Мэдээ мэдээлэл

Д.Даваахүү: “Чингис хаан” морин тойруулгыг бий болгочихвол хүсэл минь биелэнэ

“Зууны манлай уяач” Д.Даваахүүтэй уулзаж, Монголын морин спортын өнөөгийн өрнөл, хөгжлийн тухай үзэл бодлыг нь сонирхлоо.

ММСУХ хурдан морины уралдааны замын зай хэмжээг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хэлбэлзэлтэй болгосон. Энэ талаар таны бодол?

-Тухайн өдрийн нар борооноос шалтгаалаад уралдах газрыг наашаа бага зэрэг татахад гэмгүй. Уралдааны зам гэснээс сэтгэл зовниж явдаг нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Гадаадын цэвэр үүлдрийн адуу, эрлийз морьдыг монгол адуутай хольж уралдуулдаг явдлыг болих хэрэгтэй. Дэлхий нийтэд бол үүлдэр үүлдрээр нь уралдуулдаг. Бидний ялж ялагдах, хойно урдаа орох нь яахав. Морь мэддэг дэлхийн улсад бол энэ их эвгүй харагдана.  Дэлхий нийтэд буруу харагдана, буруу ойлголт өгнө. Ямар морины соёлгүй улс вэ гэж гайхна.

-Эрлийз адууг аль хэдийнээс уралдуулж л байсан биз дээ, манай монголчууд?

-Тийм л дээ. Тэхдээ энийг хоёр гуравдугаар үеэс нь эхэлж уралдуулна гэсэн дүрэм журам гаргахгүй бол болохгүй ээ. Монголд морь уях хүн улам бүр ховордоно.

- Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг ММСУХ бүрэн хариуцдаг болсон. Бас шилдэг унаач хүүхдэд спортын дэд мастер, мастер болгож байна. Ер нь унаач хүүхдийн асуудал холбооны бодлогын гол цөмд байдаг л даа.

-Халуун нар, хүйтэн бороо... тэр л бартаа саадтай зам, хатуу ширүүн тэмцлийг туулж ирдэг хүүхдээ ингэж анхаарч байгаа нь хамгийн зөв.  Улсын наадамд уралдаж байгаа хүүхдүүдийг даатгалд хамруулаад зогсохгүй цол зэрэг өгч байгаа нь үнэхээр нүдээ олсон хэрэг. Урьд өмнө хэзээ ийм юм байлаа. Харин энийг цаашид улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх хэрэгтэй.

-Яаж төгөлдөржүүлнэ гэж?

-Хурдан морины хүүхдүүдийг гадаад дотоодод сургаж бэлтгэн жокей болгох хэрэгтэй. Тэр дундаас сайн уяач, дасгалжуулагч ч гарна. Гадаадаас авчирч байгаа энэ олон сайхан адууг дэмий хадгалаад байх уу? Монголд морин тойруулга хийх цаг нь болсон.

-Амжилт үзүүлсэн хүүхэд, үүхэдгүй алдар цол авдаг боллоо. Алдар цолны тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Унаач хүүхдүүд хэзээ байтлаа спортын мастер, дэд мастер болж байлаа. Энэ бол манай Уяачдын холбооноос хийж байгаа том ажил. Холбооны ажил нэг үеэ бодвол сайхан боллоо. Хүүхэд, эзэд бол болж байгаа юм. Цол шагналаа аваад... Тэрний цаана уяачид үлдээд байна.  Хүний  морийг уяж хурдлуулдаг олон сайхан уяач байна. “Дааган” Цэндээ, Ононгийн хүү Батбилэг гэхчилэн олон сайн уяач бий. Гэтэл бүртгэл дээр хэний нэр дээр бичигдсэн байна, тэр хүн, тухайн морины эзэн л гол алдар цолыг хүртээд уясан хүн “цоорхойд” үлдээд байгаа юм.

-Тэгэхлээр яана гэсэн үг вэ?  Уяач гэдэг тухайн морины “судсыг барьж” байгаа гол хүн биз дээ? 

-Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, морийг хурдлуулдаг  тэр уяачийн хөдөлмөрийг үнэлэхгүй орхиж  боломгүй санагддаг. Тэдэнд зориулж  “Цол” бий болгох хэрэгтэй. Миний бодлоор “Хүлэгч” гэсэн цолыг бий болгомоор санагддаг. Тэгэхийн бол эздийн дунд биш, уяачдын дунд өрөсөлдөөн гарч, улам чанаржина.

