэг энгэрийн тэмдэг үнэмлэхийг хүлээлгэн өгч уяачдыг бүртгэх ажлыг эхлүүлэв.

2010 онд Азийн морин уралдааны холбоонд Монгол улс элссэн, 2009 онд олон улсын морины үзэсгэлэнд Монголын уяачид оролцсон, 2011 онд Хонг Конгийн  морин уралдааны “Жокей” клубт орон нутгийн салбар холбоодын дарга, тэргүүн нарын  айлчлалыг харуулсан ММСУХ-ны гадаад харилцааны зурагт самбарыг уяачдад дэлгэн үзүүллээ.

Зөвлөлгөөнд оролцож байгаа уяачид МУ-ын Тод манлай, манлай уяачдаас орчин цагийн морь уях арга ажиллагааны талаар асууж, харилцан ярилцлаа.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:

Түмэн агтны дундаас торгон жолоо сунган түрүүлдэг хүлгүүдийн нэг бол яахын аргагүй “арвагар хээр” морь билээ. Тиймээс энэ сайхан хүлэг мориороо төв хотынхоо нийслэлийг, мөн МСУХ-гоо нэрлэсэн Өвөрхангай аймгийн уяачид та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Монголын уяачид бид үндэсний томоохон хөрөнгө оруулагчид, ажил олгогчид болж, монголын нийгэмд ач тусаа хэдийн үзүүлж эхлээд байнаа. Монгол уяачид бид малчин айлаас хурдан морийг нь худалдаж авч бодит хөрөнгө оруулалт хийж, адуучин залуусыг тогтмол цалинтай ажлын байраар хангаж, мөн үндэсний болон хүнс, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг амьдрал ахуйдаа тогтмол шууд хэрэглэж энэ чиглэлийн томоохон хэрэглэгчид, зах зээлийг бий болгон, үүнийг тойрсон  олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн амьдрах эх үүсвэр болж байгаа даа туйлын баяртай байдаг юм аа.

Монголын Үндэсний их өв соёл болсон хурдан морины уралдааны онцлог,ёс заншил, дэг жаяг, монгол хүний хувцас, эдлэл хэрэглэлийг сэргээн хөгжүүлж, улам бүр сурталчилан таниулж, хойч үедээ уламжлуулан үлдээхийн төлөө уяачид бид туйлын ухамсар бодлоготойгоор ажиллаж байгаагаа  тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Наадмын өглөө морь мордуулж байгаа монгол эр хүн шиг баян, аз жаргалтай, хийморьтой, эр хүн энэ хорвоод ховор биз ээ.

Наадмын өглөө мянга мянган хүлэг сайн морьдоо мордуулж, бяцхан хүүхдийнхээ цовоо сэргэлэн гийнгоогоор буурал хорвоогоо аргадан уярааж  байдаг улс гүрэн Монголоос минь өөр энэ хорвоод үгүй билээ. 

Энэхүү гайхамшигт соёлын эзэн нь болсон эрхэм уяачид та бүхэндээ ММСУХ гүн хүндэтгэл илэрхийлж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг  хүсье.

