Мэдээ мэдээлэл

МАНАЙ УЯАЧДЫН ХОЛБОО АЛЬ НЭГ НАМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ БИШ НИЙТ УЯАЧДЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАСААР ИРСЭН

ГАЛЫН БАТТӨМӨР:ММСУХ-г санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын алдарт уяач Галын Баттөмөртэй холбооны хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.

-Монгол үндэсний морин уралдааны талаар таны бодол?

-Монголчуудын олон зуун жилийн түүхтэй үндэсний морин уралдаан нь нүүдэлчдийн түүх соёлын томоохон хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Байгалиас заяасан ухаант амьтан адуу, хүн хоёр дотносон ойртож, бие биенээ итгэлийн нүдээр харах нь хурдан морины уяан дээрээс эхэлдэг.

Тэр дундаа морь хүүхэд хоёрын тавилан дэндүү эрт холбогддог. Адуу нэг насандаа хүүхэд 5-6 насандаа одоогийн яриагаар бол хамтран ажиллаж эхэлдэг.

Адуу нь хүүхэддээ дасаж, хүүхэд нь адуугаа хайрлах сэтгэлээр холбогддог. Энэ бол монгол уяаны онцлог. Түүнчлэн монгол уяачдад үеэс үед, үрээс үрд уламжлагдан ирсэн олон ёс заншил, бичигдээгүй хууль үйлчилдэг.

 Тухайлбал уяач хүн морь уяж байхдаа хүнтэй муудаж хэрэлдэхийг, гэр бүлийн талаар ариун бус байхыг, бусдыг муулах, уяж буй морь малаа харааж зүхэх зэргийг цээрлэдэг. Энэ мэт олон чухал ёс заншил уламжлагдан өнөөг хүрч ирсэн нь тодорхой. Ямар ч уяач нүүхдээ уяаны шонгийнхоо нүхэнд будаа хийгээд шороогоор бөглөөд нүүдэг. Энэ бол байгалиа хайрлаж хамгаалах уламжлал байх.

Энэ мэт соёл хүмүүжил, ёс заншлын маш олон чухал зүйл хичээлгүйгээр, багшгүйгээр монгол хүний амьдралд уламжлагдан хэвшиж ирсэн. Энэ үүднээс авч үзвэл морь уях гэдэг бол жинхэнэ монгол хүмүүжлийн цогц сургууль гэж үзмээр байгаа юм.

-ММСУХ анх тулгаа тулж, галаа асаасан тэр цагийн дурсамж танд тун тодхон байгаа даа?

-Морин уралдаан нь үндэсний том соёл учраас цаг хугацаа, улс төрөөс шалтгаалж хөгжлийнхөө явцад янз бүрийн л бэрхшээл туулж ирсэн байдаг.

Их хаадын үе, Манжийн түрэмгийллийн үе, Социализмын үе, Өнөөгийн чөлөөт зах зээлийн үе гэх мэт. Социализмын үед 7-р сарын 11-нд жилд ганц уралддаг. Нэгдлийн мал маллаж буй хүн морь уяхыг зөвшөөрдөггүй. Ер нь л морин уралдааны соёл олон жил салхи оруулаагүй баринтлагдсан ном шиг байсан.

1990 оноос чөлөөт зах зээл эхлэж нэн ялангуяа хөдөөгийн малчдын амьдралд нэлээд өөрчлөлт гарсан. Чөлөөтэй ажиллах, сэтгэх боломж бүрдсэн. Энэ үед монгол уяаны тойрогт хүмүүжсэн хэсэг нөхөд Д.Даваахүү, Г.Пунцагбалжир, А.Баярмагнай бид гэрт олон удаа уулзаж, үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх, энэ ажлыг удирдах олон нийтийн байгууллага буй болгох тухай ярилцдаг байсан.

1995 оны 4 сард Д.Даваахүү, Г.Пунцагбалжир, А.Баярмагнай, З.Хүрлээ, Э.Ганбат нарын арваад нөхөд Төв аймгийн Баянжаргалан сумын Тэрэгтийн талд өвөлжиж байсан манай адуун дээр очиж отрын бор гэрт морь ярьж босоо суугаа хоносон. Энэ үед холбоо байгуулах бэлтгэл ажил, их хурлаа хийх, аймгуудаас төлөөлөгч урих болон тэргүүнээр нь Г.Пунцагбалжирын нэрийг дэвшүүлэх тухай тохиролцсон юм. Ингээд холбоо байгуулах бэлтгэл ажлыг Г.Пунцагбалжираар удирдуулсан хэсэг нөхөд зохион байгуулсан. 1995 оны 5-р сард анхны их хурлаа хийж Г.Пунцагбалжирыг тэргүүнээр сонгосон, холбооны дүрэм баталсан.  Хуралд хөдөөний голдуу 200 гаруй төлөөлөгч оролцсон. Хэнтий, Сүхбаатар аймгаас  олон төлөөлөгч ирсэн. Дархан аварга Ж.Мөнхбат, Дархан аварга Х.Баямөнх нарын нэр хүндтэй олон хүмүүс хуралд оролцож дэмжсэн үг хэлж байсныг тодхон санаж байна.