-Улам чанаржина гэсэн чинь яг юу гэсэн үг вэ?

-Ийм цол бий болсноор адуугаа, хурдан хурц морио хайрлаж хамгаалах хөшүүрэг  бий болж байгаа юм. Одоо бол нэг мотоциклийн байтай уралдаанд ч юм уу юунд хамаагүй аваачиж тавиад хөл гарыг нь аваад байгаа юм. Жаахан жуухан бай шагналын төлөө биш, морины хөгжлийн төлөө ажил үйлс нь илүү чиглэгдээд ирнэ.

-Монголд морин тойруулга бий болох цаг нь болсон гэж  та түрүүнд дурьдлаа. Энэ сэдвээ жаахан дэлгэрүүлж ярих уу?

-Гадаадаас орж ирсэн цэвэр үүлдрийн адууны үр төл энэ жил соёолон настай болж байгаа юм. Морин тойруулга гэдэг үзэгчдэд хамгийн ойр, гараанаас нь бариа хүртэлх бүхий л үйл явцыг харж болдог.  Энэ нь манай хот суурин газрынхныг моринд дуртай болгох, монголоо мэдэж, мэдрэх илүү  боломжийг  олгоно. Нөгөөтэйгүүр морин тойруулга бол мөнгө олох том “машин”. Морин тойруулгыг Холбоо өөрөө бий болгох хэрэгтэй. “Чингис хаан” нэртэй морин тойруулгыг Монголд бий болгочихвол миний хувьд үзэх ёстой юмаа үзлээ л гэж бодно. “Морьтон монгол” гэдгээрээ алдаршсан улс оронд маань ийм тойруулга зайлшгүй байх ёстой.

-Таны хувьд ММСУХ-ноос нэн түрүүнд хийгээсэй гэсэн ямар ажил байна вэ?

-Хурдан морийг, тэр тусмаа гаднаас орж ирж байгаа цэвэр үүлдрийн болон эрлийз адууг паспортжуулах ажлыг нэн даруй хийх нь зүйтэй .

-Хурдан морины уралдааны зам гэдэг юунаас ч чухал. Улсын наадмын уралдааны зам, Хүй долоон худгийн тэр л хэсгийг  ММСУХ санаачлан төрийн хамгаалалтанд  авсан. Энэ замыг яаж сайжруулах ёстой вэ?

-Миний бодлоор одоо морь уралдаж байгаа замын хойд талын айлуудыг нүүлгэх хэрэгтэй.  Одоо байгаа засмал замын дагуу морьдоо уралдуулах нь зүйтэй санагддаг.  Морь дагаж яваа машинууд засмалаараа явж, тоос шороо босохгүй аятайхан болох юм уу гэж боддог. -Улсын наадмын уралдааны замыг  ММСУХ өөрийн хамгаалалтандаа авсан нь маш зөв зүйтэй алхам. Монгол үндэстний соёлыг авч үлдэхийн тулд Холбооноос хийж байгаа томоохон ажлын нэг гэж хувьдаа үзэж байна.

-Хүүхэдгүй морийг тав ухраадаг нь арай хатуудсан санагддаг уу?

-Үгүй. Энэ бол зөв шийдвэр. Харин барианд орж ирэхийн өмнөхөн буюу бариачийн адагт морь шургачаад унавал унаач хүүхэд нь хазаараа бариад гүйгээд ороход тэр морийг барианд орсноор тооцдог журам байсан юм билээ. Унаач хүүхдүүдүүдийн тухайд би бас бодож явдаг зүйлээ хэлмээр санагдлаа.

-Тэг тэг, таны үзэл бодлыг л сонсох гэж зорьж ирсэн шүү дээ.

-Хурдан морь унаач хүүхдүүдэд ММСУХ-ноос алдар цол өгдөг, тэдний төлөө анхаарч, багагүй зүйлийг хийдэг болсон. Энэ их сайн хэрэг. Харин үүний хариуд тэд хариуцлагатай, сахилгатай, үүрэгтэй байх ёстой. Хүүхэд ороолгодог, зэрэгцээд ирж байгаа морины хамар дух руу ташуурддаг, барианд орохын үед зэрэгцэж яваа морины цулбуураас угзардаг гэхчилэн зохисгүй явдал харагддаг. Үүнийг харгалзан тэр онооноос нь хасдаг, дүгнэдэг, хариуцлага тооцдог журам хэрэгтэй.  Спортын мастер гэдэг том цол. Уяачтай нь, эзэнтэй нь тооцоо хийсэн ч буруудах юм байхгүй.