Та бүхэндээ ММСУХ-ны хийсэн ажлуудаас товч танилцуулья. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо дотооддоо 50-н бүтээлч  ажлыг хийж,ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх тал дээр нилээдгүй ажлыг зохион байгууллаа. 2009 онд Монголын уяачид анх удаа баг бүрэлдэхүүнээрээ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод зохиогдсон олон улсын морины “хиппологико-2009” үзэсгэлэнд оролцлоо. Мөн 2010 онд Австралийн Сидней хотод Азийн морин уралдааны холбоонд Монгол улс элслээ. 2011 онд Хонг Конгийн морин уралдааны “Жокей” клубт манай холбооны салбар холбоодын дарга тэргүүнүүд оролцсон ажлын баг айлчиллаа. Мөн НҮБ-ын соёлын баг ЮНЕСКО-д монголын эрийн гурван наадам тэр дундаа хурдан морины уралдаанаа биет бус соёлын өвд бүртгүүллээ. Одоо бид монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэх томоохон ажлын эхлэлийг тавиад байна. Нэгэн цагт дэлхийн талыг байлдан эзлэж явсан хүчирхэг гүрний адуу яагаад өнөөдрийг хүртэл дэлхийн адууны үүлдэрт бүртгэгдээгүй байна гэдгийг бид бодох цаг нь аль хэдийн болжээ. Мөн удахгүй Азийн морин уралдааны дэд ерөнхийлөгч ММСУХ-нд айлчилах гэж байна. ММСУХ 2011 оныг салбар холбоодыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутагт байгаа уяачид, хурдан морины зүтгэлтэнүүд та бүхэнтэй уулзаж санал бодлыг сонсох энэ зөвлөлгөөнийг Арвай хээр хотод зохион байгуулж байгаа юм аа. Та бүхэн асуух зүйлээ саадгүй асуугаарай.

Уяач:Өвлын болон Зуны бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт зохион байгуулж болохгүй юу?

П.Сэргэлэн: Өвлын уралдаан гэж байдаггүй. Манай холбоо өвлын уралдаан зохион байгуулдаггүй шүү дээ. Билгийн тооллын намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-н хүртэл Монгол улсад хурдан морины уралдаан хийхийг хориглох дүрэмтэй. Монголын хурдан морины дүрмэнд байгаа.

Учир нь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс бид уламжлал болсон “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулаад бусад хаврын уралдаангы цөөлөх бодлогыг барих бодолтой байгаа.

Өвөрхангай аймаг бол зуны бүсийн уралдаан зохион байгуулах саналаа өгвөл бид дэмжинээ.

Уяач Цэрэндорж: Надад хэлэх хоёр зүйл байна. Сая манай арвагар хээр” холбооныхон бүх сумдынхаа уяачидтай ууүлзлаа. Ингээд бид Сант суманд очтол Засаг дарга гээд нэг эмэгтэй байна. Тэр хүн  бид хурал хийх гэхлээр хүн цугладаггүй. Уяачдын хурал гэхлээр яасан олон хүн цуглаа вэ гээд бидэнд баяр хүргээд Хурдан морь эргүүлэх төхөөрөмжийг манай ЗДТГ-аас шийдэж өгнөө гэлээ. Мөн Бат-Өлзий сумын засаг дарга эмэгтэй хүн байна лээ. Тэр эмэгтэй би нэг хурдан даага авч та бүгдээр уяуулмаар байна гээд уяачид биднийг их дэмжмж байна. Эцэст  манай холбооны Ю.Үнэнбүрэнг гавьяатад  дэвшүүлмээр байна.

П.Сэргэлэн: “Аравгар хээр” холбоо болон Ю.Үнэнбүрэнгийн ажлыг  манай холбоо үргэлж дэмжиж ирсэн. “Аравгар хээр” МСУХ-оог 3-н удаа шилдэг холбоогоор шалгаруулсан. 2011 онд Ю.Үнэнбүрэнг  шилдэг морины зүтгэлтэн, Монголын биеийн тамир спортын газрын /Спортын алдар/ одонгоор шагнаж байсан. Та бүний дээрхи саналыг бүрэн дэмжиж байна.

Уяач Самдандорж: Нэг морио олон жил сайн давхиулж байгаа уяачийн чансааг гаргавал ямар вэ?

П.Сэргэлэн:  ММСУХ 2009 оноос эхэлж 9-н уяач, унаач хүүхдүүд, азарга, их насны морио чансаалж эхэлсэн. Бидний  энэ ажлыг олон түмэн их сайшааж хүлээж авсан. Таны саналыг дэмжиж байна.

Уяач Ганбат: хурдан морийг даатгалтай болгож болохгүй юу?

П.Сэргэлэн: Энэ талын асуудлыг холбогдох газруудтай олон талаас нь  ярилцаж хэлэлцэж байгаа.