-Шинэ тутам энэ айл өрх хамгийн түрүүнд ямар ажлыг гардан барьж аваа бол?

-Аймаг сумдад салбар холбоод байгуулах, бүсийн уралдаануудыг бий болгох, уяачдын нэр хүндийг дээшлүүлэх сурталчилах, төрийн шагнал, урамшил олгуулах, уралдааны үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн дүрмээр зохицуулах, бай шагналыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлсэн. Жишээлбэл: Бүсийн болон Их хурд уралдаан бий болсон. Гарамжав, Даваахүү, Түвдэн нар Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны одонгоор шагнагдсан.

-ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч Пунцагбалжир агсны тухай танд сайхан дурсамж дурьтгал байгаа нь мэдээж.

-Пунцагбалжир чинь өвөө аав Лувсанчойндон дээрээ өссөн хүүхэд. Өвөө нь хурдан хонгор адуутай, сайн уяач байсан. Гарамжав гуайн манайхан зарим жил ойрхон уяатай улсын наадамд явдаг байсан. Багын л их сэргэлэн хүүхэд байсан. Шатар сайн тоглоно. Ер нь нэг барьж авсан, зорьсон зүйлээ гүйцээх гэж уйгагүй зүтгэдэг, нийтэч, хүнд тусархуу сайн залуу байсан даа. Энэ чанар нь анх байгуулж буй холбоог хөл дээр нь босгоход чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Мөн гэр бүл Эрдэнэцэцэг нь нөхрийнхээ ажлыг их дэмждэг, моринд их дуртай, цайлган цагаан сэтгэлтэй сайн бүсгүй байгаа юм.

-Тэгвэл тэр хүний эхлүүүлсэн үйлсийг өнөөдөр бид ямаршуухан авч явна гэж боддог вэ?

-Энэ 15 жилийн хугацаанд морины төлөө сэтгэлтэй хот хөдөөгийн олон хүмүүс төв болон салбар холбоодыг авч яваа. Г.Пунцагбалжир, А.Баярмагнай, У.Буяндэлгэр, Д.Бат-Эрдэнэ, М.Энхболд, П.Сэргэлэн, Г.Батхүү, Т.Энхбат, Үнэнбүрэн, Санжаадорж зэрэг олон хүн энэ хугацаанд онцын идэвхи зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэж хэлэх ёстой гэж бодож байна.

Холбоог анх байгуулахад бидний тавьж байсан зорилт, хүсэж байсан хүсэлт үндсэндээ биелэсэн гэж үзэж сэтгэл хангалуун явдаг. Тэр бүгдийг яривал нуршаа болно биз. Хийсэн шийдсэн зүйл их байгаа ч шийдэх, хийх шаардлагатай зүйл их байна. Удаан хүлээгдэж байсан зүйлээс Үндэсний баяр наадмын тухай хууль гарч үндэсний морин уралдаан нь улс орон даяар дагаж мөрдөх хуультай болсон нь дэвшил гэж үздэг. Энэ онд Азийн Морин уралдааны холбооны гишүүн боллоо. Германд болсон Олон улсын морины үзэсгэлэнд оролцлоо. Японы Морин уралдааны холбооны Ерөнхийлөгчийг урьж ирүүллээ, одоо Германы Морин уралдааны холбооны Ерөнхийлөгч ирж байна. Улсын наадмын морин уралдааны замыг төрийн хамгаалалтанд авлаа. Энэ бол дэвшил. Эдгээр асуудлыг шийдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ММСУХ-ны Ерөнхийлөгч, Шадар сайд М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарт талархал дэвшүүлэх нь зүйн хэрэг.

-“Их хурд” уралдааныг анхлан зохион байгуулахад анх холбоог санаачилсан хүмүүс их идэвхитэй оролцсон байдаг. Энэ талаар?