-Энэ жил “Их хурд” уралдаантай. Энэ уралдаанд уяачид хамаг л эрдмээ гаргана даа?

-“Их хурд” уралдааныг хойшид заавал энэ нэрээр нь явах шаардлага байна уу гэж боддог. “Хурдан морины олимп” гэсэн ч болохгүй юмгүй. Гадаадын хэн ч сонссон ойлгохоор,  сортосхиймээр нэр өгмөөр санагддаг.

-Энд тэнд жижиг уралдаанууд их болдог болжээ. Энэ зөв үү?

-Буруу юу байхав. Тэхдээ хумих хэрэгтэй. Холбоо энд бодлого барих хэрэгтэй. “Хурдан дааганы уралдаан” гэчихээд хэсэг бүлэг улс мөнгө олоод, бизнес хийгээд байж таарахгүй. Холбоо тэндээс хувь авдаг байх хэрэгтэй.

-Морины уралдааны бай шагнал хэтэрхий өндөр болсон нь морь уях үндсэн язгуур өв соёлтой харшилдаж байна гэж шүүмжлэх хүн байдаг. Энэ асуудал дээр таны бодол?

-Улсын наадмын бай шагнал бол өндөр байх хэрэгтэй. Тэр тусмаа азарга, их насны моринд бол томоохон шагнал өгөх хэрэгтэй. Тэрийг зөв ойлгуулж, зөв ухамсруулах хэрэгтэй. Монголын үндэсний том соёл, үндэс язгуурын бодлого шүү дээ, морь уяж уралдуулах гэдэг. Анхан 1993 онд Л.Энэбиш дарга Улсын наадмын зургаан насны түрүү морьдын эздийн Төрийн хүндэтгэлийн цайллаганд урьж оролцуулсан юм. Одоо яадгийг мэдэхгүй. Бараг больсон байх. Түрүүлсэн хүүхэд, зургаан насны морины эзнийг  Төв асрын индэр дээр нэг гаргаад төр засгийн тэргүүнүүд нэг гар бариад, баяр хүргэчих хэрэгтэй юм, уг нь.

-ММСУХ энэ жилийг салбар холбоодоо дэмжсэн жил болгож байгаа. Хөдөөгийн салбар холбоод яаж ажиллах нь зүйтэй санагддаг вэ?

-Төв холбоо шигээ л ажиллах хэрэгтэй. Мөнгө санхүү босгох, уралдаан зохион байгуулах зэрэгт бол төв холбоо магад нэг гаршлаа шүү дээ.

-“Хөдөө орон нутагт болж байгаа бүсийн уралдаануудад хот газрын алдартай том уяачид тэжээлтэй морьдоо ачиж ирж уралдаад хамаг айраг түрүүг нь авчих юм” гэсэн гомдол их гардаг болтой юм. Нутагтаа ганц болж байгаа наадамд амжилт үзүүлж чадаагүй уяачдын л үг байх л даа?

-Энэ үнэхээр үнэн үг. Бодит байдал тийм л байгаа. Энэ чигээрээ яваад байвал хөдөөд морь уядаг хүн улам бүр цөөрнө. Эндээс үүдээд монголын үндэсний соёл, өв уламжлал алдагдах аюултай. Энэ бол ноцтой асуудал. Үүнийг нэн даруй зохиуцуулах хэрэгтэй. Миний бодож явдаг бас нэг зүйл гэвэл хөдөөд байгаа уяачдаа дэмжих, шагнах урамшуулах асуудал. Орон нутагтаа сайхан уралддаг хэр нь улсын алдар цолонд хүрч чадаагүй 60-аас дээш насны уяачдад “Хүндэт уяач” олгомоор санагддаг. Үүнийг холбоо бас бодолцох л хэрэгтэй.

-ММСУХ олон мянган гишүүнтэй, өргөн цар хүрээтэй бодлого явуулдаг ч ажлын албаны бүрэлдэхүүн нь их цомхон шүү дээ. Тэр бүрт бас хүртэж чадах нь юу л бол?

-Холбоо сайн ажиллаж байгаа. Уяачид ч ам сайтай байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга дэргэдээ нарийн бичиг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүч хүрэхгүй. 

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
МОНГОЛ УЛСЫН 2016 ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА МОНГОЛ УЛСЫН 2016 ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА
Хурдан морь уралдаанч хүүхдүүд байраа гардан авлаа МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан , Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  ар гэрийнхэнд гардуулан өглөө.