Пэрэнэлэйбазар/”Арвагар хээр” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн/:  Өмнөх “Их хурд” уралдаанууд Хархорин суманд болж байсан. “Их хурд-5” Улаанбаатар хотод боллоо. Тэгэхээр уламжлал болсон газартаа “их хурд” уралдааныг зохион байгуулж болохгүй юу?

П.Сэргэлэн: Тиймээ “их хурд” уралдаан хархорин суманд болдог байсан. Өвөрхангай аймагт ч нэг удаа болсон. өнгөрсөн уяачдын их хурал дээр ихэнх хүмүүс их хурд уралдааныг зохион байгуулалтыг их шүүмжилсэн. Сүүлдээ “их хурд” буюу морины олимп маань нэг аймгийн асуудал болж хувирсан. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод их хурд” уралдааныг хийснээр нэр хүндийг өндөрт өргөх, өндөр бай шагналтай болгох мөн гадна дотны хүмүүст сурталчилах гээд олон талын ач холбогдолтой байсан.

Пэрэнэлэйбазар/”Арвагар хээр” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн/:

Тугаа буруу тойрдог бөх шиг ёс заншил дэг жаягаа мэдэхгүй уяачид олноор төрж байнаа. Жишээ нь 300-400  адуу уралдуулаад тэр дундаас түрүүлж, айрагдсан уяачид  цол авч байхад, 30 хүрэхгүй адуу уралдуулаад цол өгч байгааг юу гэж ойлгох вэ?

 П.Сэргэлэн:ММСУХ  хурдан морины уралдааныг хөгжүүлэх бодлогыг  баримталж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ эрлийз адууг  уралдуулж байгаа залуучуудыг ардынхаа ухаанаар аваад явчих ёстой юм аа.Энэ залуучуудыг түлхэх биш татаад авах ёстой. Уяачдынхаа эгнээг өргөжүүлж бурууг засч, зөвийг нь дэмжиж ажиллах нь зөв юм аа. Эрлийз адуутай залуусыг баячууд энэ тэрээ гэж хардаг ярьдаг хүмүүс ч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг цол авах нь буруу гэж хэлэх нь буруу ойлголт байхаа. Харин үндэсний соёл болсон хурдан морины уралдаандаа эрлийз монгол адуугаа хольж уралдуулахгүй байх л ёстой болов уу?

 Эрдэнэбат/”Арвагар хээр” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн/: дээд насанд соёолонг оруулбал ямар вэ?

П.Сэргэлэн: дээд 2 нас гэдэг бол 10 жилийн унага уралддаг. Соёолон бол нэг жилийн унага уралддаг. Ийм л ялгаа байдаг учраас дээд насанд оруулаагүй өдий хүртэл явж ирсэн болов уу?

Ганболд/”Арвагар хээр” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн/ Батхүүгийн “Соёмбо” хүрэн азарга улсын наадамд эрлийз гэдгээр хасагдсан. Тэгтэл өвөрхангайн 80 жилд уралдсан хасаагүй. Гэтэл Уянгын Баярмөнхийн эрлийз даагыг хассан. Ÿагаад ардын хүүхдийн даагыг хасаад даргын даага хасагдаагүй вэ?

Ю.Үнэнбүрэн/”Арвагар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал/ Батхүү даргын хүрэн азаргыг эрлийз биш гэсэн 3,4 албан бичигтэй ирсэн байсан. Тийм учраас хасаагүй. Нөгөөх бол яалт ч үгүй эрлийз байсан.

Уяач Цэрэндорж:Сүүлийн үед адууны соёлтой гэх ард түмэн маань их насны морь гэхийг их морь гэж буруу ярьдаг боллоо.

А.Баярмагнай/МУСГЗ/: хэл бол баян. Жишээ нь аав гэдгийг аав ч гэдэг. Эцэг ч гэдэг. Ер нь бол Их морь гэдэг бол 3-н насны морь уралдуулж байх үеийн хэллэг. Их морь, соёолонг-дунд морь, хязааланг бага морь гэдэг байжээ. үрээ, байдас  гэдэг хэллэгийг зөвхөн шүдлэн адууунд хэрэглэх жишээтэй.