-Социализмын үеэс л улсын наадамд төвийн хэдэн аймгууд уралдаж байна. Холын аймгууд оролцож чаддаггүй, монгол улсад аль ч аймаг суманд хурдан адуу бий гэсэн яриа яригддаг байсан. Хамгийн их ярьдаг, шүүмжилдэг хүн бол А.Баярмагнай байсан. 1996 оны хавар Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгуулсан бүсийн уралдаан дээр А.Баярмагнай, Г.Пунцагбалжир нар улсын хэмжээний морьд оролцсон уралдааныг Монголын эртний нийслэл Хархоринд хийх тухай зарласныг санаж байна. Дараа нь тэргүүлэгчдийн хурлаар энэ уралдааны талаар хэлэлцсэн. Уг уралдаанд ямар нэр өгөх тухай олон санал гарсан. “Монхангай” группын Ерөнхийлөгч С.Сэргэлэнгийн “Их хурд” гэж нэрлэх санал дэмжигдсэн. Анхны “Их хурд”-ыг У.Буяндэлгэр тэргүүнээр удирдуулсан групп сайн зохион байгуулсан. С.Сэргэлэн хоёр машинаар түрүүг нь байлсан. Их хурдад холбоог санаачлагчид тухайн үеийн тэргүүлэгчид, тод болон Манлай уяачид бүгд л идэвхитэй оролцдог. Би л гэхэд өнгөрсөн “Их хурд”- уудын аль нэг насны нь даамлаар ажилласан байх жишээтэй.  “Их хурд”-ыг Монголын хурдан морины олимп гэж нэрлэж болох байх.

-ММСУХ-ны өнөөгийн ажил үйлс ямар байна гэж та үздэг вэ?

-Холбоог санаачлагчид, хурдан морины төлөө бие сэтгэлээрээ орж ирж байгаа залуучуудыг, залуу уяачдыг дэмжих, холбооны удирдлагад идэвхтэй оролцуулах, орон нутгийн салбар холбоодыг өргөтгөх, идэвхжүүлэх, улс төржүүлж аль нэг нам хүчин, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашигт үйлчлэхгүй байлгах, нийт уяачдын эрх ашгийн төлөө ажиллуулахыг гол бодлого болгон ажиллаж ирсэн. Шийдэх ёстой олон асуудал амьдралаас урган гарч байсныг дэс дараатай шийдэж ирсэн. Холбоо нь зохих түвшиндээ, идэвхтэй сайн ажиллаж байгаа гэж үздэг.

-Пунцагбалжир агсныг анх хурдан адууг үнэд оруулсан гэж ярьдаг. Хэрэг дээрээ хамгийн анх сая төгрөгөөр Та авч байсан юм биш үү? Тэр хэдэн оны үйл явдал вэ?

-Би 1993 онд улсад аман хүзүүдсэн соёолон азрагыг 1994 онд  Батсүмбэр сумын Сүхбаатар уяачаас сая төгрөгөөр авсан. Дараа жилийн хавар нь Пунцагбалжир толбот борын удмын бор азаргыг шинэ машинаар авсан. Хэн нь эхлэж авсан нь чухал биш л дээ. Мөнгөндөө ч биш. Хурдан адууг үнэд оруулах гэсэн холбооны бодлого байсан юм шүү.

-Таны удам төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдаж түрүүлгэсэн байдаг. Та хэд дэхь үе нь болох вэ?

-Би гурав дахь үе нь. Өвөө аав Н.Донойдоо, аав Галбадрах нарын дараа. 3 дэх үеийн уяач олон бий. Тэдний дундаас М.Мөнхбаясгалан төрийн наадамд их насны морь айрагдуулсан.

-Та удмаасаа 5 дахь үеийн уяачийг төрүүлэх талаар ямар бодолтой явна вэ?

-Тав дахь үеийн уяач Г.Баяржавхлан энэ долоон сарын 3-нд Төв аймгийн Баянцогт сумын наадамд их нас түрүүлгэж, шүдлэн гуравт оруулчихаад улсын наадамд уралдлаа. Мөн оюутан Д.Жавхлан тэр наадамд даагаа аман хүзүүнд давхиулсан. П.Сугар, Ц.Зандан, Ш.Мөнхбаатар, Б.Цэрэн-Очир нар Баянжаргалан суманд морио уяж байгаа. Бүгд л тав дахь үеийн уяачид. Хэний нь морь, хэдийд төрийн наадамд айрагдаж бид бүгдийн магнай тэнийлгэхийг л хүлээж сууна.

Манай ах дүү нар нийлээд 2009 онд “Боржигин хурд” нэртэй уяаны гал байгуулсан. Галын даргаар нь 4 дэх үеийн уяачдын нэг “Ордгео” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Саранхүү, орлогч даргаар нь Г.Бямбадорж, зөвлөхөөр би ажилладаг. Энэ галын хүрээнд дөрөв дэх, тав дахь үеийн залуу уяачдаа дэмжинэ.

Хурдан шандаст хүлгийн босоо цагаан хийморь бид бүгдийг ивээж байх болтугай.

Эрлийз дунд насны түрүү, айргийн морьд тодорлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэлсэн.
Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна Улсын алдар цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг авч байна