Мэдээ мэдээлэл

АЙМГИЙНХАА ШИЛДЭГ ХҮЛГИЙГ ТОДРУУЛЖ, ТҮРҮҮЛСЭН СУМЫГ ЭРЛИЙЗ АЗАРГАН ҮРЭЭГЭЭР ШАГНАНА

Хүлэг сайн морины тухай яриа Монгол нутгийн өнцөг булан бүхэнд өрнөж буй монгол наадмын дараахан манай сурвалжлагч “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Чимиддоржийн Ганзоригтой уулзжээ. Алба ажил их, зав чөлөө бага байдаг энэ эрхэмтэй уулзаж цөөн асуултанд хариу авсныг нийтэлж байна.

“Дүнжингарав” хаврын бүсийн уралдаанд танай аймгаас ирсэн морьд хамаг л айраг түрүүг нь аваад явчихсан. Орхон аймгийнхан энэ жил одтой сайхан наадаж байна. Танай аймгийн Морин спорт, уяачдын холбоогоор сонин сайхан ихтэй байгаа болов уу?

-           Орхон аймгаас хурдан сайхан буян олон төрж байна. Энэ жилийн “Дүнжингарав”-ын уралдааны өнгийг үндсэндээ Орхоны морьд тодорхойлсон доо. Миний хээр үрээ энэ уралдаанд айрагдаж, Орхоноор цоллогдсон. Монголын морин уралдааныг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, шинэ адуу бий болгох зорилт, зорилготой олон сайхан залуус бий. Саяхан Орхон аймгийн Морин спорт уяачдын холбоо шинэчлэгдсэн. Холбооны тэргүүнээ, удирдлага бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн шинэчилсэн. Тэд шинэ сэргэг ажлуудыг санаачилан, эрч хүчтэй ажиллах байх аа.

Энэ сарын сүүлчээр Орхон аймагт Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно. Бүсийн уралдааны бэлтгэл ажил гээд оволзсон их ажилтай байгаа нь мэдээж.

-           “Эрдэнэтийн хурд” бүсийн уралдаан болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байна. Бэлтгэл ажил ид өрнөж байна. Хурдан морины гарааны төхөөрөмжийг хийж аймгийнхаа наадмаар туршлаа. Бас хурдан морины уралдааны явцыг наадамчин, үзэгч олонд шууд хүргэх зорилгоор морь барианы газар дэлгэц байрлуулах, шууд дамжуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Телевизийн хөдөлгөөнт станцуудын бэлтгэл хангах гэхчилэн ажил ихтэй байгаа шүү, манай холбоогоор.

Улсын их баяр наадмаар таны хүү Тэмүүлэнгийн шүдлэн хар үрээ сайхан хурдалж, аман хүзүүдлээ. Архангай нутгаар овоглосон олон түмэн баярлаж цэнгэн, нутгийн тань уул ус ч баясан долгисоо байх даа?

-           Төрийн их баяр наадамд нутаг ус, зон олныхоо нэр усыг дуурсгана гэдэг уяач хүний эрхэм баяр байлгүй яахав. Хоёр жил дараалан айрагдсан хар үрээнийхээ мялаалгын баярыг ирэх наймдугаар сарын 7-нд Архангай аймагтаа хийнэ. Мялаалгын энэ уралдааныг “Архангайн шигшмэл хурд” болгон манай хүү зохион байгуулж байгаа.

 

Энэ баяр наадмаараа Архангайн хурдыг тодруулъя гэж бодож байгаа юм уу? Энд тусгай урилга, мандаттай морьд уралдана гэсэн үг үү?

- Сум сумынхаа наадамд эхний 9-д хурдалсан морьдод “Урилга” өгнө. Тэгэхлээр сум бүрийн манлай хүлгүүд энэ уралдаанд ирж тоосоо өргөнө гэсэн үг. Тэр дундаас аймгийн магнай хүлэг, шилдэг морьд тодорно.

Зургаан насны морьд уралдах юм уу, мундаг өргөн наадам болох нь дээ?

- Дээд гурван нас уралдана. Сум бүрийн цээжинд уралдсан морьд ирэхээр аймгийн жинхэнэ хурд тодорно л доо. Тэндээсээ аль сум нь олон айраг түрүү авсныг бас шалгаруулна.

Шалгарсан сумаа мэдээж шагнах байлгүй. Ямар бай шагнал хүртэх бол?

- Хамгийн олон айраг, түрүү авч шалгарсан сумыг эрлийз азарган үрээгээр шагнана. Энэ нь тухайн сумын адууг сайжруулах, чанаржуулахад онцгой нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

“Эрлийз морийг монгол морьтой уралдуулахаа болъё, тусад нь уралдуулъя” гэсэн санал нэлээд гардаг. Манай холбоо ч тэр саналыг хүлээж авч, энэ талаар ярьж хэлэлцэж байгаа юм бий. Энэ асуудал дээр таны бодол?

-           Би бол эсрэг саналтай байдаг. Бид адуугаа сайжруулж, чанаржуулах ёстой. Үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанчаар явуулах ёстой. Аливаа шинэ зүйл эхлээд янз бүрийн бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгардаг л даа. Анх морь тэжээж байх үед бас л ингэж ярьж хэлдэг байлаа. Цагаан өвсний адуу тэжээлийн адуу хоёр яаж уралдах вэ энэ тэр гээд ... Одоо хот, хөдөөгүй бүгд л тэжээдэг болчихсон байгаа биз дээ. Эрлийз энэ тэр гээд ярих юм бол “Амгалан төрийн ажнай шарга” алдарт хурдан азаргын угшил нь “Тогоруу” шүү дээ. Жаргалантын морин завод гэхээр бүгд санаж байгаа байлгүй. “Соёмбо” хүрэн “Гуулин” зээрд, “авзага” бор, “ембүү” хээр гээд олон алдарт хүлгүүд бүгд л энэ угшлын адуу шүү дээ. Эднийг эрлийз гэх үү?

Цэвэр үүлдрийн адуу монгол адуу хоёр зэрэгцэж уралдах нь жийп машин “69” хоёрыг уралдуулж байгаатай адил гэж үзэх уяач олон байгаа. Энэ ч бас ортой байх л даа.

- Цэвэр үүлдрийн адууг бол одоо монгол морьтой уралдуулахгүй байх журам гарсан. Харин шинэ цагийн монгол адуу буюу эх эцэг хоёрынх нь аль нэг нь монгол тийм морьдыг уралдахыг зөвшөөрсөн. Гэтэл зарим нэг уралдаан, энэ жилийн наадам дээр цэвэр цусны адуу уралдаад байгаа. Үүнийг бүр эцэслэн шийдээд, нэг мөр болгох хэрэгтэй.

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан шүдлэн насны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы “Тэнүүн” хонгор үрээг уралдаанч хүү 13 настай Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ
Түрүүлж, айрагдсан 20 хурдан морь унаач хүүхдээ шагнаж урамшууллаа. Монголчууд биднийг бусад улс, үндэстнээс Монгол хүн гэж ялгаж байдаг зүйл бол манай үндэсний өв их соёл билээ. Тэр их өв соёлын нэгээхэн хэсэг бол Монголын үндэсний хурдан морины уралдаан.
Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.