Мэдээ мэдээлэл

Шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах “Их хурд-VII” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худагт 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 3 жил, Монголын уяачдын баярыг хамтатган амжилттай зохион байгууллаа

Эртний түүхт Хүй долоо худгын дэнжид болсон наадамд Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, ММСУХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Монгол Улсын Тод Манлай уяач Д.Дагвадорж, Ерөнхий нарийн бичгийн дарга, П.Сэргэлэн Улсын Их хурлын гишүүд, үе үеийн тэргүүн нарийн бичгийн дарга нар, Дэд тэргүүнүүд, Тэргүүлэгчид, болон нийт 20 аймаг, нийслэл, 300 гаруй сумдын салбар холбоодын төлөөлөгчид, уяачид хүрэлцэн ирлээ.

Уг нээлтийн ажиллагааны үеэр Монголын уяачдын Их цагаан сүлдийг ММСУХ-ны хоёр дахь Ерөнхийлөгч, Монголын хурдан морины нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Алдарт Уяач У.Буяндэлгэр, гурав дахь Ерөнхийлөгч Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Бат-Эрдэнэ, ММСУХ-ны хамгийн залуу тэргүүлэгч Л.Галмандах, нар залж , Монголын уяачдын сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн наадамчин олондоо баяр хүргэн мэндчилсэн юм.

 

 Монголын уяачдын баярын өдөр, Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 3 жил ойн наадамд хүчит 64 бөх бяр хүчээ үзэн, 50 гаран харваачид цэц мэргэнээ сорьсон энэ оны Засгийн газрын тогтоолтой улс, бүсийн хурдан морины уралдааны өмнө болж байгаагаараа газар газраас шилэгдмэл 200 гаруй хурдан хүлэг эсэн мэнд уралдсан өргөн дэлгэр баяр наадам боллоо.

Их хурд уралдаанд 2014, 2015, 2016 оны аймгийн наадмын айргийн тав, мөн оны Үндэсний их баяр наадам, Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагддаг бүсийн уралдааны эхний есд давхисан азарга, их насны морьд / 2013 оны Их хурд-VI уралдаанаас хойш болсон бүсийн уралдаануудад эхний есд давхисан/ мандатаар оролцож уралдсан юм.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ой, Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 2 жил, Монголын уяачдын баяр наадмаар Зохион байгуулах комиссоос уяачид, наадамчдыг тээврийн хэрэгсэл, мотоциклоос татгалзан морьтойгоо наадах уриалга гаргасан билээ.

 Энэ дагуу “Монголын шигшмэл хурдан моридын Иххурд-VII” уралдааны  үеэр аймаг, нийслэлийн салбар холбоод морио унаж жагслаа

Их хурд-VII  уралдааныг зохион байгуулахад Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монгол наадам цогцолбор,  Төр Засгийн аж ахуй үйлчилгээ эрхлэх газар зэрэг 16 байгууллагын 1000 гаран хүн, 200 гаруй техник хэрэгслийг татан оролцууллаа. Тэдний унаа, хоол, томилолтын зардлыг ММСУХ бүрэн хариуцан гаргасан юм. Мөн спортын Сүлд, Эх орон телевизүүд орон даяар шууд дамжуулан хүргэлээ.

“Их хурд-VII” уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболдын хээр азарга, их насны уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын  Шаравын Мөнгөншагайн хүрэн , ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд  түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Н.Даш-Өлзийн Зээрд зэрэг хурдан хүлгүүдэд  “Ланд-200” автомашин, алтан медаль, өргөмжлөлөөр байлж шагнав.

Мөн ММСУХ нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Их хурд-7” уралдааны хишиг болгон дэмжлэг туслалцаа шаардлагатай орон нутгийн таван айлд өргөө цагаан гэрийг бэлэглэв. 

Тус баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, нарийн бичгийн даргаар Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл  нар ажиллаа