Уяач Цэрэндорж: Сүүлийн үед соёолон морины тоосонд орох гэж байна гээд энэ хүмүүс чинь давхиж ирсэн морьдыг идэхээ шахаж байна шүү.

 А.Баярмагнай/МУСГЗ/ : Соёолонгийн гарааг хамгийн эрчтэй гэдэг. Гарааны тоосонд орохыг хичээдэг байсан байх.

Д.Даваахүү/МУ-ын Тод манлай уяач/: сүүлийн үед манай уяачид айрагдаж түрүүлсэн морьдоо орсон гэдэг ярьдаг боллоо. Түрүүлж айрагдсан морьдыг түрүүлж айрагдсан гэж ярьдаг шүү дээ. 6-гаас хойш орсон морьдыг төдөд орлоо өдөд орлоо гэж ярьж байдаг. . Манай уяачид үүнд анхаарах хэрэгтэй шүү.

Э.Эрдэнэчулуун/МУ-ын Тод манлай уяач/: Морийг тэжээснээр хурдалдаггүй. Морийг эдэлж унаж тэжээснээр хурдлах байх.морины тэжээлд хамгийн тохиромжтой тэжээлийн нэгж бол ногоон өвс, овьёс хоёр л чухал шүү дээ.

Алтангэрэл: Морь бариач нар морийг хашиж барих, гэнэт угз татах зэргээр хөлийг нь гэмтээх үзэгдэл гарч байна.

П.Сэргэлэн: Энэ талын гомдолыг уяачид тавьдаг. Морь бариач нартаа бид энэ асуудлаар байнга хэлж ярьж байгаа. тэд нар маань сүүлийн үед харьцангуй алдаа багатай ажиллаж байгаа. Улс болон Бүсийн уралдааны морь бариачаар ажллаж байгаа улсууд бол манай морин спортын мастер тамирчид байдаг юм аа.

Уяач: нэг бүсийн уралдаанд өөр бүсийн уяачид ирж уралддаг энэ зөв үү?

П.Сэргэлэн: Бүс бүсдээ уралдвал хөдөөгийн уяачдад үр дүн өгөөж нь илүү баймаар. Бүсийн уралдаан гэдэг  нь тухайн бүсийн шилдэг уяач,шилдэг унаач хүүхэд,  шилдэг хурдан хүлгийг тодруулах л зорилготой юм шүү дээ.энэ утгаараа уяачид бүс бүстээ уралдаж байх нь зохимжтой юм аа.

А.Баярмагнай/МУСГЗ/ : Зарим газар бүсийн уралдааныг наадам гэж яриад байна. Наадам гэдэг маань Монголын төрт ёсны баярыг наадам гэдэг. Өөрөр хэлбэл морь, бөх, сур харваачид 3-лаа нэг доор оролцож байж  наадам болдог.бүсийн уралдаан гэдэг маань тухайн мэргэжлийн байгууллага өөрийн зорилготой уралдааныг бүсчилж хийхийг хэлнэ. Бүс бүстээ уралдвал тухайн бүсийн уяачид цол авах магадлал өндөр хамаагүй уралдвал хөдөөгийн уяачид цол авах магадлал нь багасна.

П.Сэргэлэн: ММСУХолбоо хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийнхээ санал бодлыг сонсох энэ ажлыг зохион байгуулж заншаад байгаа билээ.Энэ удаад Өвөрхангай аймгийн уяач, хурдан морины зүтгэлтэн та бүхэнтэйгээ уулзаж санал бодлоо чөлөөтөй солилцож ярилцлаа. Та бүхний гаргасан үнэтэй саналыг цаашдын ажилдаа тусган ажиллах болно. 

 

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа 1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Намсрайжавын Зоригтын Хул морийг 12 настай уралдаанч хүү Даваадоржийн Онон унаж түрүү магнайд хурдлууллаа
“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо
“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.